Жүжигчин Батаа: Би Балган шиг “аймаар” дурласан

Түүнийг “банш” Батаа, “бондгор” Батаа гэдгээр нь хүмүүс андахгүй. Жүжигчин Д.Баттөмөрийн бүтээсэн дүр бүхэн үзэгчдийг хөгжөөж, тэдний хайрыг татдаг гэдэгт хилсдэхгүй биз ээ.

Тэрбээр өнгөрсөн зун хэд хэдэн кинонд тоглож амжсаны дээр ирэх даваа гаригт буюу арваннэгдүгээр сарын 21-нд нээлтээ хийх “Учиртай 3”-гийн Балганы дүрийг бүтээчихэж. Үргэлж л гэнэн гэмээр томоогүй, дэггүй дүрд хувирдаг жүжигчин маань хүссэн бүхнээ өөрийн болгодог ноёны дүрд тоглосон нь сонирхолтой санагдана. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Өнгөрсөн зун таны хувьд хувийн болоод хувьсгалын ажил ихийг амжуулсан нь хийсэн бүтээснээс тань тодорхой харагдаж байна?
-Зуны гурван сар зүгээр суусангүй ээ. Шведэд сарын турш гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын тухай “Цэлмэг тэнгэр” нэртэй киноны гол дүрд тоглочихоод ирсэн. Мөн үргэлжлүүлээд Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолын Балганы дүрийг бүтээсэн. Киноны зураг авалтыг Архангай аймгийн Чулуут суманд хийж дуусгасан. Одоо ирэх даваа гаригт нээлтээ хийхээр хүлээж байна.

-Та Балганы дүрийг бүтээсэн гэлээ. Яаж яваад энэ дүр дээр ажиллах болчихов оо?
-Монголын сонгодог зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиол бол 1920, 30-аад оны түүхэн үеийг харуулдаг. Тэр утгаараа жүжигчин хүний хувьд монгол ахуйг харуулсан энэ мундаг зохиол дээр ажиллах саналыг их олзуурхан хүлээж авсан. Ёстой л үнэгүй тоглосон ч яахав хэмээн уухайлан орсон. Амжилттай тоглохыг маш их хичээсэн. Эцэст нь кино дэлгэцэн дээр гарсны дараа үзэгч олон маань дүнгээ өгөх байх. Яг одоо би ингэж тоглосон, тэгж тоглосон гэж яримааргүй байна. Түүнээс гадна нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Тус сонгодог зохиолыг “Монгол фильм” студийнхан орчин үетэй хослуулан маш сайхан бичсэн нь надад таалагдсан. Өөрөөр хэлбэл гол дүрийн дөрвөн жүжигчин нь орчин үе болоод түүхэн үеийг харуулж нэг кинон дээр хоёр дүр бүтээж байгаа нь сонирхолтой санагдсан.

-Үргэлж л хөгжилтэй, бусдын хайрыг татсан дүрд тоглодог таныг сонгодог зохиолын ноёны дүр бүтээсэн гэхээр үзэгчдэд маш сонирхолтой санагдаж байгаа байх?

-Магадгүй хошин урлагт тоглодог жүжигчин энэ мундаг зохиолчийн Балганы дүрд тоглож байна, энэ сайн зохиолыг инээдмийн болгоод алаад хаячих вий дээ гэж эргэлзэж болох юм. Гэвч би дээр хэлсэн. Эрхэм үзэгчид л дүнгээ өгнө. Гол дүрийн хоёр маань загвар өмсөгчид байгаа. Харин манай нөгөө жүжигчин сая сургуулиа төгссөн чадварлаг, өсөх ирээдүйтэй охин байгаа. Бид хоёр гол дүрийнхээ хоёрт маш сайхан үйлчилж өгсөн байгаа.

Миний хувьд орчин үеийн хэсэгт багахан хэмжээний инээдмийн өнгө аясыг оруулж тоглосон. За ингээд яриад байвал киногоо би бүтнээр нь ярьчих гээд байх шиг байна. Ямар ч байсан сайхан хамт олон, сайхан багтай хамтарч ажилласандаа баяртай байна. Энэ киног мэргэжлийн уран бүтээлчид, үзэгчид маань хэрхэн хийснийг үзэхээр, шүүмжлэхээр хүлээж байгаа байх. Ард түмэнд бас Батаа тоглосон болохоор маш сонирхолтой санагдаж байгаа гэдэгт итгэж байна.

-Хэзээ нэгтээ ийм дүр бүтээнэ гэж бодож байв уу?
-Жүжигчин хүний хувьд бодолгүй яахав. Гэхдээ учиргүй ийм дүрд тоглочих юмсан гэж оноож бодож байсангүй. Яахав нэг түүхэн кинонд ч юм уу, цаашаа хараад үхчихсэн баатрын дүрд ч юм уу, тэр үеийн хувцасыг өмсөөд тоглох юмсан гэж бодож явсан. Тэгсэн энэ зун биеллээ оллоо. Монголынхоо тэр ахуй, хувцаслалт, дээл, хэрэгсэл ямар агуу юм бэ гэж бодож өөрийнхөө өмссөн хувцсанд ихэд дурлаж байсан. Тэр хөөрөгний даалин, хантааз, ноён малгай, тав гэзэг… гээд л үнэхээр сонирхолтой байсан. Ер нь би маш их хичээж ажилласан.

-Амьдрал дээр та “Балган” байж үзсэн үү?
-Балган шиг аймаар дурласан. Түүн шиг хайр дурлалынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй байж үзсэн. Мэдээж би гэлтгүй хүн бүр Балган шиг дурлах байх.

-Тэгвэл таныг юу ч хийхээс буцахгүй болгосон тэр хайрын тань эзэн хэн бэ?
-Мэдээж миний эхнэр байлгүй яахав. Бид 9 сарын 22-ны сайн өдөр хуримаа хийсэн. Эхнэр бид хоёр “Учиртай гурав” киноны зураг авалтыг Архангайд хийж дуусгаад л хуримаа хийхээр шийдсэн. Хүмүүс хуримаа төлөвлөж ээлжийн амралтаа тааруулж хийдэг байхад бид шууд л хийхээр болсон. Ээ дээ, хурим гэдэг чинь асар их бэлтгэл шаарддаг юм билээ. Би чинь тоглолтын бэлтгэл ажилд орчихсон манай хүн л ард талын тэрхүү ажлыг амжуулсан даа. Сайхан болсоон бидний хурим..

-Хүмүүс сонирхож байгаа байх. Та ханийнхаа талаар танилцуулахгүй юу. Тантай ихэр юм шиг адилхан гэж сонссон?
-Адилхан шүү. Охин минь нас бага байгаа болохоор эхнэр маань одоохондоо охиноо харж байгаа. Удахгүй сурах байх. Амьдрал буцалж л байна аль аль талаасаа…

-Та кино болоод тайзан дээр олон дүр бүтээсэн. Тэр дундаас таны байгаа байдал, зан араншинтай хамгийн дүйцэхүйц нь ямар дүр бол?
-Ер нь жүжигчдэд өөрт байгаа зан араншинтайгаа төстэй дүр бүтээх илүү хялбархан байдаг. Тиймээс миний тоглосон дүрүүд ер нь л миний зан араншинтай төстэй байдаг шүү.

-Таны бүтээсэн дүрээр тань “банш” Батаа, “бондгор” Батаа гэж нэрийдэх нь бий. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Тэрэнд бол юунд нь эмзэглэхэв. Жаахан байхад чинь над шиг онигор нүдтэй бондгор хүүхдүүдийг бууз, банш, харин том нүдтэйнүүдийг нь тугал гэх мэтээр нэрлэж хочилдог л байсан шүү дээ.

-Тэгвэл хүүхэд ахуйн тань хоч юу байв?
-Андуу гэдэг байсан. Андуу гэж яагаав дээр үеийн төмөр бүслүүртэй модон сав байдаг даа. Поошик шиг гэх юм уу. Яагаад тэгж хочилдог байсан учрыг одоо болтол олоогүй л явна. /инээв/

-Жүжигчин Батаа ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна?

-Мэдээж хүн бүр ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлдөг шиг л харж байна. Тэр бүх гэрэл гэгээ рүү хүрэхийн төлөө ажиллаад л байна, ажиллаад л байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Г.Одгарав


URL:

Сэтгэгдэл бичих