ӨГҮҮЛЛЭГ: Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн
Үүрийн 04:00 цаг. Харанхуй өрөөнд гэнэт гэрэл мэлсхийн туслаа. Үүнтэй зэрэгцэн хэн нэгэн ямар нэгэн зүйл гүд гүдхийн залгилах чимээ түнэр харанхуй чив чимээгүй орчинг цочооно…
Эгшиглэн хөргөгчний хаалга онгойлгон савтай сүү задлан залгилсан нь тэр байв.
“- Ёооё, ёстой хатаж үхэх шахлаа. Яасан халуун юм бэ?” гэсээр амаа гарынхаа ар талаар арчин сүүгээ таглав. Тэгэхдээ тэр нэгэн зүйлийг ажиглалаа. Сүүний хугацаа дууссан байв. Саяхан түүний шунамхайран залгилж талаас илүү хувийг нь хэдийн ходоод руугаа шилжүүлсэн савтай сүүний хугацаа заасан бичиг одоо түүнийг дооглон инээх шиг.
Сүүний ч, махны ч тэр байтугай өглөө болгон будаж орой болгон арилгадаг нүүрний будагных нь ч хугацаа дуусдаг. Тэр үнийг багаасаа мэддэг байсан. Хоёр салаа гэзгээ годгонуулсан бяцхан охин байхдаа ээждээ тусладаг сайн охин байхын тулд өдөр бүр дэлгүүр гарахдаа хүнснийхээ хугацаа заасан бичгийг хэд дахин лавлан харж байж авдаг хашир охин байсан сан. Гэхдээ тэр хашир охин бараа бүтээгдэхүүний хугацаа дуусдаг гэдгийг л мэдэхээс биш хүний хугацаа дуусдаг гэдгийг мэддэггүй байжээ. Хүний хугацаа дуусдаг… Тийм ээ бүх зүйлийн хугацаа дуусдаг шиг хүний хугацаа ч мөн дуусдаг. Хэн нэгэн чиний хажууд үүрд эсвэл түр зуур тодорхой нэгэн цаг хугацаанд л оршин байхын тулд ирдэг. Тэр хугацаа нь дуусахад тэд өөрсдөө яваад өгдөг юм. Хугацаа нь дуусчихаад байхад “явуулахгүй” хэмээн чаргууцалдан зууралдвал тэр биш чи л өвдөнө. Яг л хугацаа нь дууссан сүү уувал дараа нь гэдэс чинь өвдөхтэй адил…
Эгшиглэн ахлах сургуулиа төгсөөд оюутан болсон жилээ цоо шинэ нэгэн хайртай учирсан юм. Амьдрана гэдэг өөрөө бэлэг бол хайрлаж хайрлагдана гэдэг нь амьдралын зүгээс өгч байгаа бас нэгэн бэлэг. Хязгааргүй их хайраа хүн бүрт түгээж халуун дулаан сэтгэлээр туслан явдаг байсан түүний хувьд эргүүлээд тэр их сэтгэлийг хэн нэгнээс авах болсон нь хамгийн том бэлэг байлаа. Эхийнхээ хайраар өлгийдүүлж өсөхдөө хэн нэгэн нүдэнд дулаахан хөвгүүний хайраар өлгийдүүлэн бөөцийлөгдөх цаг эрт хожим хэзээ нэгэн өдөр ирнэ гэж тэрээр зүүдэлж ч явсангүй. Нойроо харамлан сэрүүлгээ хойшлуулсаар хичээлээсээ хоцрох шахсан шинэхэн оюутан цүнхээ сугавчлан гэрээсээ гарч гүйсээр хөдлөх гэж буй автобусны зүг хөлийн хурд мэдэн харайлгаж бүдчин орж ирэхдээ хаалганы ойролцоо зогсож байсан нэгэн хөвгүүний хөл дээр гишгэж орхисон тэр мөчөөс энэ бүхэн эхэлсэн юм. Үүнээс хойш өглөө болгон түүнтэй автобусанд таардаг боллоо. Би үргэлж гартаа ном барин уншиж явах бол тэр байнга чихэвч зүүн явдаг байв. Хэн хэнийхээ талаар нарийн зүйл мэдэхгүй зүгээр л автобусанд таарсаар өнгөрсөн хоёр сар… Гэхдээ Эгшиглэн бас ч гэж азтай байлаа. Тэр нүдэнд дулаахан залуугийн өмссөн дүрэмт хувцсан дээрээс нэрийг нь олж мэдэх боломжтой байв. Түнийг Дөлгөөн гэдэг ажээ. Дүрэмт хувцсыг нь ажиглаад байхад Батлан хамгаалахын их сургуульд сурдаг бололтой. Заримдаа өөрийн мэдэлгүй өнөөх хэн нь мэдэгдэхгүй хөвгүүнийг нүдээрээ хайна. Нэгэн амралтын өдөр үд болтол унтаж сэрээд нүдээ нухлан цахим хаягаа шалгатал найзын хүсэлт ирсэн байв. Хальтхан гүйлгэж харахдаа гэнэт нэг танил царай олж харлаа. Хэн билээ хаана харлаа гэж удаан бодсоны эцэст цайгаа ууж байхдаа “Нөгөө автобусанд таардаг хөвгүүн” гэж санан огцом санасандаа сандарч цайндаа гахаж цацан бөөн юм боллоо. Ийнхүү нэг чиглэлийн автобусаар өглөө болгон хамт явдаг гэдгээс өөр зүйлс мэдэхгүй хоёр бие биенийхээ талаар тэр өдөр тодорхой хэмжээний мэдээлэлтэй болж амжсан юм. Тэрээр Батлан хамгаалахын их сургуулийн 2-р дамжааны оюутан байв. Автобусанд таардаг байсан тэд одоо хамт явж хамт ирцгээдэг болов. Хэнд ч хэлж үзээгүй “Би чамд хайртай” гэх гуравхан үгнээс бүрдсэн хэрнээ хэдэн зуун сэтгэл хөдлөл дотроо багтаасан энэ нандин үгийг 17 нас хүртлээ өөртөө хадгалсны эцэст тэр нүдэнд дулаахан хөвгүүнд анх хэлсэн тэр мөчөөс Эгшиглэн түүнд 100% дурласнаа ойлгосон юм. Арван жилийн сурагч байхад нь нэг мундаг лектор хүн ирж лекц тавихдаа “Хүнд хэзээ ч битгий 100% дурла. Ядаж 70% дурла. Үлдсэн 30%-д нь чи амьд явах хэрэгтэй шүү дээ” гэж хэлж байсныг тэр үедээ санаашран санагалзсан ч хайр дурлалдаа бялхан хоног хугацааг үл хайхран цаг мөчийг өнгөрүүлж байлаа. “Санасан шүү, хайртай шүү, хоолоо сайн идээрэй, өнөөдөр ядарсан уу, хамт кино үзэх үү, эрт унтаж амар гуйя” гэх энэ л сэтгэлд дотно үгсийг өдөр алгасалгүй сонсож байгаадаа сэтгэл зүрх нь догдолно. Бүтэн хоёр сар автобусанд нэгнээ мэдэхгүй ч харц тулгаран өнгөрсөн танидаггүй ч хэдийн танилууд болсон учир нь үл ойлгогдох харилцаа. Бүтэн хоёр жил нэгнээ халамжилж, тэмдэглэлт баярын өдрүүдээр мэнд хүргэн бэлэг бэлэглэж, заримдаа муудалцан хэрэлдэж, уучлалт гуйн эвлэрсэн үерхээгүй ч хэдийн нэгнээ хайрласан хүмүүсийн учир утгагүй ойлгомжгүй харилцаа. Хайртай гэж хэлэх мөртлөө хайртайгаа батлах гэж оролдоогүй Дөлгөөний төөрөгдөл. Хайртай гэж хэлсэнд нь итгэн зүгээр л хүлээх Эгшиглэнгийн итгэл. Намайг битгий орхиорой гэж гуйсан хэрнээ өөрөө аль хэдийн хөндийрсөн Дөлгөөний эргэлзээ. Хэзээ ч орхихгүй гэж амласан учраас амлалтандаа хүрэх гэж хичээх Эгшиглэнгийн хичээл зүтгэл. Би ганц л чамд хайртай гэж хэлээд өөр нэгнийг тэврээд явсан Дөлгөөний болчимгүй зан. Тэр ганцхан надад л хайртай хэмээн шивнэн уйлах Эгшиглэнгийн нулимс.
18 нас. Ахиад олдохгүй 18 насныхаа төрсөн өдрөөр найзуудтайгаа хамт гадуур гарч явахдаа тэр Дөлгөөнийг олж харсан. Жаргалтай нь аргагүй инээж хайрласан харцаар дэргэдэх охиноо харах тэрбээр инээмсэглэн чихэнд нь ямар нэгэн зүйл шивнэнэ. Магадгүй “Намайг битгий орхиорой” гэж байгаа биз. Хэзээ ч мартагдахааргүй мартъя гэсэн ч боломгүй 18 насны төрсөн өдөр. Өөрийн эрхгүй утсаа шүүрэн авч зурвас илгээлээ.
-Чи найз охинтой болсноо яагаад хэлээгүй юм бэ?
-Надад эвгүй байсан юм. Одоо ч гэсэн эвгүй байна…
-Хэлсэн бол би ойлгох л байсан. Хоёр жил…хоёр жилийн турш чамд сайн явлаа. Жаахан л хүлээвэл хүрээд ирнэ байх гэж итгэж явлаа. Чамайг надаас илүү халамжилж сэтгэл гаргах хүн байгаа гэж үү? Байж чадна гэж үү?
-Тийм ээ байхгүй, чи надад ямар их сэтгэл гаргадаг байсныг би мэднэ. Гэхдээ хоёулаа тохирохгүй.
Тохирол гэж ер нь юу юм бол оо? Ямар хүмүүс хоорондоо тохирдог юм бол? Халуун пицца хүйтэн кола хоорондоо тохирдог гэсэн. Гашуун кофе зөөлөн сүү хоорондоо тохирдог гэсэн. Тэгвэл ямар хүмүүс тохирдог юм бол?
…Гэхдээ хоёулаа тохирохгүй. “Гэхдээ” гэх энэ үгний урд хэлэгдсэн бүхэн ямар ч үнэ цэнгүй болж хувирдаг. “Гэхдээ би чамд хайртай…, Би чамд хайртай. Гэхдээ…” энэ хоёрын хооронд асар их ялгаа оршдог. Эгшиглэн түүнийг дэргэдээ байлгахыг хүсэж байсан. Гэхдээ уйлж уурлаж учирлаж янз янзаар гуйсан ч түүний бодол өөрчлөгдөхөөргүй байсан. Амьдрал ийм л байдаг. Тэр миний амьдралд дахиж ирэхгүйгээр холдон явсан ч, дэргэдээ байлгахыг хүссэн ч дэргэд байх хугацаа нь дууссан учраас одоо би түүнд гомддоггүй. Гэхдээ арай эрт тавьж явуулсан бол би тэгтлээ их шаналж шархалж үлдэхгүй байснаа сайн мэддэг. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ямар л олиг байхав. Хугацаа нь дуусчихаад байхад хамт байх гэж хичээгээд байсан учраас би хүнд өвчилсөн. Тэр хүнд өвчин одоо л бүрэн эдгэж дууссан бололтой.
Бодолд автан зогсохдоо үл ялиг даарч эхэлснээ Эгшиглэн анзаарлаа. Хөргөгчөө хаалгүй хэчнээн ч удаан өмнө нь зогссон юм. Цаг харвал хэдийн 7 цаг болжээ. Савтай сүүгээ хогийн сав руу хийгээд гүнзгий амьсгаа автал дотор нь муухайрлаа. Хугацаа нь дууссан сүүнээс болов уу? Эсвэл хугацаа нь дууссан “түүнээс” болов уу? Бие нь учиргүй их тавгүйрхэн сандал дээр лагхийн суугаад “Дөлгөөнөө” гэж дуудахад 6 орчим насны жаахан хүү нүдээ нухлан “-Яасан ээжээ” гэсээр орж ирлээ.
2017.09.02
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Өгүүллэгийнх нь зохиолч байналдаа. Энэ өөр сайтад төлбөртэй тавигддаг өгүүллэгүүдийн маань нэг. Тийм байхад ингэж асуухчгүй тавихаа болимоор юм