Жинхэнэ саалийн үнээгээ олчихоод СААЯ улстөрчид минь!
Эдийн засаг хямарчихаад хэцүү байгаа тухай хамгийн их ярьдаг хүмүүс нь улстөрчид. Тэгвэл үнэн хэрэгтээ эдийн засгийг ангал руу түлхэхэд хамгийн их нөлөөг үзүүлдэг хүмүүс нь мөн л улстөрчид байдаг билээ. Ерөөс Монголын эдийн засаг дахь хямралын учиг үндэс нь улстөрийн хямралаас үүдсэн гэдэгтэй маргах юун. Улс орны төлөө бус бүлэглэлд үйлчилсэн улстөрийн шийдвэрүүд нь эргээд эдийн засагт балаг дагуулж байдаг. Дөрөв дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр сонгогчдын саналыг л авах гэж худлаа поп амлалтууд өгч, бэлэн мөнгө тарааж, өр тавьж, хэрэгцээтэй чухал шийдвэрүүдээ гаргалгүй хойш суусны балаг нь эдийн засагт тусч, улмаар нийгэм хямарч, өдийг хүрсэн юм. Яг өнөөдрийн тухайд бол Үндэсний Статистикийн Хороо болоод Монголбанкны зүгээс эдийн засаг өсөлттэй сайн байна гэх мэдээллийг өгч буй.
2017 оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн орлого 904 тэрбум төгрөгөөр давж биелсэн тухай чимэгтэй мэдээг ҮСХ дуулгав. Ингэж нэмэгдсэнээр төсвийн орлого 4.5 наяд төгрөгөөс давсан үзүүлэлттэй байгаа юм. Төсвийн орлогын 80 хувийг бүрдүүлдэг татварын орлого 763 тэрбум төгрөгөөр өссөн нь, төсөвт ийм дүнг дагуулжээ. Тэрдундаа нүүрсний экспортын өсөлт болоод ханшийн өсөлт төсвийн орлогод жин дарах нөлөөллийг үзүүллээ гэж буй.
Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 15-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Эдийн засгийн өсөлт оны эхний хагас жилийн байдлаар хүлээлтээс давж, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн гэв. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна гэлээ. Мөн гадаад эдийн засгийн орчинд эерэг өөрчлөлтүүд гарч, экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдан уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь эдийн засгийг идэвхжүүлж байна. Зах зээлд оролцогчдын итгэл сэргэж, эдийн засагт ийнхүү нааштай хандлага гарч байгаа ч цаашдын төлөв нь экспортын үнэ, хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.
Мөнгөний бодлогын төлвийг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа гэсэн албан мэдээг өгч байгаа юм.
Албаны байгууллагууд эдийн засагтай холбоотой ийм мэдээллүүд өгч байгаатай зэрэгцэн ОУВС-аас манайд хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэвийн үргэлжлэх үү гэдэг асуулт анхаарал татаж буй. Улстөрийн байдал ээлжит тогтворгүй төлөвтөө шилжиж, парламентад хэт олноороо байгаа МАН-ынхан Засгийн газраа огцруулаад байгаа нь ОУВС-ийнханд эргэлзээ дагуулж буй гэдгийг улстөрчид ч, эдийн засагчид ч хэлж буй. Харин Монголбанкны зүгээс бол ОУВС-аас элдэв зүйл хэлж яриагүй хэмээж байгаа юм.
За мөн хөтөлбөртэй холбоотой анхаарал татсан зүйлийг хэлж буй эдийн засагчид ч байна. Тухайлбал, эдийн засагч, доктор профессор Д.Батжаргал хэлэхдээ “Хөтөлбөр батлагдсан чигээрээ явчихвал дахиад олигтой үр дүн авчрахгүй. Уг нь бол жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмждэг хөтөлбөрийг нь Монгол Улс хэрэгжүүлэх ёстой байсан юм. Үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт хийх, зээл олгох аргаар явсан бол илүү үр дүн гарна гэдгийг олон ч удаа хэлсэн. Гэтэл хүүхдийн мөнгө гэх мэтээр тараагаад унахаар наадах чинь буруу болчихсон юм. Саалийн үнээгээ эхлээд саах ёстой. Саалийн үнээ маань хаана байна вэ гэдгийг эхлээд олж тогтоогоод явмаар байна. Гэтэл гаднаас зээл аваад түүнийгээ тараагаад дуусчихаар юу болох вэ дээ. Энэ хөтөлбөр бараг л зогсох болов уу. Өмнөх Засгийн газраас эдийн засагчид ажлын байр хүсэж, эдийн засаг сайжрах ёстой гэж хүлээж байсан. Гэтэл ийм зүйл болсонгүй. Гадаад эдийн засгийн таатай нөхцөлийн улмаас бага зэрэг өөрчлөлт орсноос биш өөр үр дүн гараагүй шүү дээ. Шинэ Засгийн газар одоо энэ бүхнийг өөрчлөөсэй гэж хүсэж байна. Үйлдвэрлэгчээ дэмжмээр байна. Монгол Улсыг тэжээх саалийн үнээнийхээ өвс тэжээлийг хангалттай бэлтгэмээр байгаа юм. Эдийн засгийн салбарт зуд боллоо гэхэд түүнийг ажрахгүй давах боломжийг бий болгомоор байна” хэмээн ярьж байгаа юм.
Эх сурвалж: Hunnu.mn
URL: