”Танайд Засгийн газар байхгүй юм чинь, хэнтэй ярих юм бэ”
Ерөнхий сайд болон шинэ Засгийн газрын бүтцийг чадварлаг багаар бүрдүүлж байж бид цаашаа явна гэдгээ ярьлаа хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлж байна. Тус намын бүлэг өнөөдөр хуралдаж намын эв нэгдлийн тухай ярьжээ. За харин АН-ын бүлгээс шаардаад буй ээлжит бус чуулган хуралдуулах асуудлын тухайд шаардлагагүй гэж үзсэн байна. Тэгэхээр Д.Хаянхярваагийн хэлж буйгаас бол засгаа шинээр эмхлэх үйл явцад МАН-ынхан эв найртай харагдах бодлого барих нь гэж ойлгогдож байна. Ер нь бол 65-уулаа УИХ-д гарчихаад засгаа унагаж тоглож буй нь нийгэмд таатай харагдаагүй.
Тэрчлэн Ерөнхий сайд асан Д.Содном гуай засаг огцорсон асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Миний бодоход сайн үр дагавар гарахгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэдэг залууг би сайн танихгүй л дээ. Гэхдээ тэр бол Сангийн сайдаар ажиллаж байсан, санхүү эдийн засгийн мэргэжлийн хүн гэж үзэж болно. Тийм мэргэжлийн Ерөнхий сайдаа авч хаячихаад оронд нь ямар хүн тавих гэж байгаа юм бол доо. Ер нь Засгийн газраа түргэн байгуулах хэрэгтэй байна. Одоо намын Бага хурал, Их хурал гээд сунжирч, Засгийн газаргүй байгаад байна гэдэг их хохиролтой. ОУВС-гаас манай улсад 400 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэсний нэгдүгээр үеийнх нь 40 орчим сая ам.доллар ороод ирсэн байгаа. Есдүгээр сарын 25-ны хавьцаа хоёр дахь үеийн мөнгөний асуудлыг хэлэлцэн шийдэх ёстой байсан. Гэтэл ОУВС тэр яриа хэлэлцээрээ хойшлуулж байгаа сурагтай байна лээ. Яагаад вэ гээд асуухаар ”Танайд Засгийн газар байхгүй юм чинь, хэнтэй ярих юм бэ” гээд хойш тавьж байгаа бололтой. Ингээд төсвийн алдагдлынхаа дутуу зардлыг нөхөхөд зориулж авах мөнгө орж ирэхгүй болж байна л даа. Тиймээс хурдан Засгийн газраа байгуулах хэрэгтэй” байна хэмээн ярьж байгаа юм.
URL: