ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТУХАЙ 15 БАРИМТ
Дотоодын нийт бүтээгдэхүүний 36 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуй эдийн засгийн тулгуур салбарын нэг. Монгол Улс 2016 оны жилийн эцэст анх удаа 61.5 сая толгой мал бүртгэж авсан. Үүний 27.8 сая хонь, 25.5 сая ямаа, 4.08 сая үхэр, 3.6 сая адуу, 401 мянган толгой тэмээ. Мал эрчимтэй өсч байгаа ч бэлчээрийн даац, малын үүлдэрлэг байдал, ашиг шимийн талаар нухацтай бодлого шийдвэр гаргаж хойшлуулшгүй шийдвэл зохих олон асуудал бий болоод байна гэж салбарынхан дүгнэдэг.
Ганцхан баримт өгүүлэхэд, манай улс дөрвөн сая үхэртэй. Хятадын махны хэрэглээ жилд 90 сая тонн. Нэг кг хонины махны экспортын үнэ 3.8 ам.доллар. Иран улс гэхэд долоо хоногт дөрвөн мянган тонн мах авъя гэсэн саналыг манай улсад тавьдаг.
Энэ нь долоо хоногт 650 мянган хонь гэсэн үг. Харин дотоодын махны үйлдвэрүүдийн хүчин чадал нийлээд долоо хоногт 1500 тонн. Мөн Саудын Арабын хунтайж ирээд жилд 4-5 сая хонь авах санал тавьсан байгаа. Гэвч эдийн засгийг тэтгэх махны салбарын экспорт Монгол Улсад дараалан гарч байгаа малын гоц халдварт шүлхий өвчнөөс шалтгаалан царцаж байна.
Шүлхий өвчин өнөөдөр хөдөө аж ахуйн салбарыг төдийгүй нийслэлчүүдийн хувьд тулгамдсан асуудал болоод байна. Гоц халдварт энэ өвчин өнөөдөр нийслэлийн зарим дүүрэгт гарч байгаа нь оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдалд заналхийлж байгаа юм. Энэ удаа малын гоц халдварт шүлхий өвчний тухай 15 ноцтой баримтыг бэлтгэн нийтэлж байна.
- Монгол Улсад 2000-2010 онд хамгийн багадаа 31 удаагийн хэвийн бус олон тооны халдвар нэвтэрч тархсан байна. 2000 оноос хойш 13 удаагийн шүлхий өвчний өөр өөр төрлийн дэд хэвшлүүдээр үүсгэгдсэн тохиолдол гарснаас 12 удаагийн тохиолдол нь Хятад улстай хил залгаа бүс нутагт 1 удаагийн тохиолдол нь Улаанбаатар хотын орчим бүртгэгдэж байжээ.
- Шүлхий дан ганц Монгол Улсын асуудал биш, бүс нутгийн асуудал болж хувирдаг. Жишээ нь, 2010 онд Азийн орнуудад шүлхий хүчтэй дэгдсэн бөгөөд энэ үеэр солонгосчууд Монголоос түйрэнтэй хамт шүлхий орж ирлээ гэж үзээд эрэг хавийнхаа шорооноос авч, шинжилж байсан гэнэ.
- Орос, Хятадад шүлхий өвчин дэлгэрэхэд тус онууд эл өвчнийг Монголоос орж ирсэн гэж үздэг байна.
- Тухайлбал, 2010 онд дэгдсэн гоц халдварт шүлхий өвчний нянг шинжилсэн олон улсын лабораториуд өвчний нян үүсгэгч нь Зүүн өмнөд Азийн Малайз, Вьетнамаас гаралтайг тогтоож, монголчуудыг хардлагаас аварч байжээ.
- Монголын тал мөн өвчнийг Хятадаас орж ирдэг байх магадлалтай гэж харддаг. Манай улсын хилийн бүс зурвас хоёр давхар хашаатай, 15 км орчимд мал бэлчээхийг хориглосон байдаг. Гэсэн ч хууль бусаар үржлийн мал импортлох замаар халдвар орж ирсэн байх магадлал өндөртэй. Мөн тээврийн хэрэгсэл, бусад төрлийн хэрэгсэл, хүний хөдөлгөөн зэргээр халдвар тархдаг гэж мэргэжлийн дүгнэдэг.
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хилийн биоаюулгүй байдлыг хангах хяналтыг 2003 оноос хойш хэрэгжүүлсэн бөгөөд 2004-2016 онд жилд гаднаас нэвтэрч орж ирсэн халдварын тоо урьд өмнөхөөс 3 дахин нэмэгджээ.
- 2017 оны есдүгээр сарын байдлаар 21 аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчний нян дэгдээд байна. Үүнээс гадна давхардсан тоогоор 406 суманд боом, галзуу, цусан халдварт, листериоз, иж балнад, шөвөг яр, сохор догол зэрэг нийт 17 төрлийн мал амьтны халдварт өвчин 729 удаа гарсан талаар албаныхан мэдээлжээ.
- Энэ онд тархсан шүлхий өвчний хоёр төрлийн халдвар нь БНХАУ болон ОХУ-аас орж иржээ.
- Улсын хэмжээнд таван сая гаруй мал өвчилж, сая орчим толгой нь хорогджээ.
- Шүлхий өвчний нян тээсэн нууц халдвартай малаас 3000 дахин их вирус ялгардаг.
- Шүлхийн голомтыг өдөр бүр ариутгал хийх шаардлагатай. Гэтэл бодит байдал дээр нэг удаа ганц хоёр тн хлорын шохой, 500 л формалин өгдөг байна.
- Шүлхий салхиар халдварладаг. Гэхдээ ийм нөхцөл чийглэг уур амьсгалтай оронд үүсдэг. Манайд бол голдуу хүн, мал, зэрлэг амьтны хөл, хөдөлгөөнөөр халдвар тархдаг аж.
- Малчид халдварт өвчний голомттой хашаа хороо, бууц, буйраа ариутгадаггүй нь өвчин тарах үндэс болдог гэж мэргэжлийнхэн дүгнэдэг.
- Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг Мал эмнэлгийн салбар болон МХЕГ гэсэн хоёр байгууллагад хуваасан нь өвчин дамжин халдварлахад шууд хяналт тавих, хилийн био аюулгүй байдлыг хангах бодлого, зохицуулах зэрэг үйл ажиллагааг цалгардуулсан.
- 2017 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам улсын хэмжээний 330 сумын малын эмч нарт мотоцикл өгсөн байна. Энэ нь сүүлийн 20 гаруй жил бодлогоос гээгдэж үлдсэн малын эмч нарыг идэвхижүүлэх ажлын эхлэл болно гэж үзсэн байна.
URL: