Хөлчүү оюутнуудын хөлд дарагдсан шөнийн цэнгээний газрууд
Зуны гурван cap чимээ шуугиан нь бага зэрэг намжаад байсан нийслэл хот оюутан, сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдлаа. Угтаа бол есдүгээр сарын 1 эрдмийн баяр байлтай. Гэтэл манайд 9 сарын 1 оюутан залуусын уулзалдсанаа тэмдэглэж амаар гартлаа архиддаг баяр болсон гэхэд хилсдvvлэг болохгvй. Үүнийг дагаад хулгайн болон архи согтууруулах ундаатай холбоотой гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Учир нь сүүлийн өдрүүдэд хотоор нэг согтуу залуучууд холхилдож, шөнийн цэнгээний газрууд хөл гишгэх зайгүй болсон гэнэ. Энэ нь манай улсад архины эсрэг хууль, тогтоомж маш сул байдагтай шууд холбоотой. Уг нь одоо байгаа хуулиндаа 21 насанд хүрээгүй эсвэл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэж заасан байдаг. Гэвч энэхүү хуульд захирагдаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага нэг ч алга гэхэд хилсдэхгүй.
Дэлгүүрийн худалдагч нар ашиг, орлогоо бодон согтуу хүн битгий хэл арван настай хүүхдэд ч архи өгөөд гаргачихдаг гэдгийг бид мэднэ. Жилийн жилд өсвөр үеийнхэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хамгийн их дуулддаг үе нь хичээлийн шинэ жилтэй давхацдаг. Улмаар архидалт ихэсч, баар цэнгээний газрууд оюутан, сурагчдын хөлд дарагдана. Энэ бол бичигдээгүй хууль. Ядаж энэ үед хяналт шалгалтаа жаахан ч гэсэн чангатгаж, ядаж л 21 нас хүрээгүй хүүхдүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байж болохгүй гэж үү.
Өчигдөрхөн нэг танил маань надад “Чи захын нэг бааранд ороод хараарай, ихэнх нь арван жилийн сургуулийн сурагчид, оюутнууд байна лээ. Бид ч баар, саванд орохоосоо өнгөрч дээ. Ямар тэр жаахан хүүхдүүдийн дунд нь оролтой биш бушуухан ичээд гарсан ш дээ. Энэ “бацаанууд” бүр арай хэтэрч байна аа. Зарим нэг нь бүр “хотод ирээд 10 хоног дараалан шоудлаа. Төлбөрийн мөнгөөрөө шоудаад дуусгачихсан одоо яанаа” гэж байна лээ” хэмээн их л бухимдангуй хэлсэн юм. Уг нь томчууд биш багачууд л бааранд орохоосоо ичмээр юм. Гэтэл багачуудаасаа томчууд нь ичдэг болсон “цөвүүн” цаг иржээ.
Т.Гэрэл
zaluu.com
URL: