Д.Бямбасүрэн: Бидэнд гаднын колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдлээ

11-3-yaty-750x400Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

–Манай улс эдийн засаг, улс төрийн хям­ралын хүнд үед байна. Хоёр сар хүрэхгүй хуга­цааны дараа шинэ он гарна. Нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна?

–Монгол орны өнөөгийн байдлыг томоор харах шаардлага бий болоод байна. Нэг талаас бид ардчиллын замаар 25 жил явлаа. Энэ замаар явахад өмнө нь үзээгүй олон зүйлийг тууллаа. Мэдээж ололт их бий. Гэхдээ нийгмийн замнал гэдэг өөрийн бартаатай, хир тоостой байдаг.

Энэ дунд өөрийгөө үргэлж хянаж, цэвэрлэж явахгүй бол болохгүй. Бодоод байхад бид зөвхөн эдийн засгийн хувьд биш улстөр, нийгмийн хувьд эргэж хянууштай, бодууштай байдалд хүрээд байна. Эдийн засгаас эхлээд яривал сүүлийн 7-8 жил 2008 оноос хойш явуулсан төрийн бодлого Монголын эдийн засгийг үндсэнд нь улстөрийн барьцаанд оруулж золиос болгосон. Дээр нь нийгэмд үүссэн янз бүрийн шударга бус явдал, эрх мэдэлтнүүдийн дураар авирлах явдлаас эдийн засаг маань хүнд байдалд орлоо. Би 2020 оноос нааш эдийн засаг маань өндийхөд хэцүү боллоо гэж бодож сууна.

–Ингэж үзэж буй эдийн засгийн үндэслэлүүдийг тодруулж болох уу?

–Энэ олон зүйлээр нотлогдоно. Юу гэвэл, улсын төсөв маань эдийн засгийн даацаасаа хэтэрч, сүүлийн 8-9 жил дандаа архаг алдагдалтай явж ирлээ. Улсын төсвийнхөө орлогоос бараг 10 гаруй хувиар давсан зарлага төлөвлөдөг. Тэрийгээ эдийн засаг нь даахгүй ийм байдалд орлоо. Нөгөө талаас, өр зээлийн асуудал байна. Эрх мэдэлтнүүдийн хэтэрхий дураар аашлах явдал хавтгайрснаас болж, Монголын өр одоогийн төр, засгийнхны хүлээн зөвшөөрч байгаагаар 21 тэрбум, хэрэв Оюутолгойн нөөцийг барьцаанд тавьж, хүнд аваад өгчихсөн зээлээ давхар тооцоод үзвэл, 27-28 тэрбум ам.долларын өртэй боллоо. ДНБ–ээс хоёр дахин давсан өр. Энэ талаас авч үзвэл, манай улс Грекийн юм уу, Украины араас ороход бэлэн болчихоод байна. Украины өр бас ч гэж манайхыг бодвол бага юм шүү дээ. Тэгэхээр улс дампуурлын ирмэгт очлоо гэсэн үг. Ирэх оноос Монгол Улс өрөө төлж дийлэхгүй байдалд ороод байна. Дээрээс нь эдийн засгийн гол салбаруудад шинэ хөрөнгө оруулалт, ирээдүйд түүнтэй өрсөлдөхүйц ямар нэгэн дорвитой өсөлт өгөхүйц бэлдэц байхгүй. Иймээс бид хүнд байдалд орж байгаа юм.

–Манайхан тайлбарлахдаа арай өөрөөр, тухайлбал дэлхийн зах зээл дээр Монголын экспортын барааны үнэ унаснаас ийм байдалд орлоо гээд байгаа. Энэ талын нөлөөллийг Та ямраар харж байна?

–Олонх нь тэгж хэлж байна л даа. Гэхдээ уул уурхайн салбар руу шунаж, түүн рүү хамаг хөрөнгө оруулалтаа хийж, тийшээ зүтгэж байхдаа эрсдэлтэй, долгион ихтэй хүнд салбар гэдгийг нь бүгдээрээ ойлгож байсан, харж ч байсан. Гэсэн атал тэр чигээрээ явсаар ийм байдалд орлоо. Энэ дахиад л Монголын төрийн бодлогын хүрээний асуудал. Ер нь Монголын эдийн засаг өөрийн дотоод хуримтлалаар жилдээ 6-7 хувийн өсөлт үүсгэх чадвартай. Гэтэл бид хийсвэр 17 хувь, түүнээс дээш гэхчлэн ярьж хоосон гүйгээд байдаг. Үндэсний эдийн засаг өөрөө өөрийгөө тэтгэж авч явдаг байтал гадны хөрөнгө оруулагчдын гарыг харж, тэдэнд ая тал засч үйлчилнэ гэдэг зарим талдаа хортой нөлөөтэйг бид өнөөдөр харж байна. Муу дээр муу, муухай дээр улцан нэмэр гэж эдийн засгийн энэ алдаатай бодлогод хамгийн их нөлөөлсөн зүйл бол Оюутолгойн асуудал. Оюутолгой Монголын эдийн засгийг өөд нь сэвхийтэл татаад явчих төсөл байсан. Гэтэл анхнаасаа Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг дулдуйдаж тэдний эрхшээлд орсноос болж одоо тэндээс орж ирэх юм тун хомс болсон. 2037 он хүртэл бид ашиг хувааж чадахгүй болчихсон. Үүнийгээ эрх мэдэлтнүүд тухайн үедээ мэдэхгүй биш мэдэж байсан. Олон нийт ч дуугараагүй биш дуугарсан. Олон түмнийхээ үгийг сонсохгүй, зөвхөн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий эрх мэдэлтнүүд хувийн эрх ашгаа бодсноос ийм боллоо.

–Одоогоос жил гаруйн өмнө эдийн засаг хүндэрч болзошгүй боллоо гээд шинэ Засгийн газар томилсон. Ололт ер нь байсан уу. Эрх барьж байгаа улс төрийн намуудад Та ямар дүн тавих вэ?

–Томилсон дүр зургаасаа эхлээд тун сонин шүү дээ. 2008-2012 оны хооронд Ардын нам толгойлж, АН халаасанд нь хавчуулж явсаар эдийн засгаа унагаасан. 2014 оноос юу болов гэвэл, АН нь толгойлж, МАН нь ороод бас л бодлого явуулах гээд бүтсэнгүй. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын улс төрийн хоёр том намын аль нь ч үндэснийхээ эдийн засгийг аваад явах чадваргүй. Хоёулаа нийлээд ч энэ ачааг даахгүй гэдгээ харууллаа. Хажууд нь төр, засагт орж байгаа бусад улстөрийн хүчнүүд бий л дээ. ИЗНН, “Шударга ёс” эвсэл байна. Төр, засагт оролцож буй улстөрийн энэ хүчнүүд өөрийн эрүүл саруул бодол, дуу хоолойг гаргасангүй. Хавчуурга улстөрийн хүчнүүд болж хувирлаа. Тэгээд л чамайг орхилоо, би өөр хүнтэй нийллээ гээд явдаг. За тэг дээ гээд л. Буцаж ирээд чамайгаа гуйхгүй бол болохгүй нь гэдэг. Эргээд за тэгье дээ гээд явдаг. Ийм ааш аяг нь тогтворгүй гэр бүлийн байдлаар явсаар бүх зүйл өнгөрлөө.

–Одоо сонгууль ойртож байна. Улстөрийн намууд бодлогоо тодорхойлж, чиглэлээ гаргах цаг болсон байлтай. Гэтэл 2012 оны сонгуулийн амлалтаа хэр биелүүлэв гэдэгт судалгаа, дүгнэлт хийж, дуугарч байгаа улстөрийн хүчин алга. Өнгөрсөн болон удахгүй эхлэх сонгуулийн зургийг Та юу гэж харж байна?

-2012 оны сонгуульд орсон мөрийн хөтөлбөрүүдийг нь аваад үзвэл, Ардчилсан нам ч, Ардын нам ч ялгаагүй нефть боловсруулах үйлдвэр байгуулна, төмөрлөгийн үйлдвэртэй болно, зэсийн үйлдвэр, цахилгаан станц байгуулна гээд амлаагүй юм байхгүй. Түүнээс нэг нь ч байхгүй. Саяхан цементийн үйлдвэр ашиглалтад орууллаа гээд сүр дуулиантай зарлана лээ. Тэр цементийн үйлдвэр биш. Цементийн глинкр буюу шатаасан чулуугаа гаднаас авч энд тээрэмдэх тухай л асуудал. Цементийн үйлдвэрийн гол зүйл нь шатаах технологи, түүнийхээ зардалд байдаг юм. Тэгэхээр манайхан гаднаас хараат байдлаа улам нэмэгдүүлж байгаа, дотооддоо байгаа өөрийн түүхий эдээ ашиглахгүй байна гэсэн үг. Үүний хажуугаар энэ жил цаг агаар хүндхэн, үр тариа бага авлаа. Өвөлжилт ямар болох нь вэ гэвэл мал аж ахуйн хувьд төвөгтэй байдал үүслээ. Малчид маань ХААН банкны өрөнд баглагдаж, төлгөн хонь нь 50 мянган төгрөг хүрэхээ больсон. Хөдөө орон нутагт бартрын худалдаа өргөжсөн. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын хөдөө аж ахуйн салбарт хямрал гүнзгийрлээ. Дээд талд байгаа төрийн бодлогоо аваад үзэхэд мөнгөний бодлогоо 2012-2013 оны үед нэг хэсэг садартал тавьж баахан инфляц үүсгээд хаячихсан.Түүнээс хэн хожсон нь тодорхой. Дотоодын үйлдвэрлэгчид энэ инфляциас юу ч долоогоогүй. Гагцхүү уул уурхайн компаниуд хожсон. Гадаад худалдаа 20-30 хувь унасан ч валютын ханш хоёр дахин сулрахад тэд л хожиж гарлаа. Нөгөө талд нь монголчууд хохирсон. Тухайн үед 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан хүн 200 ам.долларын тэтгэвэртэй гэж явлаа. Одоо бол тэр хүн 150 ам.доллартай хоцорч байна. Өөрөөр хэлбэл, бодит орлого нь 25 хувиар буурлаа. Ингэж монголчууд хохирч үлдлээ.

–Энэ байдлыг өөрчлөх асуудал чухал. Үүний тулд өнөөдөр УИХ–аар төсвийн тодотгол, 2016 оны улсын төсвийг хэлэлцэж байгааг Та ажиглаж байгаа байх. Нааштай зүйлүүд, харагдах юм уу. Салбарын яам нь ч, эдийн засагч гишүүд ч эр зориг шаардсан их сайн төсөв болсон гээд байгаа?

–Шинэ бодлого огт харагдахгүй байна. Ухаалаг төр ямар ч хямралаас эдийн засгийнхаа бүтцийг өөрчилж, тэр чиг баримжаандаа үйлдвэрлэлийнхээ бол технологид нь өөрчлөлт хийж гардаг. Нөгөө талаас төр засаг ухаалаг байхын тулд эдийн засгаа жолоодох, зохицуулах механизм, түүнийхээ архитектурыг өөрчилдөг. Гэтэл Монголын төр татварынхаа бодлогыг өөрчилж чадахгүй байна. Зээлийн хүүгийн болоод цалин, хөлсний бодлогоо өөрчилж чадахгүй байна. Эдийн засгийн ямар ч өөрчлөлт хийх чадвар алга. Яагаад гэвэл, 2013 онд хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гаргасан. Тэр АН–ынхны энэ үед үлдээсэн хамгийн том “нүгэл” болж хувирлаа. Тэр хуулиар бүх гар, хөлийг нь хүлчихсэн учраас одоо эдийн засгаа зохицуулах ямар ч боломжгүй. Ийм байдлаар 2016 оны төсвийн асуудал үндсэндээ шийдэгдэж байна. Ингээд бодоход эдийн засагт гэрэл гэгээ алга, байдал хүнд байна.

–Тэгвэл эдийн засгийн энэ хүндрэлийг давж гарах улстөрийн зориг, механизм манайханд байна уу?

–Одоо байгаа улстөрийн хүчнүүд аль нь ч бусдаасаа ялгарах юм алга. Бүдэг саарал харанхуй орчинд л байна. Дураараа авирлах, хууль мөрдөхгүй байх нь хэвийн үзэгдэл болж. Хамгийн наад захын жишээ гэхэд л, шинэ Засгийн газар байгуулагдсаныг хар. Газрын хэвлий дэх байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байна, төрийн өмч байна гэхэд нэг Ерөнхий сайд нь хэдэн компанийн захирал дагуулж очоод Оюутолгойн орд газрыг тэр чигээр нь гадаадын компанийн авсан зээлийн барьцаэанд тавьчихаад ирлээ. Ерөнхий сайд гэдэг чинь төр биш шүү дээ. Төр гэдэг чинь Засгийн газар нь, УИХ нь, Ерөнхийлөгч нь орж байж төр болно. Гэтэл эндээс эхлээд хууль зөрчөөд дураар аашилж эхэлсэн. Ингээд бодоход Монголд хууль дээдлэх ойлголт алга болж. Хамгийн сүүлийн баримт гэхэд л, сая УИХ дээр баахан яриа болсныг олон нийт харж, сонссон байх. Их хурал маань Үндсэн хуулийн цэцийг хахуульдлаа. Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах асуудал хэлэлцэхээр болтол Үндсэн хуулийн цэц нь болохгүй гэж дүгнэлт гаргасан. Уг нь болж л байсан шүү дээ. Ингээд харахад бид хаашаа явж байгаа нь тодорхой. Монголд хариуцлагын тогтолцоог бий болгохгүйгээр, улстөрийг эрүүлжүүлэхгүйгээр эдийн засгийг өөд нь татах боломж байхгүй.

–Сүүлийн үед алдаа завхрал, гажуудлыг засна гэхээр хүмүүс Үндсэн хуулийн тухай ихээхэн ярьж байна. Харин өөрчлөлт хаашаа явж, юунд хүргэх тухайд бүрхэг байна?

–Яриад байгаагийн гол санаа нь Ерөнхийлөгчөө Их хурлаас сонгодог болох тухай байх шиг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг Их хурлын 76 гишүүн сонгох нь л дээ. Тэгээд Ерөнхий сайддаа бүх эрх мэдлийг өгч тэр нь Засгийн газраа Их хурлын гадна байгуулаад явна гэнэ. Одоогийн Засгийн газрыг харахад, миний ойлгож байгаагаар гадаадын баяны гал тогооны өрөөнөөс гарсан Засгийн газартай байна шүү дээ. Үүнээс өөр эрх мэдлээр тоглодог Засгийн газар гэж хаа байхав. Монголын ард түмэнд өнөөдөр төрөө төвхнүүлэх маш том ганхашгүй үүрэг нь Ерөнхийлөгчөө сонгох шүү дээ. Ард түмэн нэг тойрог болж Ерөнхийлөгчөө сонгодог, итгэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийг Их хурлаас томилдог болох юм бол яах вэ. Их хурал гэдэг маань юу билээ. Ташаа төсөөллөөр бол Ардчилсан нам, Ардын нам хоёрын гол өрсөлдөөний талбар биш шүү дээ. Одоо Монголын улс төрийн тавцан дээр олигархиуд гараад ирлээ. Өмнө нь Монголын эдийн засаг, улстөрийн ашиг сонирхлыг зангидсан олигархи бүлэглэл гэж байгаагүй, одооны шинэ үзэгдэл. Гадны аж ахуй нэгжүүдийн сонирхол ороод ирлээ. Магадгүй гадны том гүрнүүдийн улстөрийн сонирхол ч энэ дотор ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй. Монголын улстөрд тоглогчид олон янз болж. Ийм нөхцөлд Монголын төрийг улам хэврэг болгож, Ерөнхий сайд гэж нэг хүн томилоод ард нь дураараа болдог бол бид Украиныг харж байна. Арсений Яценюк гэдэг хүнийг Америкаас авчирч томилоод нөгөөх нь юу хийж суугааг нь. Бид ийм байдал руу орж болохгүй.

–Ер нь тэгээд Монголын нөхцөлд гэрэл гэгээ байна уу?

–Миний харж байгаагаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч таван хуулийн төсөл өргөн барьсан. Захиргааны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хариуцлагын тухай хууль, Намуудын тухай хууль, Нийтийн хэлэлцүүлгийн тухай хууль гэсэн энэ таван хуулийн төслийг өргөн барьсныг УИХ батлаад явбал Монголд улстөрийн, хариуцлагын эрүүл орчин бүрдэхэд тустай. Хамгийн чухал алхам. Гэтэл хараад байхад УИХ тэр хуулийн төслүүдийг хэлэлцэх сонирхолгүй. Магадгүй хэлэлцэхгүйгээр дараагийн сонгуульд орж ч болзошгүй. Ийм байр суурь баримталж буй улстөрийн хүчнүүд өнөөдөр Монголын улс төрийн тавцангаас буух цаг нь болжээ. Тэгээд цааш явахад энэ ялзрал, доройтлыг гэтэлж эрүүл зам сонгох асуудал л чухал. Тэгж чадахгүй бол улс орны хувь заяа хоёр хаалгаар л гарна. Нэг нь гадны ашиг сонирхолтнууд юм уу компанийнхан төрийн нуруун дээр мордож аваад колончлолын талбар болгож гаднын компаниудад мөлжүүлчихээд гаслах дуугаа дуулаад сууж байдаг улс болж хувирна. Нөгөө зам нь нийгэм шударга бус байдал , олхиогүй явдлын эсрэг хүчтэй тэмцэх юм бол сөргөлдөөнд орох аюултай. Энэ хоёр аль нь ч хүсүүштэй зүйл биш. Эрүүл саруул ухаанаар Монголын улс төрийг эрүүлжүүлэх нь л чухал. Өнөөдөр сонгууль ойртсон үе. Улс төрийн хүчнүүд миний байр суурийг янз янзаар харах байх. Миний бодоход, өөртөө шүүмжлэлтэй хандахгүй, өөрийн арчаагүйг тольдохгүй бол гаднын хэн ч ирээд “Чи яагаад ингэдэг юм бэ” гэж хэлэхгүй. Магадгүй гаднын хөрөнгө оруулагч гээд манайхны шүтээд байгаа дотор ихэнх нь луйварчид, олонх нь Монголоор дамжиж хөлжихийг хүсэгчид яваа. Тэд харин ч урьдхаа яая гэж байхад дээрээс нь нэрмээс болно. Улстөр, эдийн засагт сүүлийн үед тод харагдаж байгаа бас нэг зүйл бол өөрсдөө хувь заяагаа тэтгэж, эдийн засгаа өөрийн хөдөлгүүртэй болгож хөгжүүлэх бодлогоос илүү гаднын хөрөнгө оруулалт, гаднын зээл гэж ярьдаг хүн олон болжээ. Гаднын хөрөнгө оруулагчдын төлөө гэж орилж хашгичдаг,тэгээд бүх сонин хэвлэл, цахим хуудсууд, телевизээр ярьдаг болж. Тэдний цаана их тодорхой сонирхол байна.

–Тухайлбал?

–Гаднын хөрөнгө оруулагч гэдэг тохиолдлын хүмүүс, тэд Монголын боловсруулах үйлдвэр юм уу, багаж хэрэгслийн үйлдвэрт хөрөнгө хийгээгүй шүү дээ. Ердөө л Монголын уул уурхайг сонирхож, баялгийг нь цөлмөх гэж ирж байгаа. Тэдний хахуулиар амьдардаг, тэдэнд үйлчилдэг түшмэдийн бүлэг Монголд бий болсон нь бодит аюул. Хоёрдугаарт, гаднын хөрөнгө оруулагчдад үйлчилж, тэдний гарыг долоож амь зогоодог, манай Ерөнхий сайдын хэлдэгчлэн хаялгыг нь авч амьдардаг компаниуд, үйлчлэгчид бий болжээ. Гуравдугаарт, гаднын хөрөнгө оруулагчдын Монгол дахь бие төлөөлөгч болж, тэдний өмнөөс ухуулга хийдаг, эрх ашгийг нь хамгаалдаг лобби бүлэг, төрийн бус байгууллага хүртэл бий болоод байна. Дөрөвдүгээрт, тэдний захиалгаар Монголд хууль гаргадаг, тэдний төлөө Их хурлын гишүүнийхээ товчийг дардаг, тэдэнд үйлчилж хуулийн төсөл хийдэг төрийн түшээд бөөн бөөнөөрөө байна. Ийм замаар явж бид хямралаас гарахгүй.

–Тэгвэл ямар гарц байна?

–Үндэснийхээ эдийн засагт түшиглэсэн, өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан, дэлхийн зах зээл дээр боломжийн үнэ хүрэх баялаг бүтээж байж бид хямралаас гарна уу гэхээс биш гаднын хэн нэгэн баян ирж Монголыг өөд татах тухай асуудал байхгүй. Иймэрхүү үлгэр ярьж байгааг эдийн засгийн алуурчдын сүүлийн үед Монголд хэрэгжүүлж байгаа номлол гэж үзэх хэрэгтэй. Үүнийг бид гэтлэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ҮЛ-ОЛДОХ


URL:

Сэтгэгдэл бичих