Их тэврүүлдэг хүүхэд сэтгэхүйн хөгжлөөрөө бусдаасаа илүү байдаг
Авахуулдаг хүүхэд сэтгэхүйн хөгжлөөрөө бусдаасаа илүү байдаг. “За хүүхэдтэй болохоороо эхнээс нь л авахуулж сургах хэрэггүй юм байна шүү” гэсэн “мэргэн” бодол маань тийм ч ухаалаг биш байсныг алдартай сурган хүмүүжүүлэгчийн зөвлөгөөг олж хартлаа ойлгоогүй байж. Энэ тухай ээжүүдтэйгээ хуваалцъя.
“Хүүхдээ сав л хийвэл ухасхийн тэвэрч авсаар муу зан сургачихлаа”, “Тэврүүлээд сурчихна, дараа нь өөрсдөө авахгүй байж битгий” гэх мэт үгийг бид багаасаа л томчууд, ахмадуудаас сонссоор, бас тэврэнгүүт уйлахаа байчихдаг, эрүүл саруул атлаа авахуулаад сурчихсан, “хэцүү” хүүхдүүдийг хараад дээрх үгийн юутай үнэн болохыг орой руугаа ортол ойлгосоор ирсэн. Гэвч хүүхдийг тэвэрсний муу гэж байдаггүй ажээ. Бодоод үзье.
Ихэнхдээ л орон дээр эсвэл тэргэн дотроо хэвтэж байдаг хүүхдэд тэнгэр, тааз ч юмуу унь, хэдэн тоглоом, эсвэл хайчилсан үнэг, хааяа ээжийнх нь дээрээс тонгойх царай л харагдана. Гэтэл хүүхдийн сэтгэхүйн хөгжил ямар болох вэ гэдэг нь тааз ширтэж өнгөрөөх энэ эхний нэг жилээс л хамгийн их шалтгаалдаг гээд байдаг! Яадаг билээ?
Харин тэврүүлдэг хүүхдийн нүдэнд юу юу өртөж болохыг, бас хүүхдээ авсан чигээр юмаа хэрхэн хийж болохыг дараах зөвлөгөөнөөс харцгаая. Хүүхдээ мөрөндөө наалдуулан, тэврэн, өвдгөн дээрээ тавиад эсвэл ганц гараараа авч нөгөө гараараа юм хийгээд ажлаа зохицуулах боломж бий. Нэг гараараа авч, тэвэрчихээд, нөгөө гараараа хүүхдийн хоол бэлтгэж, пийшинд түлээ хийж, ном эргүүлж байхад хүүхдэд мэдээж таагүй боловч тэрээр ээжтэйгээ (бас аавтайгаа) байх дуртай учраас, ээж нь дэргэд байгаа учраас тайван, толгойгоо эргүүлж энэ тэрийг сонирхон харна.
Ингээд түүний нүдэнд цонх, сав суулга, эрээн мяраан даавуу, дэлгээстэй ном, сонин гээд олон зүйл тусна. Бас хүүхэдтэйгээ ярьж “одоо халбага, аяга, талхаа авна” гэх зэргээр барьж байгаа зүйлээ нэрлэж танилцуулж байхыг зөвлөө. Ингэж авахуулсан хүүхдүүд үзсэн харсан зүйлдээ сэтгэл ханаж, ихэвчлэн орондоо орж хэвтэх дуртай болдог тул авахуулаад сурчихвий гэж айлтгүй. Тэгээд ч бид хүүхдээ хэр удаан ингэж авах билээ дээ. Тэд маань хэдэн cap өнгөрөхөд л мөлхдөг, явдаг болчихоод тэгж их авахуулах гээд байлгүй, өөрсдөө олон шинэ зүйлийг нээдэг болчихно.
Ер нь зарим хүүхэд сонирхохгүй зүйл гэж байхгүй байхад эргэн тойрны зүйлээс тусгаарлагдсан ор тэрэг гэх мэт зүйлд өсч байгаа хүүхдийн харц залхуутай тоомсоргүй, амьдралд ядарч зүдэрсэн хөгшчүүлийнх шиг, ийш тийш юм сонирхож хардаггүй, юуг ч гайхдаггүй, баяр хөөр болдоггүй, хүүхдийн сониуч зангүй цатгалан, хөдөлгөөн багатай байгаа нь ажиглагджээ. Магадгүй ээжүүдийн маань дунд дээр өгүүлсэн зүйлтэй бүрэн дүүрэн санаа нийлэхгүй хүн байж болох юм. Тэгвэл дараах нэгэн судалгааг сонирхуулья. Африк ээж нар хүүхдээ ерөөсөө хаа ч явсан үүрч явдаг байжээ.
Өдөр шөнөгүй, баяр ёслолоор гээд үргэлж л ээжийнхээ дэргэд байгаа тэд ээжийнхээ үзсэн харсан бүхнийг харна гэсэн үг. Тэгэхээр маш их зүйл үзэж харнаа даа. 2 настай ийм африк хүүхдүүдийн сэтгэхгүй үе тэнгийн европ хүүхдүүдийнхээс илүү байсныг судалгаагаар тогтоож байжээ. Гэхдээ нийгмийн хөгжлийн. түвшингээс болоод үүнээс хойш тэднээс хоцордог байсан гэнэ. Бас эхний нэг сард хүүхэд орчноо ажиглан маш их зүйл мэдэж авдгийг сэтгэлзүйчид баталжээ. Хүүхдийг хажуулж тавих, гэдсээр нь хэвтүүлэх нь орчин тойрноо ажиглах боломж олгож, хүүхэд толгойгоо эрт дааж, чийрэг болдог. Ээж аав нараа энэ бүхнийг бодолцож үзээрэй
Эх сурвалж: “Бид ба манай хүүхдүүд” номын хэсэг.
URL: