“Монгол ялсан” гэдэг нь Монголоо ертөнцөөс тасална гэсэн үг биш

1640Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтад оролцохгүй гэх мэдээний доорх комментууд.

  • Боловсролгүй,англиар А-гүй нэг хямдхан Орос маягийн жүжигчин НҮБ-ын индэр дээр үсрэн гарч цэцэгтэй жүжиг тавиад дэлхийг хуурч чадахгүйгээс хойш очоод хэрэггүй л дээ.Хүмүүсийг яс үндсээр ялгах үзлийнх нь талаар хэвлэл мэдээллийнхэн заавал сонирхоно.Аягүй бол Дон Корлеоне гэж дуудаж доош чихнэ.
  • Монголын нэн шинэ түүхэнд бүх ерөнхийлөгчид НҮБ-ын Ерөнхий ассамблейд улсаа төлөөлөх зайлшгүй үүргээ ухамсарлаж байсан юм шүү!!!!! Энэ гахай eр нь 4 жил Оросоос өөр улсад очихгүй бололтой.
  • Тэнд жудо,самбо ярих хүн ховор л доо,хориг арга хэмжээ,цөмийн зэвсгийг хязгаарлах,энхийг сахиулах,зэвсэглэлээр хөөцөлдөхийг хязгаарлах,хүүхдийн төлөө за гэж хэлцгээе,хүүхдийг хүчирхийллээс хамгаалья,жендерийн тэгш эрх мэрх гээд шал харь гаригийн ойлгомжгүй,баньдийн юм ярьдаг газар Женко ахадна л даа,тэгсний оронд дахиад Владивосток явсан нь дээр.
  • Очлоо гээд юу еерчлегдеж гийгvvлж байсан юм. Худлaа дүр эсгэгчид хийх ч ажилгvй цаг нехцееж менге үрэхийн  тулд зугаа цэнгэл хееж очдог байсан нь vнэн юм чинь. Очихгvй байлаа гээд бас юу еерчлегдех юм. Шал утгагvй байгууллага болоод байгаа. Монгол НYБ-ээр дутахгvй, харин НYБ монголоор дутах нь энүүхэнд  гэдэг нь удахгvй мэдэгдэнэ биз.
  • НҮБ хэрэггүй гэж бодож байгаа хүмүүс минь ертөнцөөс ийм тасархай байж болохгүй л байх даа.
  • Өмнө жил болгон очдог ерөнхийлөгч нар Монгол улсад хэрэгтэй ажил амжуулж ирснийг нь санахгүй юм байна. Нээрээ Элбэгээ нэг удаад нь Обамаагаар нүүрээ таглуулж зураг авахуулсан байх!

Энэ сэтгэгдлүүдээс  “Монгол ялна” гэх уриатай сонгуульд оролцсон Х.Баттулгын төлөө саналаа өгсөн ба өгөөгүй сонгогчдын ялгааг түвэггүй анзаарч болно.

 Түүнд саналаа өгөөгүй сонгогчид боловсролгүй,бөх ярихаас мэдэхгүй, Оросод л ганцхан талтай гэж үзсэн хэвээр байхад “Монголыг ялуулсан” жинхэнэ фанатууд нь Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгыг “зугаа цэнгэл хөөж НҮБ-д очихгүй хүн” гэж тодорхойлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх энэ  сарын 19-25-ны өдрүүдэд Нью-Йорк-т болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дахь чуулга уулзалтад томилолтын мөнгө хэмнэх зорилгоор очихгүй гэжээ.Энэ нь мэдээж шалтгаан биш шалтаг. Хэдий эдийн засаг хямарсан ч Ерөнхийлөгчөө гадаад явуулах мөнгөтэйгээ байлгүй яахав.

Сэтгэгдэл үлдээсэн  иргэний бичсэнчлэн ардчиллын түүхэнд Ерөнхийлөгчид бүгд НҮБ-д улсаа төлөөлөх үүргээ сайн биелүүлэхийг хичээж иржээ . Соц үед  1967 онд Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал  НҮБ-ын ерөнхий ассамблейн 1967 оны чуулганд оролцож байж. Ардчиллын түүхэнд П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр бүгд л оролцжээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголыг оролцуулах талаар нэлээд идэвх зүтгэл гаргаж амжилт олж байв. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд бараг шат алгасахгүй, бүх хурал чуулганд оролцож,” Монгол бол ардчилсан улс, амжилт олж байгаа” гэх пиарыг маш сайн хийдэг байсныг бид мэднэ.Ямартаа л  Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа “Худлаа үнэн ч ардчилал ярьдаг Эбэ нь дээр байжээ” гэсэн яриа сонсогдохов.

Монголын ард түмэн ядуу, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ нь доголдолтой гэх зэргээр наад захын хүний эрхийн асуудал зөрчигдсөөр байгаа нь үнэн. Төр, засаг нь авлигад идэгдсэн,төрийн түшээд нь улстөржих, хувиа  бодохоос өөрийг бараг хийдэггүй Монгол дэлхийн хамтын нийгэмлэгт итгэл дүүрэн байгаагаараа асар  боломжуудыг эдэлж байдаг.

Дэлхийн II дайны өмнө дэлхийн дэг журмыг зохицуулах үүрэгтэй Үндэстнүүдийн лиг хэмээх байгууллага үүргээ гүйцэтгэж чадалгүй дайн гаргуулсан учир дайны дараа эв хамтыг сахих өөр механизм хэрэгтэй болжээ. Тэр нь НҮБ. 1945 онд дайнд ялсан орнуудын малгай дор байгуулагдсан НҮБ-д Монгол Улс 1961 онд элссэн түүхтэй. Есөн удаа өргөдөл өгч, дөрвөн удаа хэлэлцүүлсний эцэст Монгол НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор тусгаар тогтнолоо дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, олон улстай дипломат харилцаа тогтоох,эдийн засаг, улстөрийн бүхий л асуудлаар хамтын нийгэмлэгийн нөмөр нөөлөгт аж төрөн суух  болжээ. НҮБ-ын бүрэн эрхэт гишүүний хувиар Монгол Улсад НҮБ, түүний системийн байгууллагуудаас  1963-2003 оны хооронд гэхэд л  260 сая ам.долларын тусламж үзүүлжээ. Хүмүүнлэгийн, эдийн засгийн, зуд гамшгийн хохирлыг барагдуулах, хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангах  гэхчилэн олон чиглэлээр үзүүлж ирсэн шууд ба шууд бус тусламж дэмжлэгийг тоочивч барагдахгүй. НҮБ-ын системийн байгууллагууд ЮНЕСКО, ДЭМБ, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, ЮНИСЕФ-тэй идэвхтэй хамтран ажиллаж, олон ч асуудлаа шийдүүлсэн. “Монгол ялсан” учраас НҮБ-ыг Монгол тоохгүй байх учир шалтгаан нэгээхэн ч үгүйн дээр ардчиллын гэх ороо бусгаа жилүүдэд НҮБ Монголыг дэлхийд таниулж, гаргаж, дэмжиж, гол нь үзэл санааг нь бид ардчилалдаа “ашиглаж” ирсэн. Тиймээс “Монгол ялах” тусам Монгол НҮБ-тэй ойр байх учиртай. Хоёр их гүрний дундах ядуу буурай орны хувьд НҮБ Монголыг газар нутгийн хил хязгаараас гаргаж, олон улстай хамтач байх боломжийг өгдөг утгаараа НҮБ бол Монголын эрх ашиг.

Монголын үе үеийн төр, засгийн удирдлага НҮБ-ын ерөнхий ассамблэйгээс эхлээд томоохон хурал чуулгануудад оролцохдоо  хэлэлцэж буй асуудлаар улсынхаа байр суурийг илэрхийлэх, улсынхаа эрх ашигтай холбоотой асуудлаар санал оруулж дэмжүүлэх, ардчилсан, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлж буйгаа илэрхийлж иржээ. Энэ нь  өөрөө дэлхий дахинд илэрхийлж буй том улстөр. НҮБ-ын ассамблей, чуулган бол дэлхийн хамтын нийгэмлэгийн  индэр бөгөөд Монгол Улс  дэлхийтэй хамт байгаагаа илэрхийлэх боломж тэнд л гардаг гэсэн үг.

 1961 он хүртэл Дундад иргэн улс буюу одоогийн Тайвань Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч Монгол НҮБ-д элссэнээр бүр дэлхийд улсаа зөвшөөрүүлсэн түүхтэй. Энэ түүхийн эхлэл нь хүртэл Монгол жинхэнээсээ ялах тусам НҮБ-д байр сууриа бататгах ёстой л гэсэн үг.

“Монгол НYБ-ээр дутахгvй, харин НYБ монголоор дутах нь энүүхэнд  гэдэг нь удахгvй мэдэгдэнэ биз” хэмээн коммент бичигчид хандаж  хэлэхэд Монгол НҮБ-гүй бол чи омогших ч  эрхгүй л болно.

“Монгол ялна” гэсэн уриагаар Монголыг ялуулчихдаггүйг харуулах гээгүй л юм бол дараагийн удаа шалтаг заалгүй хуралдаа очих хэрэгтэй,Ерөнхийлөгчөө гэж бас хэлье. Хэрвээ НҮБ-ын чуулганд очсон бол олон улсын төр, засгийн тэргүүнүүдтэй уулзах боломжтой. Монголоо төдийгүй өөрийгөө ч рекламдах алтан боломж. Энэ боломжийг өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж огт алддаггүй байснаас суралцах хэрэгтэй. Бид Элбэгээг шоучин гэдэг байсан. Мэдээж хэтрүүлдэг байсан. Гэхдээ Ц.Элбэгдоржийн  гадаадад очиж шоуддаг байсныг нь үгүйлтэл битгий бас шоуд Ерөнхийлөгчөө.

     Т.Үлэмж

gereg.mn


URL:

Tags:

Нэр: дорж Огноо: 22 September 2017

Бөөн мөнгө үрж очдог Элбэгийг НҮБ-д үг хэлэх гэхэд нь танхимд суух хүн олддоггүй учир МУ-ын элчин сайд гадны төлөөлөгчдийг царайялан манай даргыг үг хэлэх үед Та хурлын танхимд сууж өгөөч гээд гуйж явдаг байсан нь нууц биш.Бүр Европоос монголын олон элчингүүдийг Нью Иоркт Элбэг дуудан аваачижтэднээр гцйлгуулдаг байсан. ичмээр дамшиг даа.
Тулга ийм нөхцөлд очихгүй нь түмэн зөв.МУ-ын нэр хүнд ийм л түвшинд байгаа. Эхлээд нэрээ өөд татаад дараа нь гадуур хэсвэл дээр.НҮБ бол жижиг гүрэнд падлийгүй хүнд суртлын байгууллага. Томчуул дээгүүрээ бүхнийг шийдэж бага улсуудад огт хүртээлгүй газар. Тэнд очиж мөнгө үрээгүй нь Булгын ухаалгын шинж.

Сэтгэгдэл бичих