Жагсагчид Кувейтын парламентын ордон руу дайран оржээ
Лхагва гарагийн орой Кувейтийн Үндэсний ассамблей буюу парламентын ордон руу хэдэн арван жагсагч дайран орсныг тус улсын хэвлэлд мэдээлж, олон гэрч нотолжээ. Жагсагчид улсынхаа Ерөнхий сайд Насер аль-Мухаммед аль-Сабахыг авлигын хэрэгт буруушаан, түүнийг огцруулж, хугацаанаас өмнө парламентын сонгууль явуулахыг шаардсан байна.
Парламентын ордон руу дайран орсон хүмүүсийн дунд сөрөг хүчний төлөөлөгчид байв. Тэд хуралдааны танхимд орж, төрийн дууллаа дуулжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд янз бүрийн мэдээгээр, хэдэн зуугаас хэдэн мянган хүн оролцсон байна.
Жагсагчдыг ордон руу орохоос өмнө сөрөг хүчний 20 орчим төлөөлөгч парламентын хуралдааныг тасалдуулжээ. Тэрчлэн парламентын ордныг эзлэхээс өмнө жагсагчид Насер аль-Сабахын өргөө рүү явах үед тэднийг цагдаа нар тараахын тулд резинэн сум хэрэглэсэн тухай «Аль-Жазира» телевиз мэдээллээ.
Гэрчүүдийн ярьснаар, наад зах нь таван жагсагч шархадсан ба тэдэнд газар дээр нь тусламж үзүүлсэн байна.
2010 оны 12 дугаар сараас хойш улс төрийн жагсаалд оролцогчдод хүч хэрэглэсэн анхны тохиолдол энэ биш ажээ. Гэсэн хэдий ч жагсагчид энэ оны гуравдугаар сараас хойш Ерөнхий сайдаа огцрохыг шаардан байнга жагсах болсон билээ.
71 настай Шейх Насер аль-Сабах нь тус улсын эмир Сабах аль-Сабахын үеэл юм. Кувейтийн хуулинд зааснаар, тус улсын Ерөнхйи сайдыг эмир нь эрх баригчдын гэр бүлийн гишүүдээс томилдог. Ерөнхий сайд парламентын 15 гишүүнийг томилж, үлдсэн 50 депутат нь дөрвөн жилд нэг удаа болдог бүх нийтийн сонгуулиар сонгогддог байна.
Насер Ерөнхий сайд болсон 2006 оны хоёрдугаар сараас хойш сөрөг хүчнийхний шүүмжлэлд өртөж байгаа аж. Түүнийг эрх барих хугацаанд парламент гурван удаа тарж, сайд нарын танхим зургаан удаа огцорчээ. Кувейтийн өмнөх засгийн газар төсвийн мөнгө завшсан, Үндсэн хууль зөрчсөн хэргээр эрх баригч гэр бүлийн гишүүн болох гурван сайдыг парламентад байцаагдахаас зайлсхийх үүднээс 2011 оны гуравдугаар сард огцорсон байна.
URL: