31 дүгээр сургуулийн захирал хүүхдийн хоолны мөнгө завшиж байна
“Аса” циркийн хойно байрлах 31 дүгээр сургуулийн захирал Д.Чинбат сурагчдынхаа “Үдийн цай”-ны зургаан сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан хэмээн цайны газрынх нь түрээслэгчид мэлдээллээ. Тэрбээр тус сургуулийн цайны газрыг түрээсэлж сурагчдад хоол, цайгаар үйлчилдэг “Алтай зоог” ХХК-д улсын төсвөөс сар бүр олгодог гурван сая төгрөгийг шилжүүлэлгүй хоёр сар болж байгаа гэнэ. Тэр ч байтугай улсаас өгч байгаа хүүхдийн хоолны мөнгийг авъя гэж шаардахад сургуулийн байрнаас хөөсөн байна. “Алтай зоог” ХХК-аас өмнө 31 дүгээр сургуулийн цайны газрыг “Алтан бэгэр” гэдэг компани ажиллуулж байсан нь Д.Чинбат захирлын хувийн гэж болохоор компани юм. Учир нь түүний эхнэр Оюунгэрэл “Алтан бэгэр” ХХК-ийн ерөнхий нягтлан нь аж. Эхнэр нь сургуулийн дотоод ажлыг захирлаас нь илүү мэдэж, цайны газрыг өөрийн эзэмшил мэт ханддаг гэж ажиллагсад нь ярьж байна. Тэгээд ч цайны газрын ариун цэвэр, хоолны чанар тун муу байжээ. Сургуулийн багш нар нь захирал, түүний эхнэрийн хийж буй үйлдэлд дургүй байдаг ч өргөдөл, гомдол гаргахаар дээд байгууллагууд нь авч хэлэлцдэггүй. Тийм болохоор тэрүүхэн тэндээ арын хаалга сайтай юм гэж жиг жуг ярилцаж байгаад өнгөрдөг гэв.
“Алтайн зоог” ХХК өмнө нь Д.Нацагдоржийн номын сангийн цайны газрыг түрээсэлж ажилладаг байхад энэ оны есдүгээр сард 31 дүгээр сургуулийн сурагчдын хоол ундыг бэлдэж, нэр хүндийг маань өсгөөд өгөөч гэж бараг л гуйх шахуу авчирчээ. Гэсэн ч үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй байна. Анх гэрээ хийхдээ Д.Чинбат захирлын компани нь нэгэнт улстай гэрээ байгуулчихсан болохоор мөнгийг нь аваад дамжуулж өгч байя гэж тохирчээ. Гэсэн ч улсын төсвөөс өгсөн мөнгийг замаас нь авч, түрээсийн 400 мянга, тог цахилгааны 350 мянган төгрөгийг нэхэх болжээ. Гэхдээ хэл ам гарна гэж айсан уу, тогны мөнгийг өөрсдөө төлчихөөд дараа нь цайны газрын түрээслэгчдээс тэр мөнгийг байн байн нэхэх болсон байна. Б.Халиун захиралтай “Алтай зоог”-ийн тогооч М.Оюунгэрэл “Төрөөс өгөх мөнгөө авчихвал түрээс, тогны мөнгөө өгөхөд цааргалаад байх зүйлгүй. 31 дүгээр сургуулийн 400 гаруй сурагчийн хоол, цайны мөнгийг нөхөж өгөх байх гээд хоёр сар өөрсдөөсөө гаргасан. Тийм болохоор тог, түрээсийн мөнгөө өгөөгүй нь үнэн. Хэрэв Д.Чинбат захирал хэлсэн, ярьсанаараа улсын мөнгийг шилжүүлсэн бол бид зардлаа нөхөөд ямар ч асуудал гаргахгүй байсан” гэв. Тэгээд ч сүүлдээ лангуун дээрх бараагаа эргэлдүүлж, олсон ашгаараа сурагчдыг цай, хоолоор хангах болсон байна. Тус цайны газар энэ хоёр сард “Үдийн цай” хөтөлбөрийн мөнгөнөөс гадна долоон ажилтныхаа цалинг тавих гэх зэргээр багагүй зардал гаргажээ.
Энэ асуудлын талаар тус сургуулийн захирал Д.Чинбатаас тодруулахад “Тэр мөнгийг нь бол шилжүүлчихсэн байгаа. “Алтан бэгэр” компанийн дотоод асуудал юм шиг байна лээ. Өөрсдөө дотоод асуудлаа зохицуулж чадахгүй байж миний нэр хүндэд халдаж байна. Би зүгээр л түрээслэхэд нь зуучилж өгсөн төдий” гэж асуудлыг өөрөөсөө холдуулав. Харин “Алтан бэгэр”-т эхнэр нь ажилладаг эсэхийг асуухад “Надтай холбоотой нэг хүн бий” гэв.
“Алтай зоог”-ийн тогооч “Зургаан сая төгрөг шилжүүлсэн гэдэг нь худал. Бид “Алтан бэгэр”-ийн ажилчид биш, тусдаа компани. Тэгээд ч эхнэрийнх нь компани байхад албаар мэдэхгүй гэж өөрөөсөө зайлуулж байна. Хүүхдийн хоолны мөнгийг ичих ч үгүй авдаг хүн яаж захирал байж чадах вэ. Энэ сургуульд багш, манаач гээд Д.Чинбатын хамаатан олон хүн байдаг. Дээгүүр, доогуур хэлж яриад ч нэмэр алга. Тиймээс хэвлэл мэдээллийнхэнд хандаж байна” гэв.
Яг өнөөдрийн байдлаар сурагчдын амралт дуусч, хичээл нь эхэлсэн байгаа ч 31 дүгээр сургуулийн цайны газар ажиллахгүй, цоожтой байна. Д.Чинбат захирлын эхнэр “Алтай зоог” ХХК-ийг хэл ам гаргаад байгаа тул түлхүүрээ өг гэж нэхсээр байгаа аж. Тус компанийнхан одоогоор Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, БСШУЯ зэрэг байгууллагуудад хандаад байгаа боловч хэзээ шийдэгдэх нь бүрхэг хэвээр байна.
Б.Баяр 24tsag
URL: