Эрх баригчид шинэ Засгийн газрын бүтцэд ”гар дүрэх” үү
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11:00 цагаас хуралдахаар товложээ. Тус намын Удирдах зөвлөл энэ долоо хоногийн лхагва гаригт хуралдаж, Бага хурлаа энэ сарын 25-ны өдөр хуралдуулж, шинэ Засгийн газрын тэргүүнийг томилох шийдэлд хүрсэн билээ. Тэгвэл өнөөдрийн бүлгийн хуралдаанаар шинэ Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
МАН 2016 оны УИХ-ын сонгуульд олонх болсон даруйдаа “Мэргэжлийн” Засгийн газрыг байгуулж, шинэ Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж, төвхнөсөн. Гэсэн ч энэ удаа мөн л Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт хийхээр зэхэж байгаа бололтой.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар яамдын тоог цөөлж, дэд сайдын суудлыг хасахаар төлөвлөсөн гэх. Гэхдээ энэ нь гишүүдийн дэмжлэгийг авахгүй байх магадлал өндөр байгаа аж. Уг нь улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед дэд сайдын суудал нь “илүү” гэдгийг хэлэх хүн олон байна. Гэхдээ энэ зөөлөн сэнтийг МАН-ынхан халж дөнгөх эсэх нь удахгүй тодорхой болно.
Харин Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд “гар дүрэх” эсэх болон хэрхэн өөрчлөх талаарх мэдээлэл хараахан алга. Тэгвэл өдгөөгөөс нэг жилийн өмнө “Мэргэжлийн” Засгийн газрыг байгуулах үед Засгийн газрын бүтцийг хэрхэн өөрчилж байсныг эргэн сануулъя.
Монгол Улсын 29 дахь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцэд оруулсан өөрчлөлтөд 2 яамыг татан буулгасан байв. Тодруулбал, Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж Хүнд үйлдвэрийг нь уул уурхайн яамтай, Хөнгөн үйлдвэрийг нь хүнс хөдөө аж ахуйн яамтай нэгтгэсэн. Мөн Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яамыг нэгтгэж Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам болгон Ерөнхий чиг үүргийн яамдын тоог нэгээр нэмж батлуулсан билээ.
Мөн яамдын нэр дээр хэд хэдэн өөрчлөлтийг оруулж байсан юм. Тодруулбал Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас Ногоон хөгжил гэдэг үгийг нь хассан бол Гадаад хэргийн яамны нэрийг Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яаман дээр спортыг нэмсэн, Уул уурхайн яаманд дээр хүнд үйлдвэр нэмсэн, Хүнс хөдөө аж ахуйн яаман дээр хөнгөн үйлдвэрийг нэмсэн, Эрүүл мэндийн яамнаас Спортыг хассан зэрэг хэд хэд бүтцийн өөрчлөлтийг хийж байсан юм.
Тодотговол “Мэргэжлийн” Засгийн газар нь 13 яам, 16 сайдтайгаар өнгөрсөн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Үүнд:
- Монгол Улсын Ерөнхий сайд;
- Монгол Улсын Шадар сайд;
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
- Гадаад харилцааны сайд;
- Сангийн сайд;
- Хууль зүй, дотоод хэргийн сайд;
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
- Батлан хамгаалахын сайд;
- Барилга, хот байгуулалтын сайд;
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
- Зам, тээврийн сайд;
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
- Эрчим хүчний сайд;
- Эрүүл мэндийн сайд.
Түүнчлэн ”Мэргэжлийн” Засгийн газар нь 27 агентлагтай ажилласан бөгөөд үүний 10 нь тохируулагч, 17 нь хэрэгжүүлэгч агентлаг байв. Мөн нэгдсэн удирдлагаар үйл ажиллагаа нь хангагдаж байсан зарим агентлагыг салгасан. Тодруулбал, Гааль, татварын ерөнхий газрыг тусад нь байгуулж, Тахарын алба татан буугдаж, гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг пункц нь Цагдаагийн байгууллагад шилжин очиж байв.
Харин энэ бүхнийг одоо хэрхэн өөрчлөх эсэх нь тун удахгүй шийдэгдэх юм.
24tsag.mn
URL: