Д.БОЛД: “Гавьяат болсонд чинь баяр хүргэе” гэж олон хүн утасдсан
Өнгөрсөн зун Төрийн ордны их танхимд “Монгол поп” цагаан эсгийний ёслол хийсэн дуучин Д.Болд ирэх долоо хоногт тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүнтэй ярилцлаа.
-Энэ удаагийн тоглолт мэдээж хэрэг өмнөх тоглолтуудаас өвөрмөц болох байх. Тоглолтын талаар яриагаа эхэлье.
-Арваннэгдүгээр сарын 24-26-нд “Монгол поп” тоглолтоо хийх гэж байна. “Монгол поп” цомог сонсогчдын гарт очоод чамгүй хугацаа өнгөрч. Уг цомогт багтсан хэд хэдэн дуугаа дүрсжүүллээ. Цомгийнхоо албан ёсны нээлтийг өнгөрсөн зун Төрийн ордонд хийсэн. Харин одоо “Монгол поп” бие даасан тоглолт маань болох гэж байна. Бие дааж уран бүтээл хийснээс хойш “Хайрын хүч”, “Bold central stadium” тоглолтоо хийсэн. Сүүлийн тоглолтоос маань хойш дөрвөн жил өнгөрч. Тэгэхээр өөрийнхөө тоглолтоор үзэгч, фэнүүдтэйгээ уулзалгүй дөрвөн жил болжээ гэсэн үг. Тиймээс энэ удаагийн тоглолтод “Монгол поп” цомгийн бүх дуунууд дуулагдахаас гадна өмнө нь гаргаж байсан “Хайрын хүч”, “440 герц”, “Only you”, “Амьдралын гол дүр”, “Би чамд хайртай” цомгуудын маань шилдэг дуунууд багтах юм. Яг одоо тоглолтын бэлтгэл ажил ид явагдаж байна. Улсын ардын дуу, бүжгийн чуулгын бүжигчид, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжим, “Гурван охин”, “Шуранхай” хамтлаг, дуучин Эгшиглэн, Цэлмүүн зэрэг маш олон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. Тоглолтын бүх зохион байгуулалтыг “On\’n off” продакшныхан хариуцаж байгаа. Ямартай ч сайн тоглолт хийхээр хичээн ажиллаж байна даа.
-Төрийн ордонд цагаан эсгийний ёслол хийсэн. Тоглолтын үзэгчид мөн цагаан эсгийн дээгүүр алхах болов уу?
-Төрийн ордонд албан ёсны тоглолт болоогүй. Цомгийн маань ёслолын ажиллагаа байсан юм. Одоо бол жинхэнэ тоглолт болох гэж байна. “Монгол поп”-ын хөтөлбөр илүү шинэчлэгдэн сайжирч байгаа. Тайз засал л гэхэд маш гоё байх болно гэж бодож байгаа. Төрийн ордны тайз жижиг учраас санаснаараа засаж чадаагүй. Харин ёслолын ажиллагаандаа өмссөн хувцсан дээрээ нэмээд хэд хэдэн монгол хувцас хийлгэж байна. Өмнөх цомгийн дуу дуулагдаж байгаа болохоор орчин үеийн хувцас өмсөхөөр төлөвлөсөн. Энэ хувцсан дээрээ “Emporio Armani”-тай хамтран ажиллаж байгаа.
-”Монгол поп”-оос хойш шинэ уран бүтээл гаргасан. Тэдгээр дуунууд дуулагдах уу?
-Дуулна. “Гурван охин” хамтлагийн дуучин Солотой хамтран дуулсан “Хагацаж чадах уу” гээд шинэ уран бүтээл маань тоглолтын хөтөлбөрт багтсан байгаа. Мөн “My duet” гээд шинэ цомог маань худалдаанд гарахад бэлэн болсон байгаа. Уг цомгоо тоглолтын үеэр худалдаанд гаргах юм. Энэ цомогт багтсан цоо шинэ ганц, нэг дуугаа дуулна.
-Та болон “Камертон” хамтлагийнхан тоглолтдоо гадны хөгжимчдийг урьсан харагддаг. Энэ удаа хаанахын хөгжимчидтэй байх бол?
-Гаднаас хөгжимчид байхгүй. Дандаа Монголын маань шилдэг хөгжимчид оролцож байгаа.
-Бусад уран бүтээлчид хөдөөгүүр аялан тоглолт хийдэг. Та яагаад явдаггүй юм бэ?
-Хөдөө аймгуудаар тойрон тоглох төлөвлөгөө бол байгаа. Гэхдээ ямар ч байсан эхний ээлжинд нийслэлд байгаа фэнүүддээ сайн, чанартай тоглолтоо хүргээдэхье.
-”Камертон”-ыхон гэнэтийн бэлэг болж тайзан дээр гарч ирэх болов уу?
-”Камертон” хамтлагийнхан маань тоглолтод орно. Гэхдээ урилгаар, тоглолт үзэх юм. Миний тоглолтын хамгийн хүндтэй зочид байх болно.
-Төрийн түшээдээс урих болов уу?
-Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Энэ тоглолт маань үзэгч, фэнүүдэд маань зориулагдсан болохоор хэлж мэдэхгүй байна.
-Та тоглолтоо фэнүүддээ зориулахаас гадна шинээр гарч ирж байгаа хамтлаг, дуучдыг надаас, миний тоглолтоос үлгэр дуурайл аваасай гэж боддог уу?
-Ёстой тэгж бодож байгаагүй юм байна. Өөрийнхөө уран бүтээлийг яаж сайн хүргэх вэ л гэж их бодно доо.
-Тасалбар өвөрмөц шийдэлтэй болсон гэж сонссон. Өнгө, төрхөөс нь танилцуулахгүй юу?
-Тасалбараа хөөрөгний даалингийн загвараар хийлгэсэн. Мэдээж “Монгол поп” урсгал гэж байгаа учраас бүх зүйлээ монгол ахуйтайгаа холбохыг хичээж байна. Тасалбарыг харахад яг л хөөрөгний даалин шиг харагдаж байгаа. Гурван өдрийн тасалбар маань өдөр, өдрөөрөө өөр өөр өнгөтэй хэвлэгдсэн.
-”Хайрын хүч”-ийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглож байсан санагдаж байна. “Монгол поп”-ыг үзэгчид дахиулъя гэвэл яах вэ?
-”Хайрын хүч” тоглолтоо хоёр өдөр тоглох төлөвлөгөөтэй байсан ч үзэгчдийнхээ хүсэлтээр гурван өдөр болгож сунгаж байсан. Одоо харин гурван өдөр тоглож байгаа учраас дахин тоглоно гэсэн ямар нэгэн төлөвлөгөө алга. Тоглолт маань болоход долоо хоногийн хугацаа үлдэж. Сайн тоглолт хийхийг л хүсэж байна.
-Тоглолтын тайз засал ямар байх бол оо?
-Хамгийн сүүлийн үеийн техникээр тайзаа засаж байгаа. Хамгийн сайн, гоё гэсэн зүйлүүдийг бүгдийг нь л хэрэглэж байна даа. Хөгжмийн маш сайн дуугаралт гээд Монголын шилдэг гэсэн бүхнийг тухайн компаниас нь түрээсэлж авч байгаа. Энэ дашрамд хэлэхэд тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Жигүүр гранд” групп ажиллаж байгаа. Баттөр захирал өөрөө хөгжимд хайртай, ойлгодог хүн. Тиймээс миний тоглолтон дээр хамтарч ажиллаж байгаад их баярлаж байгаа.
-”Камертон” тоглолтоо ихэвчлэн арваннэгдүгээр сард хийдэг байсан. Таны өмнөх тоглолт ч бас энэ сард болж байсан. Тохироо нь тэгж бүрдээд байна уу, эсвэл энэ сард учир байна уу?
-Уг нь “Монгол поп” тоглолтоо наймдугаар сард хийхээр төлөвлөж байсан юм. Тэгээд бодож байгаад монгол поп урсгалаа тунхаглая гэж бодоод зориудаар Улс тунхагласны баяраар хийхээр болсон.
-Монгол поп урсгалаар дуулах хүсэлтэй дуучдыг та хэрхэн хүлээж авах вэ. Энэ урсгалыг санаачлан гаргаж ирсэн хүний хувьд бэлдэж өгөх үү?
-Хэн ч дуулж болно шүү дээ. Монгол поп гэдэг бол зөвхөн Болд биш. Энэ урсгалаар дуулъя гэсэн уран бүтээлчтэй манай продакшн хамтарч ажиллахад бэлэн байна. Мөн би өөрөө ч дууных нь тал дээр ажиллаж болно. Маш том урсгалын хэмжээнд дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Тоглолтынхоо дараа бид баримтат кино хийх гэж байгаа. “Монгол поп тайлал” гэдэг нэртэй. Уг киногоороо монгол поп урсгалыг хийх болсон шалтгаан, яаж хийсэн тухай, ер нь Монголын язгуур урлаг гэж юу вэ, үүнийг хэрхэн поп урсгалтай хослуулж болох вэ зэрэг энэ урсгалтай холбоотой бүх л зүйлийг харуулсан баримтат кино хийх юм.
-”B” продакшны дуучид анх гарч ирж байснаа бодвол нам, жим болчихож. Хаагуур, юу хийгээд яваад байна вэ?
-Тухайн үед “В” продакшн дуулах хүсэлтэй уран бүтээлчдийг бүртгэж аваад шинэ уран бүтээлийг нь гаргаж, олонд таниулж байсан. Одоо тэд нартай байгуулсан гэрээ дууссан учраас тус, тусынхаа уран бүтээлийг хөөгөөд явж байгаа. Харин манай продакшны үйл ажиллагаа үргэлжилж байна. Бүрэн бүрэлдэхүүнээрээ “Монгол поп” тоглолтод оролцоод явж байгаа. Тоглолт дууссаны дараа арванхоёрдугаар сард “Гурван охин” хамтлагийн шинэ цомгийн ажилд орох гэж байна. Харин ирэх жилээс шинэ хамтлаг, дуучдыг бүртгэж аваад уран бүтээл дээр нь анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа.
-Наадмын үеэр дуучин Д.Болд гавьяат болох нь ээ гэсэн яриа сонсогдож байсан. Та энэ талаар дуулсан уу?
-Харин тийм. Зарим хүмүүс утасдаад “За баяр хүргэе” гэж байсан. Би “Яасан” гэсэн чинь гавьяат болсонд чинь гээд л. Гавьяа, шагналыг өөрөө хөөцөлдөөд авах нь утгагүй. Өвөө маань ч гэсэн хэлдэг л байсан. Шагналын төлөө битгий хөөцөлдөж байгаарай. Ажлаа сайн хийгээд явж байхад гавьяа, шагнал гэдэг цаанаасаа олгогддог зүйл юм шүү гэж байсан. Ер нь ч тэгээд шагнал өгсөн өгөөгүй дуугаа дуулаад, уран бүтээлээ хийгээд л явж байх юм чинь. Аяндаа авах үе нь ирвэл авах л байх гэж боддог юм.
С.АЛТАНЦЭЦЭГ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН
URL: