Эрүүл мэндийн сайд С.Ламбаа: Дутуу шатаасан хог хаягдлын утаа, эмнэлгийн бохироос болж хавдрын өвчлөл ихэссэн
Нийслэлчүүд бид “Нарангийн энгэр”, “Улаанчулуут” зэрэг томоохон төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлаа ил асгадаг байсан цаг саяхан. Харин “Нарангийн энгэр”-ийн хогийн цэг шинэчлэгдсэнээс хойш хогондоо дарагдсан их хотын амьдрал бага ч болов цэгцэрсэн. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, салбар хариуцсан мэргэжилтнүүд болон хэвлэлийнхэнтэй “Нарангийн энгэр”-т зочлов. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын томоохон эмнэлгийн удирдлагууд эрүүл мэндийн байгууллагын хог, хаягдлын нэгдсэн байгууламжтай танилцсан юм.
Байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд халгүй хамгийн зохимжтой арга
Манай орны эрүүл мэндийн байгууллагуудын 90 орчим хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, бага хэмд шатдаг шатаах зуух ашиглаж, хог хаягдлаа устгадаг байсан. Үүний улмаас агаарт дутуу шаталтаас үүссэн химийн хортой бодис ихээр ялгарч, нийслэлчүүдийн дунд хавдрын өвчлөлийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болж байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр ЭМЯ эмнэлгийн хог хаягдлын нэгдсэн байгууламжид шаардлагатай тоног төхөөрөмжийг авч, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран нийслэл хот дахь эмнэлгийн хог хаягдлын нэгдсэн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар “Элемент” ХХК-тай хамтран байгуулсан юм. Энэ байгууллага одоо нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх эмнэлгийн хогийг төвлөрүүлэн шинэ технологиор “Нарангийн энгэр”-ийн хогийн цэгийг түшиглэн устгаж эхлээд байна. Эрүүл мэндийн байгууллагаас гарч буй халдвартай хог хаягдлыг шатаах бус аргаар, өндөр даралтат уураар (автоклав) халдваргүйжүүлэх нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд халгүй, хамгийн зохимжтой арга гэж ДЭМБ-аас үзэж байгаа. Тиймээс Дархан-Уул, Эрдэнэт хотуудад ийм тоног төхөөрөмж авч, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хог, хаягдлын төвлөрсөн байгууламж нээжээ. Мөн Төв аймгийн Эрдэнэ суманд ийм загвар төсөл хэрэгжиж эхлээд байна.
Биологийн гаралтай хаягдлыг шатаахаас өөр арга байдаггүй
Хэрэгжүүлээд удаагүй ч энэ ажил манайд тун ахицтай явна. “Элемент” ХХК одоогоор 27 ажилтантай, зуухны хүчин чадлаас шалтгаалж 24 цагаар ажиллаж байгаа аж. “Хоногт ойролцоогоор нэг тонн 800 кг хог ариутгаж байгаа. Хотоос хоёр тонн 800 кг орчим хог ирж байна. Өвлийн цагт хог ихсэх хандлагатай байдаг” гэж компанийн удирдлагууд ярьж байна. Тэд нийслэлээс ирж буй хог хаягдлын 75 хувийг автоклав руу оруулж ариутгадаг. Харин үлдсэн 25 хувийг нь хотоос гарч шатаадаг аж. Хэдийгээр бүх хогийг ариутгаж, шатааж устгахгүй гэсэн зорилт тавин ажилладаг ч биологийн гаралтай хогийг шатаахаас өөр арга байдаггүй гэв. Тус компанийн барилга байгууламжтай танилцах үед барилгын норм стандартаар бүх асуудлаа шийджээ. Ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ он гаргаад автомашин, гадна талын тохижилтын асуудлаа шийдэх юм байна. Харин одоогоор тулгамдаж буй асуудал гэвэл, компанийн мэргэжилтэнүүд нэг автоклав шинээр нэмж суурилуулах шаардлагатай байгаа аж. Мөн холоос зөөврийн ус хэрэглэж байгаа учраас худгийн асуудлыг шийдэж өгөөч гэж хүслээ.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа: Улаанбаатар хотод 100 хувь шатааж байсан хогийн 75 хувийг автоклаваар ариутгана гэдэг том дэвшил
-Өнөөдөр хог хаягдлын менежменттэй танилцаж байна. Ажлын явцыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан шийдвэрээр Улаанбаатар хотод хог шатаахгүй байх тухай асуудлыг 2010 оноос эхэлж ярьсан. УИХ-аас баталсан хувь, төрийн байгууллагуудын хамтран ажиллах гэрээний дагуу хувийн хэвшлийн байгууллагыг сонгож “Элемент” ХХК-д хөрөнгө оруулалт хийж, энэ байгууламжийг байгуулсан юм. Өнөөдөр нийслэлийн 400 гаруй тонн хог хаягдлыг энд авчирч байна. Харамсалтай нь 25 хувийн биологийн бүтээгдэхүүнийг шатааж байгаа гэж байна. Дэлхийн стандартад тавьж байгаа гол шаардлага бол нэгж кг хогийг шатаахгүй байх тухай асуудал. Гэхдээ бид Улаанбаатар хотод 100 хувь шатааж байсан хогийн 75 хувийг нь автоклаваар шууд ариутгаад, устгаж байна гэдэг бол том дэвшил. Сүүлийн үед манайд дутуу шатаасан хог хаягдлын утаа, эмнэлгийн бохироос болж хавдрын өвчлөл ихэссэн. Тиймээс 2009-2010 онд хийсэн энэ ажил бидний хувьд том дэвшил болсон гэж үзэж байна. Өнөөдөр яг энэ ажил туршилтын журмаар Дархан, Эрдэнэт, Төв аймгийн Эрдэнэ суманд хийгдэж байгаа. Ирэх онд 60 сумыг халдваргүйжүүлэлтийн автоклаваар хангах бэлтгэл хангагдсан.
-“Элемент” ХХК-ийн удирдлагууд одоо ажиллаж байгаа хүчин чадлаасаа хамаарч зарим нэг тоног төхөөрөмж нэмж авах шаардлагатай байна гэж хүслээ. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар өмнө нь энэ байгууллагад 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Барилга байгууламж болон газрын асуудлыг нь Улаанбаатар хот шийдсэн. Гэхдээ өнөөдөр би газар дээр нь ирж танилцсан хүний хувьд хөрөнгө мөнг өний асуудлыг нь шийдэж өгнө. Хотоос гаргасан хамгийн том менежмент бол энэ. Уг нь өнгөрсөн онд нийслэл худаг барьж өгсөн. Гэхдээ өөр газар нүүгээд байрлачихсан болохоор дахиад худгийн асуудал гарч ирж байна. Мөн нэг автоклав нэмж өгөөч, үнэ нь 68 сая төгрөг гэж байна. Ер нь бол энэ байгууллагаас тавьж байгаа саналыг хүлээж авлаа гэж ойлгож болно.
-Манай эмнэлгийн хог хаягдал ихэнхдээ цаасан хайрцагтай ирээд байна. Тиймээс зориулалтын хогийн савтай болгож өгөөч гэж мөн хүссэн. Энэ талаар…?
-Эмч, сувилагч, мэс заслын мэргэжилтнүүд халдвар аваад байгаа нь зүү тариурыг буруу саванд хадгалсантай холбоотой юм. Тухайлбал, хогийн саванд байгаа зүү тариураа нааш нь ачуулахдаа гараа хатгаж байна гэдэг бол шууд халдвар авч байна гэсэн үг. Манай эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нийт эмч, сувилагч нарын багагүй хэсэг нь В, С вирусын халдвар авсан гэсэн судалгаа бий. Тиймээс энэ хог, хаягдлыг зориулалтын саванд хийх шаардлагатай юм. Нэг сав нь 45 мянган төгрөгийн үнэтэй, нийслэлийн хэмжээнд 1500 ийм сав хэрэгтэй гэж байна. Энэ асуудлыг бид шийдэж өгнө.
Б.Энхтуул
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: