АНУ-ын зэвсэгт хүчин аврах ажиллагаанд оролцоно
АНУ-ын зэвсэгт хүчин Флорида муж руу дөхөж байгаа хар салхи Ирмад өртөж,хохирч болзошгүй хүмүүст туслахын тулд Абрахам Линкольн цөмийн тээвэрлэгч хөлөг онгоцыг ашиглах юм байна. Тус улсын зэвсэгт хүчний удирдлага ингэж мэдэгдсэн бөгөөд байлдааны тээврийн Иво Жима, Нью-Йорк хөлөг онгоцуудыг мөн шуурганд өртөж болзошгүй газруудад илгээжээ.
Зэвсэгт хүчнийхний мэдэгдэлд “Энэ хөлөг онгоцнууд нь эмнэлгийн тусламж, агаараас дэмжлэг үзүүлэх, усан замын аюулгүй байдлыг хангах мөн экспидецийн дэмжлэг үзүүлнэ” гэж дурджээ. Тус хүчний удирдагчид энэ бүх арга хэмжээний гол зорилго нь гарз хохирлыг багасгах,хар салхинд өртсөн хүмүүсийн амь нас болон аюулгүй байдлыг хангах юм гэж онцлон тэмдэглэв. Мөн өнгөрсөн баасан гаригаас Флорида муж руу дөхөж яваа усан цэргийн хүчнийхэн өнөөдөр эхлэх аврах үйл ажиллагаанд үлэмж тооны нисдэг тэрэг оролцуулна гэж тооцоолж байгаа юм. Пентагоноос ачааны том, дунд оврын 27 нисдэг тэрэгнүүдийг зөөврийн тээвэрлэгч онгоц болон бусад хөлөг онгоцнуудад тээвэрлэж авч явахыг зөвшөөрөл өгсөн байна. Эдгээр нисдэг тэрэгнүүдийн гурав нь тус улс Ойрхи дорнод дахь үйл ажиллагаандаа ашиглаж байсан том оврын нисдэг тэрэг Супер Сталлион юм. Энэ үйл ажиллагаанд мөн 50 “Ф-16” сөнөөгч онгоцноос гадна хуурай болон усан замын 300 гаруй цэрэг оролцох аж. Өнгөрсөн долоо хоногоос Улаан загалмай нийгэмлэгийн нүүлгэн шилжүүлэх баг, орон нутгийн цагдаагийн газар, сайн дурынхан нүүлгэн шилжүүлэх ажилд туслан ажиллаж байгаа бөгөөд өнөөдрөөс авран хамгаалах үйл ажиллагаанд зэвсэгт хүчнийхэнтэй хамтарч ажиллана.
Үүнээс гадна Миами хотын Амьтад хянах газрын ажилтнууд болон өөр хотуудын гал сөнөөгчид хамтрах юм. Холбооны Засгийн газрын онцгой байдлын газар нь ерөнхий орон нутгийн Засаг захиргаатай хийх ажлуудаа хар салхи өнгөрсний дараа тохиролцох юм байна.
Энэ мужийн ойролцоох америкийн цэргийн ангиуд яаралтай нүүлгэн шилжүүлэх болон аврах хамгаалах,тусламж үзүүлэх ажиллагаанд бэлэн байх тушаал авсан байна. Одоогоор мужийн хэмжээнд өнгөрсөн бямба гариг хүртэл зургаан сая гурван зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг тушаагаад байсан билээ. Гэвч хар салхинд илүү их өртөнө гэж таамагласан бүсүүдэд амьдардаг бүх ард иргэд ямар нэгэн шалтгаанаар нүүлгэн шилжүүлэх зааврыг биелүүлээгүй аж. Орон нутгийн болон төрийн эрх баригчид оршин суугчдыг ар гэрээ хурдан орхихыг шаардсан боловч нүүлгэн шилжүүлэх ажил өнгөрсөн бямба гаригт дууссан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛД
URL: