76 гишүүний 54 нь хувийн компанитай гэв
УИХ-ын пүрэв гаригийн үдээс өмнөх чуулган баруун бүсийн эрчим хүчний системийн асуудлаар эхлэв.Мөн урд, хойд хөршөөс импортоор авч буй цахилгааныг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр салбарын сайдыг гишүүд асуултаар “бөмбөгдсөн” юм.
Тухайлбал, Х.Жекей гишүүн “Манай улс соц нийгмээс л гаднаас цахилгаан импортлодог байсан. Энэ байдлаа хэзээ шийдвэрлэх вэ. Өмнө нь манайх мөнгөгүйн зовлонгоор асуудлыг шийдэж чаддаггүй байсан. Харин одоо цаг үе өөр болсон” хэмээв.
Гишүүний үгийг бусад нь ч дэмжиж буйгаа илэрхийлж суусан. Түүнчлэн Шивээ-Овоогийн цахилгаан станцыг барих асуудал яагаад саатсан талаар нэр бүхий гишүүд хөндсөн юм.
Харин Д.Зоригт сайд тус станцыг хятадууд барьж байсныг тодруулаад, эл асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлсэн талаар ч дуулгасан. Учир нь станц барих явцад үндэсний аюулгүй байдлыг хөндсөн асуудал гарсан аж. Тиймээс энэ ажлыг нэг мөр зогсоосон байна.
Түүнчлэн энэ өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэхүү хуулиар төрийн албанд ажиллагсад хувийн эрх ашгийн үүднээс аливаа шийдвэр гаргахад нөлөөлөх ах дүү, хамаатан садан, нутаг нугийнхаа хүний талд шийдвэр гаргахад нөлөөлөхийг хязгаарлаж буй юм. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд төрийн албанд ажиллаад хэдхэн жил болсон хэрнээ 20-30 жил бизнес хийсэн хүнээс илүү амьдарч байгаа албан хаагчийг энэхүү хуулиар хариуцлага тооцох боломжтой эсэхийг лавлалаа.
Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тайлбараар төрийн албан хаагчдын дунд албан тушаалаа ашиглан хэт баяжсан хүмүүс байдаг.
Ийм нөхдүүдийг Сонирхлын зөрчлийн тухай хуулиар зохицуулах боломжгүй, Авлигын эсрэг хууль, Эрүүгийн тухай хуулийн хүрээнд хариуцлага ногдуулахаар тусгайлан зааж өгчээ. Удахгүй энэхүү хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх юм байна.
Түүнд зааснаар үндэслэлгүйгээр баяжсан нөхцөлд албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. Тэгэхээр Сонирхлын зөрчлийн хуулиар авлига бий болоход хөрс нь болж буй үзэгдлийг нэг талаар ил болгож, тодорхой хариуцлага тооцоход оршиж байгаа юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт 76 гишүүнээс 54 хувь нь компанитай. Харин албан тушаалтнуудын 200 нь хувьцаа эзэмшдэг болохыг онцолж байв. Хууль санаачлагчдаас тэрбээр “Төрийн алба” гэсэн нэр томъёог “Нийтийн” гэсэн нэрээр солих гээд байгаагийн учрыг лавласан.
Тэгэхэд Х.Тэмүүжин гишүүн “Бид төрийн алба гэж нэрлээд сурчихсан. Энэ бол социализмын үеийн нэр томъёо. Төрийн алба гэдгийг хүнд, иргэнд үйлчилдэг гэхээс илүү иргэнийг айлгадаг, ичээдэг, хянадаг гэж ойлгодог байсан.
Төрийн алба гэдэг нэр томъёог яагаад нийтийн алба болгоё гээд байгаа юм гэхээр төрийн энэ эрх мэдэл бол нийтийн ашиг сонирхол, тэдний эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой. Энэ эрх мэдэл нийтийн сонирхлыг байнга илэрхийлдэг.
Төрийн алба бол төрийн сонирхол гэдэг юм уу хувь хүмүүс, олон нийтээс тусдаа өөр сонирхлыг тээж байдаг хүмүүс биш. Тиймээс төрийн албыг нийтийн алба гэвэл тэнд ажиллаж байгаа хүмүүс нийтийн төлөө зүтгэх ёстой гэдгийг шууд ойлгоно. Бусад оронд төрийн алба гэдгийг паблик, сивил сервис гэдэг нэр томъёогоор ойлгодог.
Бидний санаачилсан хуулийн төсөл бол нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүр тавьж байгаа. Нийтийн сонирхол гэдэг нийтэд шударга, алагчлалгүй, үр дүнтэй үйлчилнэ гэсэн үг. Түүнээс биш төрд үйлчлэх тухай ярихгүй байгаа. Ийм ялгаа байгаа тул төрийн албыг сууриар нь өөрчлөх тухай ярьж байна” хэмээн тайлбарлав.
Түүнчлэн байнгын хорооноос анхны хэлэлцүүлэгт санал хураалгахаар зарчмын зөрүүтэй саналын томъёолол боловсруулсаныг хэлэлцэн шийдэх явцад төслийн “Нийтийн алба гэснийг “Төрийн алба” гэж тухай бүрд нь өөрчлөх саналыг гишүүд дэмжээгүй.
Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссаны дараа олонхийн саналаар төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Ингэхдээ эцсийн хэлэлцүүлэгт оруулж ирэхдээ агуулгын болон нэр томъёоны талаас нь сайн нягталж оруулж ирэхийг хууль санаачлагч болон ажлын хэсэгт анхаарууллаа.
О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: