Оросууд дахиад л бүтэлгүйтэв
Энэ оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр ОХУ-ын сансар судлалын төвийнхөн Казакстан улсын сансрын “Байконур” буудлаас “Фобос-Грант” тандан судалгааны төхөөрөмж хөөргөсөн билээ.
“Фобос-Грант” жолоочгүй автомат тандан судалгааны төхөөрөмж нь Марс гарагийн хоёр сарны нэг болох “Фобес” саран дээр газардан түүний хөрснөөс дээж аван эх дэлхийдээ эргэн ирэх даалгавартай байсан юм.
Тодорхойгүй хэлбэр дүрстэй “Фобес” сар нь манай нарны аймгийн нууцлагдмал сарнуудын нэг бөгөөд улаан нүдэн гарагийн тойрог замаас ердөө 10 мянган км-ын зайд оршдог. Тандан судлах “Фобос-Грант” төхөөрөмжийн ачаар бид улаан нүдэн гараг болон түүний сарны төлөв байдал бүтцийг нарийн мэдэж авч болох юм.
Төлөвлөсөн ёсоор “Фобос-Грант” төхөөрөмжийн даалгавар амжилттай болсон бол 2012 онд зорилтот газраа хүрч 2014 онд эх дэлхийдээ эргэн ирэх байлаа. Харамсалтай нь “Фобос-Грант” төхөөрөмж эх дэлхийн тойрог замыг дөнгөж нэвтрэн гарах тэр агшинд хөдөлгүүрийн гал авалцуурт асуудал үүсэн ажиллаж чадсангүй. Төслийн удирдагч хэвлэлийнхэнд “Энэ бол стандарт бус нөхцөл байдал” хэмээн хэлсэн юм.
Зөвлөлт холбоот улсын үед буюу 1980 онд Улаан нүдэн гараг руу тандан судлах төхөөрөмж илгээсэн боловч түүний тойрог замд орсны дараа холбоо тасарсан билээ. Улмаар Зөвлөлт холбоот улс задарсны дараа буюу 1996 онд дахин нэг тандан судлах төхөөрөмж илгээх оролдлого бүтэлгүйтэж дэлбэрсэн бөгөөд төхөөрөмжийн плутонитой түлшний сав Номхон далай болон Чили улсын хооронд хаа нэгтэй газардсан билээ.
Энэ удаагийн төсөлд нийт 65 сая доллар зарцуулаад байсан билээ. Нислэг эхлэхийн өмнөхөн “Новости Космонавты” сэтгүүлийн эрхлэгч Игорь Лисов “Франс пресс” товчоонд өгсөн ярилцлагандаа ““Фобос-Грант” төсөл нь Зөвлөлт холбоот улс задран унасан 1990 оноос хойшхи бидний гүйцэтгэх гэж буй том хэмжээний төсөл бөгөөд хэрвээ амжилттай болбол манай сансар судлалын хөтөлбөрийн эрдэмтэд, инженер зохион бүтээгчдэд асар их сэтгэл санааны дэмжлэг болно. Бид Зөвлөлт холбоот улс задарснаас хойш ялалтын амт гээчийг мартсан байна” хэмээн өгүүлж байсан юм. Харамсалтай нь дахиад л бүтэлгүйтлээ дээ.
URL: