Сайдын суудлын төлөөх сэрүүн зүүд

МАН-ын фракц, бүлэглэл ид идэвхжиж, албан тушаалын бялуу хүртэхээр бужигнаж байна. Хэн Ерөнхий сайд болохоос дараагийн албан тушаал хөвөрнө. Өнөөдрийн тухайд Ерөнхий сайдад хамгийн магадлал өндөртэй  хувилбарт УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Шадар сайд асан У.Хүрэлсүх нар явж байгаа. Гэхдээ энэ хувилбар эсрэгээрээ эргэхийг үгүйсгэхгүй, улс төрд мөнхийн эрх ашиг үйлчилдэг хойно.

 11536

Ер нь УИХ-ын дарга Ц.Нямдорж Ерөнхий сайд, УИХ-ын дарга эсвээс намын дарга болох гэсэн нэлээн хэдэн албан  тушаалын таамаглалд  багтаж байгаа. Тиймээс дээрх хэдэн хувилбараас аль нэгд нь багтах хүний нэг бололтой.  Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан 33-ын нэг нь тэрбээр  “улс төрд зүтгэсэн 20 гаруй жилийн хугацааных нь хамгийн хүнд шийдвэр байсан” гэдгээ кноп дарахын өмнө дуулгаж амжсан.

Шинэ Ерөнхий сайдын таамаглалтай зэрэгцээд чиг үүргийн яамдын сайд нарын нэрс ч мэр сэр дуулдаж байна. Энэ удаад Сангийн сайдад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын  томилох магадлал өндөр байна. Тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Сангийн яамны оруулж ирсэн улсын төсвийн төсөл, тодотголд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, хариуцсан мэргэжилтнүүдийг чуулган, байнгын хорооны хуралдаанд зад загнаж байсан эрхэм. Хэрвээ Сангийн сайдаар томилогдохгүй юм гэхэд ЗГХЭГ-ын даргын албан тушаалд ч очиж мэдэх нэгэн, тохироо бүрдвэл шүү дээ.  Басхүү дээрх хоёр албан тушаалын томилг оонд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн нэр  дуулдаж байгаа.  Энэ хоёр эрхмийн аль аль нь эдийн засагч мэргэжилтэй, Ч.Хүрэлбаатарын хувьд Сангийн яамны мэргэжилтнээр Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын даргаар, Д.Хаянхярваа Сангийн сайдаар ажиллаж байсан. Тиймээс салбарын сайдаар томилогдоход мэргэжлийн гэх тодотголтой. Гэхдээ  эдийн засаг хүнд байгаа энэ жилүүдэд мэргэшсэнээс гадна бизнесийн гүйлгээ ухаан шаардагдана. Нөгөөтэйгүүр МАН-ын бүлгийн дарга  Д.Хаянхярваа  Сангийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан 2012 оны сонгуулиар өөрийн тойрогтоо мөнгө хуваарилсан  гэх мэдээлэл байдаг. Сайдуудын томилгоо явагдахад тохироо бүрдэхээс гадна   эрх ашгийн зөрчилтэй эсэх асуудлыг ч сөхөхөө мартахгүй биз, эрх баригчид.

Ерөнхий сайдаар хэн томилогдохоос Гадаад харилцааны сайдын томилгоо хамаарах магадлал өндөр байна. Учир нь одоогийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайдад Ц.Нямдоржийг “балиашиглаж” байгаа.  Одоогийн зарим сайд нарыг дараагийн Засагт үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн мессэж эртнээс явсан. Тиймээс хэрэвзээ Ц.Нямдорж Ерөнхий сайдаар томилогдвол Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайдаар үргэлжлүүлэн ажиллаж мэдэх. Тэгээд ч өмнө Засгийн газрын танхимын салбартаа мэргэшсэн сайд нарын нэгд тэрбээр зүй ёсоор багтана. Мөн энэ салбарыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэргүүлэх сураг ч явж байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мөн л энэ салбарын мэргэшсэн дипломатчдын нэг . Тиймээс  одоогоор нэр нь гарч байгаа эрхмүүдийн хувьд тухайн салбарт сайдаар томилогдоод очиход тээршаах зүйлгүй, нийгмийн эсэргүүцэлтэй ч тулаад байхааргүй юм.

Цаашлаад  Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр, БСШУС-ын с айдад Ө.Энхтүвшин, НХХ-ын сайдад С.Чинзориг зэрэг нэрс  дуулдана лээ.   Гэхдээ одоогийн сайд нараас Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нарыг  дараагийн  Засагт үргэлжлүүлэн ажиллана гэх   бор шувуу нисч байна.

Мөн шинэ Засагт дан дээлтэй орж ирэх эрхмүүдэд УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди,  ЗТ-ын дэд сайд Б.Цогтгэрэл,  Уул уурхай хүнд үйлдвэрйн Д.Загджав  нэр гарч байгаа.

Энэ мэтчлэн шинэ Засгийн  сайд нарын  нэрс гарч, таамаглал хөвөрсөөр. Албан бус  мэдээллээр  эрх баригчид Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй аж. Нөгөө талаас дэд сайд нараа цөөлдөггүй юм гэхэд, бүтцээ тэлж, бүрэлдэхүүнээ өргөжүүлэхгүй бол бусад нь яах вэ, гэж олон нийт харж байна.

Энэ сарын 25-нд болох МАН-ын бага хурлаар дараагийн Ерөнхий сайд тодорно. Тэр болтол МАН-ын асуудал халуухан өрнөж, сайд болох сэрүүн зүүднээсээ сэрэхгүй горилогчид ч олшрох биз.

Н.Энхлэн

http://www.shuud.mn/content/read/488216.htm


URL:

Сэтгэгдэл бичих