Монголын улс төрийн тогтворгүй байдал хоёр хөршид нөлөөлөх үү?

59b9cade38a756.65319382-Гашуун Сухайтын боомт орчимд гаалийн ажиллагаа саатсан гэх шалтгаанаар 150 гаруй км дараалал үүсчээ-

Монгол Улс хоёрхон хөрштэй, далайд гарцгүй орон. Хоёр хөршийн тухайд дэлхийд улс төр, эдийн засаг, геополитик зэрэг өрсөлдөх хүчин зүйлээрээ ямагт тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг. Гэхдээ энэ хоёр улсад сөргөлдөх шалтгаан олон бий. Иймд бид хоёр талын харилцааг тэнцвэртэй хадгалж үлдэхээс өөр аргагүй. Нөгөөтэйгүүр урд хөрш маань дэлхийн хамгийн том зах зээл. Чухам энд л улс гүрнүүд түүхий эд нийлүүлэхийг чармайдаг. Харин манайх хуурай газраар шууд хиллэдэг, голлох ордууд Хятадтай ойр зэрэг давуу талуудтай. Гэхдээ энэ давуу талаа яг таг ашиглаж байна уу гэвэл үгүй.

Тэр ч бүү хэл Монгол, Хятадын харилцааг хүйтрүүлэх олон шалтаг гаргаж ирэх болжээ. Тухайлбал, Монголын төрийн удирдлагууд, түшээдийн амнаас бодлогогүй гэх үү, мэдлэггүй гэх үү, урд хөршийг шууд буруутгасан, манайхыг шулж луйвардаж байгаа гэх утгатай үгс үе үе гардаг. Үүний нэг жишээ нь 2012-2016 онд УИХ-ыг даргалж байсан З.Энхболд Тавантолгойн ордыг Хятадын компаниуд япончуудтай хоршин шамшигдуулж байна гэж мэдэгдсэн. Чуулганы танхимд яригдсан энэ асуудал тухайн үед хятадуудын дургүйцлийг хүргэж байсныг тэд хэвлэлээрээ дамжуулан илэрхийлж байлаа. Харин манай тал үүн дээр тоймтой хариулт хэлээгүй өнгөрсөн.

Үүнээс хойш Хятадын тал Монголын нүүрсийг шороон замаар авахаас ил тод татгалзаагүй ч ямар нэгэн шалтгаан гарган хил хаасан, Монгол дахь хэлэлцээрүүдийг цуцалсан асуудлыг хэд хэдэн удаа гаргасан билээ. Мэдээж тэдний тал маш албан ёсны, дипломат байдлаар, техникийн шинжтэй тайлбар өгдөг ч цаад утга нь илэрхий болсон.

Үүнээс гадна Хятад улс монгол оюутнуудад удаан хугацааны виз олгохоор маш олон хоног дугаарлуулсан асуудал энэ намар үүссэн. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй бөгөөд визний нөхцөл хатуу болж байгаа нь анзаарагдсан гэж хүмүүс ярьж байв. Үүнийг олон нийт Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас хятад гарал угсааг доромж, дордоор харлуулж, бусдыг үүгээр гүтгэж байсан хийгээд БНХАУ-тай хийх гадаад худалдаанд олон талаар хориг тавих тухай яриагаар сурталчилгаа, пи-ар хийж байсантай холбоотой гэж үзсэн юм.

Харин өнөөдөр Гашуун Сухайтын боомт орчимд гаалийн ажиллагаа саатсан гэх шалтгаанаар 150 гаруй км дараалал үүсээд байгаа. Энд чухам хэчнээн ачааны машин байгааг одоогоор тооцоолоогүй а ч Хятадын тал нүүрс хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Үүнийг хятадууд мөн л маш дипломат байдлаар тайлбарлаж байгаа ч Х.Баттулга Ерөнхийлөгч ОХУ-тай нүүрсний хэлэлцээр хийсэнтэй шууд утгаар холбон үзэх боломжтой гэж ул стөрийн хүрээнийхэн хэлж байгаа.

Энэ бүх нөхцөл байдлыг 100 хувь АН-ын буруу гэж үзэх аргагүй ч Монголын улс төрийн тогтворгүй байдалтай холбох нь хамгийн үнэн шалтгаан болно. Хэдийгээр Засгийн газар огцроод хэдхэн хонож байгаа ч манай эдийн засаг, нийгэмд үр нөлөөгөө тусгаад эхлэв бололтой. Тодруулбал, Засгийн газрыг огцруулсантай холбоотойгоор Монголын бондын ханш олон улсад унажээ.

Бид нэгэнтэй сүр дуулиантайгаар гаргаж асан, 2022 онд буцаан төлөх ёстой “Чингис” бондын ханш тогтмол хурдаар унасаар 97.539 цент болжээ. Энэ нь 2017 оны хамгийн том уналт болж байгаа аж. Үүнээс гадна Хөгжлийн банкнаас гаргасан, 2021 онд төлөх ёстой бондын ханш 0.270 центээр буурснаар нэгж бондын ханш нь 117.729 цент болсон байна. Энэ нь өнөөгийн байдлаар аймшигтай том цохилт болж мэдрэгдэхгүй ч энэ янзаараа үргэлжлээд байвал 2018 оны эхээр ахин сэргэх хандлагатай байсан Монгол Улс нэг мөсөн элгээрээ хэвтэх магадлалтай болжээ.

Одоо олон улс Монголыг салаа зам дээр ирснийг ажиглаж байна. Өөрөөр хэлбэл, шинэ Ерөнхийлөгч, шинэ Засгийн газар маань олон улсын харилцаандаа биш юм аа гэхэд дотоодын тогтвортой байдалдаа хувь нэмэр оруулах эсэх нь Монгол руу хөрөнгө урсах, урсахгүйг шийднэ.

erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих