Кобид хөл бөмбөгийн хаалгач болох ятгалга нэг бус удаа ирсэн гэдэг
Коби Брайнт бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг гэдгээ карьерийнхаа турш харуулсаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд албан ёсоор зодог тайлсан билээ. Тэрбээр нийт замналынхаа турш авсан оноогоороо супер тоглогч Майкл Жорданы амжилтыг гүйцсэн. Түүний олон аугаа тоглолтыг нь сагсан бөмбөг сонирхогчид мэдэх болохоор энэ удаад талбайн гаднах амьдралынх нь тухай та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.
Коби Брайнт ахлах сургуулиас коллежийг алгасаж, мэргэжлийн тамирчин болсон анхны хамгаалан тоглогч. Тэрбээр өөрийн ур чадвараа НБА-д амжилттай “нутагшуулж”, 24 насныхаа төрсөн өдрөөр аль хэдийнэ гурван ч аваргын бөгж халаасалсан удаатай.
Тэр 1978 оны наймдугаар сарын 23-нд Пенсильвани мужийн Филадельфиа хотод төрсөн. Эцэг, эх Жое, Пам нар нь Шариа, Шаяа гэдэг охидоо төрүүлснийхээ дараа Кобиг өлгийдөн авчээ. Тэрбээр айлын ганц хүү бөгөөд отгон нь юм. Брайнтынхан бусдын адил энгийн нэг гэр бүл байсангүй. Тодруулбал, эцэг Жое нь Филлигийн “John Bartram” ахлах сургуулийн домогт тоглогч байсан бөгөөд мэргэжлийн карьераа гурван өөр улсын лигт өнгөрүүлсэн гэдэг. Хоёр метр, зургаан см өндөртэй ч тэр холбон тоглогчийн байрлалд тоглох чадвартай байлаа.
Кобигийн аав, ээж нь Филадельфиагийн нэг хороололд ойролцоо амьдардаг байсан болохоор 1960 онд танилцаж, 1970 онд гэр бүл болжээ. Аав нь сагсчин байсан болохоор хүү нь энэ спортод дурлахаас ч аргагүй байв. Коби хорвоод мэндэлснээс жилийн дараа аав нь солилцоогоор Сан Диегод ирсэн байдаг. Харин гурван настайгаасаа НБА-гийн од болох мөрөөдлөө хүмүүст ярьдаг байжээ. Тэгээд ч жаал хүүгийн мөрөөдөл зөнтэй байсныг одоо цаг гэрчилж байна.
1982 оны зун Жое “Рокитс”-т орсноор тэдний гэр бүл Хьюстон рүү нүүжээ. Илүү цалин авахын тулд амьдралынхаа төлөө хийсэн аавынхаа шийдвэрийг тэр ойлгосноос гадна НБА-д илүү татагдаж байлаа. Түүний дуртай тоглогч нь аавтай нь адил хүчний довтлогч баймаар биетэй ч холбогчоор тоглодог Мэжик Жонсон байв. Түүний тоглолтын хэв маяг, хожил байгуулж буй зэрэг нь залуу хүүд нөлөө үзүүлж, “Лэйкерс” дуртай мэргэжлийн баг нь болсон юм.
Жоеийн гэр бүл Хьюстонд нэг л улирлыг өнгөрүүлсэн. Рокитс түүнтэй шинэ гэрээ байгуулахгүй гэхэд нь тэрээр Италийн “Rieti” багтай гэрээ үзэглэсэн юм. Брайнтынхны сагсан бөмбөгийн амьдрал үргэлжилсээр л…
Коби болоод түүний эгч нарт харь улс учир нь ойлгогдохгүй хэл байсан болохоор хоорондоо улам нэгдэх боломж үүсч байв. Тэд өдөр бүр хичээлийн дараа итали үг цээжилсээр хоёр сарын дараа гэхэд бараг чөлөөтэй ярьдаг болжээ.
Кобигийн амьдрал аавынхаа сагсан бөмбөгийн хэмнэлээр өрнөж байв. Тэр аавынхаа бэлтгэл хийж буй байдал, тоглолтыг нь байнга үзнэ. Тэр үед аавынхаа хөдөлгөөнүүдээс суралцаж, тоглолтыг нь дуурайхыг оролддог байлаа. Заримдаа тоглолтын хагас цагийн завсарлагаанаар талбайд өөрийн хүсэлтээр гарч шийд рүү бөмбөг шидэн фэнүүдийг хөгжөөх нь ч бий.
Аавынх нь тохолт, харахгүйгээр өгдөг дамжуулалт нь үзэгчдийг хөөргөж, чих дүлийрэм хашгирахад хүргэж байгаа зэрэг нь бяцхан хүүд НБА-гийн мөрөөдлийн карьераа эхлүүлэх хүслийг улам төрүүлдэг байв. Гэсэн ч хөл бөмбөгт нэвт дурласан италичууд түүнийг өөр зүйлд уруу татахыг оролдож, урт гар, шалмаг хөдөлгөөн, үсрэх чадвар чинь чамайг дэлхийн хэмжээний хөлибөмбөгийн хаалгач болгоно гэж нэг бус удаа хэлж байжээ.
Коби эмээ, өвөөдөө үргэлж талархдаг. Тэд НБА-гийн тоглолтуудыг бичсэн хуурцгийг долоо хоног бүр Италид буй ачдаа илгээдэг байв. Аав, хүү хоёр тэдгээр болон Америкаас Жоед ирсэн бусад бичлэгийг байнга үзнэ.
Брайнтынхан Филадельфиад байх хамаатан садан, найзуудынхаа гэрт зун бүр зочилдог нь Кобид ур чадвараа сайжруулах боломжийг олгож байсан юм. 10 настайгаасаа хотынхоо “Sonny Hill” лигт орж, үеийнхээ болон өөрөөсөө ах хүүхдүүдийн эсрэг тоглох болов.
Жое шинэ багт орсноор 1991-1992 оны Европын лигт оролцох болж, гэр бүл нь Франц руу нүүжээ. Гэвч Коби болон эгч нар нь Швейцарьт байдаг олон улсын сургууль руугаа явах гэж хоёр цаг зарцуулахыг дургүйцэв. Гэвч аав, ээжийгээ дагахаас яах вэ. Тун удалгүй Жое зодог тайлж, эхнэртэйгээ зөвлөн Америк руу бүр мөсөн эргэн очих шийдвэрт хүрчээ. Тэр үед эгч нар нь коллежид, Коби ахлах сургуульд орох насанд хүрээд байлаа.
Жое “La Salle”-д туслах дасгалжуулагчийн ажилд орсноор Брайнтынхан Филадельфиагаас 10 миллийн зайтай Ardmore-д байшин худалдаж авав. Кобигийн хувьд Америк хүүхдүүдтэй харьцах нь хэцүү байсан бөгөөд нийгэмдээ дасан зохицох тухайд санаа нь зовж байлаа.
Энэ шилжилт нь Кобигийн талбай дээрх амьдралыг тасалдуулаагүй. Учир нь тэр 1992 оны “Sonny Hill” лигийн шилдэг тоглогч болж чадсан юм. Коби “Lower Merion” ахлах сургуульд элсэж, өмнөө барьдаг ганц тоглогч нь болов. Дараа хавар нь биеийн хүчний тоглолтоо сайжруулахын тулд “Temple” их сургуулийн жемд явжээ. Тэнд хожим нэг багт орж, Коби сэлгээ нь болж байсан Эдди Жонестой найзууд болсон юм.
Кобигийн сагсан бөмбөгөөс гадуурх амьдрал нь тийм ч хялбар байсангүй. Тэрбээр ангийнхантайгаа энгийн сайхан харьцаатай болох гэж мэрийж байв. Европт бусдын хайр ивээлд байсан бол Америкт ирээд өсвөр насныхны дарамт шахалттай тулгарчээ. Төрөлхийн даруухан, дуу цөөнтэй Кобитой ахлах сургуулийн коридорт өдөр бүр л нэг үйл явдал тохиолддог байлаа.
Эцэст нь ахлах сургуулийн хоёр дахь жилээс Кобигийн эргэн тойрны асуудал хүндрэл бэрхшээлгүй болж эхэлсэн юм. Мөн тэрбээр сагсан бөмбөгтөө ч үлэмж хэмжээний дэвшил гаргажээ. Коби ирээдүйд талбайн арын хэсэгт тоглох нь зөв гэсэн шийдвэрт хүрч, хамгаалагчийн байрлалын тоглогчид байх ёстой бэлтгэл сургуулилтыг хийх болсон юм. Багаасаа л аавынхаа зөвлөгөөг дагаж ирсэн тэр аль ч ахлах сургуулийн ямар ч хамгаалагчийн “шүдний өвчин” болов.
Коби 1994-1995 оны улирлын турш гялалзаж байлаа. Тэрбээр 31.1 оноо, 10.4 самбар, 5.2 оновчтой дамжуулалт дундчилж, “Пеньсилвани мужийн оны шилдэг тоглогч”-оор нэрлэгдсэн. Коби хамгаалагчаа сүйрүүлсэн кросс-овер залалтуудыг гайхалтай хийдэг байлаа. Тэр үүнийг зуны лигийн багт нь хамт тоглодог байсан найз God Shammgod-оос сурсан юм.
Тэсрэлтийнх нь жилийн дараа коллежийн мэргэжилтнүүдийн чихэнд түүний талаарх мэдээлэл хүрч эхэллээ. Түүнчлэн сургуулиа маш сайн дүнтэйгээр төгсөж, коллежид орох шалгалтандаа тэнцэн цаашид суралцахад ямар ч саадгүй болсон юм. Коби Дьюк, Хойд Каролина, Вилланова болон “Мичиган”-ы их сургуулиудын нэгэнд орж магадгүй байв.
Гэтэл Чикагогийн сурагч байсан Кевин Гарнетт 1995 оны зургаадугаар сард болсон НБА-гийн драфтын нэгдүгээр тойргоор сонгогдов. Тиймээс Коби шууд л мэргэжлийн тамирчин болох замыг нухацтай бодож эхэлсэн байна. Тэр зун аав нь хүүгээ 76-гийн нэг болгохоор бэлдэж эхэлсэн бөгөөд Коби ч биширмээр сайн байлаа. Тухайн үед Нью Жерсигийн “Fairleigh Dickinson” их сургуульд болсон бүх Америкийн цугларалтад ч скаутуудад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.
Коби ахлах ангидаа ч гялалзаж “Lower Merion” ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн оддын самбарт өөрийгөө залууллаа. Баг нь 32:3 гэсэн амжилт үзүүлж, 42 жилийн хугацаанд анх удаа мужийнхаа аварга болжээ. Сургуулийнх нь нэр тогтмол хэвлэлд гарч, коллежийн дасгалжуулагчид тоглолт бүрийн суудлыг дүүргэж, багийнх нь дасгалжуулагч нэлээд хэдэн томоохон тэмцээний урилга авах болов. Коби улирлыг 30.8 оноотойгоор дуусгаж, дөрвөн жилд авсан оноо нь 2.883-т хүрч, 40-өөд жилийн өмнө “Пенсильван”-ийн сурагч Уилт Чамберлэйний тогтоож байсан амжилтыг эвдэв.
Галзуу нэгэн улирал ийнхүү дууссаны дараа Италийн лигийн нэгэн баг Жоеийг дасгалжуулагчаараа ажиллуулах санал тавьж, гэрээний нэг хэсэг нь болгож түүний хүү Кобиг багтаа элсүүлэх болзол тавив. Энэ хооронд Коби өөр ахлах сургуулийн сурагч болох “Нью Жерси”-гийн Тим Томас, “Луизиана”-гийн Лестер Эрл, “Өмнөд Каролина”-гийн Жермэйн Онил нартай хамт орох тухай бодож эхэллээ.
Дам яриагаар бол НБА-д Коби бусдаасаа илүү зохицно гэгдэж байсан. Шинжээчид түүний мэргэжлийн замналын талаар санал бодлоо илэрхийлж байсан бөгөөд Коби маргаангүйгээр НБА-д тоглож болохуйц биеийн өгөгдөлтэй гэдэгт санал нэгдэж байлаа. Дээр нь тэр 1996 онд “Өмнөд Каролина”-д болсон цугларалтад скаутуудыг дуу алдуулж чадсан юм.
Эцэст нь Коби ахлах сургуулийнхаа зааланд хэвлэлийн бага хурал хийж, 12 сурвалжлагч болон камерын өмнө “Boyz II Men” хамтлагийн найзуудынхаа хамтаар өөрийн авьяасаа НБА-д газардуулах болсноо зарласан билээ. Удалгүй Уиллиам Моррисийг төлөөлөгчөөрөө сонгон, “Адидас” болон “Спрайт”-тай олон жилийн гэрээ байгуулжээ.
Хэвлэл мэдээллээр янз бүрийн хэлэлцүүлэг өрнөж эхэллээ. Спортын зарим сэтгүүлч түүнтэй нэгэн үеийн Грант Хилл, Анферний Хардэвэй нартай харьцуулж, довтолгооны чадвараараа л илүү гэж бичиж байв. Учир нь тэд өсвөр насны хүүг бэлэн гэдэгт итгэлтэй байсан бол бусад нь Кобигийн эцэг, эхийг хүүгээ буруу шийдвэр рүү түлхлээ” хэмээж байлаа.
Тэр даруй Коби өмнөх оны зургаадугаар сарын Гарнеттын адилаар сонгогдож чадах уу гэсэн хэлэлцүүлэг өрнөж эхэллээ. Эхний дөрвөн сонголтоор “Маркус Кэмби”, “Аллен Айверсон”, “Стефон Марбури”, “Рэй Аллен” гэсэн коллежоос нэр дэвшсэн тоглогч сонгогдох магадлалтай байв. Гэхдээ Кобиг аугаа тоглогч болно гэдэгт итгэлтэй байсан багуудын дунд “Лос Анжелес” “Лэйкерс” болон түүний ерөнхийлөгч Жерри Уэст нар байлаа. Коби багийн ганцаарчилсан бэлтгэлдэ үсрэлт хийгээд олон хувилбартай довтолгооны чадвараараа бишрүүлээд байсан юм. “Лэйкерс Донтае” “Жонес”-той нэгийн эсрэг нэг тоглуулахад Коби Mississippi мужийн одыг “будаа” болгосон юм.
“Лэйкерс” мөн Кобигийн өссөн орчин, хүмүүжлийг давуу тал, НБА-гийн тоглогчийн хүүхэд гэдэг утгаар бусад тоглогчоос илүү лигт идээшиж чадна гэж үзэж байжээ.
Драфтын өдөр Уэст ид шидээ гаргалаа. Нэгдүгээрт тэр хамгаалах сэтгэхүйтэй “Аркансас”-ийн холбогч Дерек Фишерийг эхний тойргийн 24 дэх сонголтоор авав. Тэгээд Кобиг 13 дахь сонголтоор авсан “Чарлотте Хорнетс” багтай холбогдон, үнэ хаялцсаны эцэст Влэйд Дивацаар Кобиг наймаалцаж чадлаа. Ингэснээр цалингийн цэсээ маш ихээр суллаж чадсан тул Орландогоос чөлөөт тоглогч болоод байсан Шакил Онилийг авах боломжтой болсон юм. Ингэснээр шинэ эзэнт гүрнийг бий болгож чадсан билээ.
Коби “Лэйкерс”-т орсондоо ухаангүй баярлаж байсны нэг шалтгаан нь өмнө нь хамт гайхалтай тоглолт үзүүлж байсан Ник Уан Эксел, Элдэн Кэмпбэлл, хуучны найз Эдди Жонес нар байлаа. Мөн аавыг нь “Хьюстон”-д байхад нэг жил дасгалжуулсан Дэл Харрис дасгалжуулахаар болов.
Коби 3.5 сая ам.долларын гурван жилийн гэрээг байгуулсан бөгөөд зуны лигт 25 оноо дундчилжээ. Тэрбээр байшин худалдан авч, аав нь “La Salle” дахь ажлаасаа гарч, гэр бүлийн хамтаар Калифорнид нүүж ирлээ.
Нэгэн бэлтгэлийн үеэр Коби зүүн бугуйныхаа ясыг цуулж, улмаар таван долоо хоног эмчлүүлэн нэлээн олон удаагийн бэлтгэлээ таслав. Улмаар 1996-1997 оны улиралд дасгалжуулагч Харрис болон багийн зүгээс 18 настай шинэ тоглогчоо яаран тоглуулахгүй байхаар шийдсэн юм. Кобиг тоглолтод аажмаар дасгахаар болсноор тэрбээр гараагаа Миннесота болон Гарнеттийн эсрэг хийжээ. Коби зургаан минутад ганцхан шидэж, нэг удаа бөмбөгөө алдсан. Улирлын эхний хагаст Кобигийн тоглолт нэг л замбараагүй талдаа байлаа. Багийн хувьд ч Пасифик Дивизоны титмийг авахын тулд түүнийг ашиглах хэрэг бараг байсангүй.
Гэсэн ч нэгдүгээр сард дасгалжуулагч тоглолтондоо өөрчлөлт хийж, 18 настай Коби таван сар тав хоногийн дараа НБА-гийн түүхэн дэх хамгийн залуу гарааны тоглогч болсон юм. Хэдэн долоо хоногийн дараа бүх оддын тоглолт болж, Коби шинэ тоглогчдын тэмцээнд 31 оноо авч, мөн тохолтын тэмцээнд түрүүлсэн “Лэйкерс”-ийн анхны тоглогч болсон юм.
Ийнхүү тэрбээр өнөөдрийн энэ их амжилтаа улам төгөлдөржүүлсээр байв.
URL: