Мексикт 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ
МЕХИКО. /Ройтерс/. Өчигдөр Мексикийн өмнөд нутагт 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 119 хүн амиа алдсан нь тогтоогдоод байна гэж Их Британийн “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомт нь тус улсын нийслэл Мехико хотоос зүүн урд зүгт 100 орчим км зайтай орших Пуэбла мужид 51 км-ийн гүнд байжээ.
Байшин барилгуудын нурангинд дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа ид өрнөж байна. Газар хөдлөлтийн улмаас нийслэл хотод 2 сая орчим хүн гэрэл цахилгаагүй болж, үүрэн холбооны сүлжээ тасраад байна.
Гудамж талбайд хий алдагдсан байж болзошгүй учир гадаа тамхи татаж, ил гал гаргахгүй байхыг холбогдох албаны хүмүүс оршин суугчдад анхааруулж байна.
10 мянга орчим хүний аминд хүрсэн газар хөдлөлт болсноос хойш 32 жил өнгөрч байгаатай холбогдуулан нийслэл Мехико хотод өчигдөр газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах дадлага сургуулилт хийж байсан аж.
Газар хөдлөх үеэр түгшүүрийн дохио дуугарсан хэдий ч оршин суугчдын зарим нь үүнийг “сургуулилтын нэг хэсэг” гэж бодсон бололтой байна гэж орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна.
Мексик нь газар хөдлөлтөд өртөмтгий улсуудын нэг юм. Тус улсад энэ сарын эхээр 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 90 гаруй хүн амиа алдсан билээ. Энэ нь тус улсад сүүлийн 100 жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан юм.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: