Замаа олигтой хийчихэж чадахгүй байж юун цөмийн энерги…

Сэтгэл гонсойтол газар нутгаа ухаж төнхөх уул уурхайн солиорлын хажуугаар харийнхны хортой хаягдлыг эх нутагт маань булшлах гэж байгаа тухай яригдах болсон.

Хэдийгээр Гадаад хэргийн сайд Ш.Занданшатар энэ талаар ямар нэг асуудал хөндөгдөөгүй хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж буй ч дэлхий дайд дэмий шуугихгүй л болов уу гэх эмзэглэл байсаар байгаа билээ, олон Монгол хүний сэтгэлд. За ямартай ч цөмийн хаягдалыг Монголд булшлах асуудал хөндөгдсөнөөс үүдэн Цөмийн энергийн газрынхны ажлын тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байсан ч гурвантаа хойшилсон.

Эхний удаад С.Энхбат дарга гадаадад томилолттой байсан бол дараагийн хуралдаан дээр гэнэт бие нь муудаж, ухаан алдан, эмнэлэгт хүргэгдсэн. Одоо ч тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Үнэнийг хэлэхэд Цөмийн энергийн газрын даргыг гэнэт ухаан алдан унасан тэр үеэс л энд ямар нэг “но” байгаа учраас эл хүмүүн элдэв мэдэгдэл гаргахаас татгалзаж байгаа юм байна гэх хардлага нийгэмд бий болсон. Үнэндээ 2009 онд Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн нь зүгээр нэг тохиолдол биш байх аа.

Учир мэдэх хүний хэлснээр уг тогтоолын гол нь цөмийн хаягдлыг Монголд өндөр өртгөөр булшлах байсан гэдэг. Гэхдээ уг тогтоол цөмийн түлшний хаягдлыг булшлахгүй гэдэг дээр тулаад гацсан. Өөрөөр хэлбэл тэр асуудал тэгсхийгээд орхигдсон гэсэн үг. Тэр ч утгаараа холбогдох албаныхан өдгөө “Монголд цөмийн хаягдал булшлах нь хуулиар хориотой” хэмээн өгүүлдэг. Гэвч хориотой, болдоггүй, болохгүй гэчихээд юу эсийг хийдэг билээ, энэ цагийн төрийн эрх баригчид… Тэгээд ч Монголд цөмийн хаягдал булахаар хөөцөлдөж “байсан” нь үнэн болох нь батлагдчихаад буй. Байсан гэх үгийг хашилтанд хийсний учир хэзээний авчраад булсан байж болзошгүй эс бөгөөс олны анхаарлаас холдуулж байгаад булчихаж магадгүй учраас тэр.

Эх сурвалжийн өгүүлснээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд А.Ундраа, “Мон-Атом”-ын Р.Бадамдамдин нар 2009 оны 10 дугаар сард Америкт очиж Эрчим хүчний газрын удирдах албан тушаалтантай уулзсан гэх. Тэд “Монголд уран баяжуулаад гаргая” гэсэн ч Америкийн тал ”Танай улс уран баяжуулаад гаргахад их мөнгө олохгүй. Харин цөмийн түлш үйлдвэрлэчих. Дараа нь үйлдвэрлэсэн түлшээ эх орондоо бул. Ингэвэл танайд маш ашигтай” гэсэң санал дэвшүүлсэн аж. Түүгээр ч барахгүй “Энэ саналыг хүлээж авбал танай улсад Атомын цахилгаан станц барьж өгье” гэсэн байгаа юм.

Ийм хэлэлцээр хийснийхээ дараахан яг тэр багаараа Японд очиж энэ талаар уулзалт хийсэн аж. Мэдээж Японы тал дээрх саналыг дэмжсэн. Гэхдээ өнгөрсөн оны гуравдугаар сард Фүкүшима дэлбэрсэн учраас Японы тал ерөнхийдөө тэр яриаг хойшлуулах санал гаргасан байх магадлал маш өндөр. Өөрөөр хэлбэл Фүкүшима дэлбэрснээр дэлхийн цөмийн эр¬чим хүчний бодлогод асар өөрчлөлт гарсан билээ. Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчээс татгалзаж байхад манай улсын ахмад дипломатч хүн өн¬гөрсөн тавдугаар сарын 10-13-ны хооронд Японы Засгийн газарт хэлэлцээрээ үргэлжлүүлье гэ¬сэн санал тавьжээ.

Эх сурвалжийн өгүүлснээр манай улсын ахмад дипломатч Луузан гуай эл саналыг тавьсан бөгөөд ихээхэн ашиг олно гэж итгэчихээд эрсдлийг нь тооцохгүй байгаа юм шиг байгаа юм. Гэхдээ дээрх хоёр улсын хэлэлцээр үргэлжлүүлэх саналыг хүлээн авч байгаа байдал нь өөр өөр байгаа юм шиг байна билээ. Тодруулбал, Америк, Японы талууд энэ асуудлаар хоёр хуваагдчихсан. Америкийн Эрчим хүчний газрынхан Монголд цэвэр бизнесийн зорилгоор ажиллах саналтай байгаа бол засаг захиргаа нь Монголд цөмийн бүс байгуулах стратегийн бодлоготой байгаа гэсэн үг. Харин Японы талыг манайхан өөрсдөө дуудаж оруулаад байгаа тухай дээр өгүүлсэн. Японы тал ч энэ асуудалд хоёр хуваагдчихсан. Японы Эдийн засгийн сайд, “Тошиба” корпораци нар Монголд цөмийн хаягдлаа булах санаатай байгаа бол Засгийн газар, ялангуяа Гадаад харилцааны яам нь “Манай хоёр улс найрсаг харилцаатай.

Япон Монголыг дэмждэг учраас ийм эрсдэлтэй зүйл хийхгүй” гэсэн байр суурьтай байгаа ба тэр ч утгаараа нэлэдэ зөрчилдөж байгаа гээд ойлгочиход болно. Хэдийгээр Монголын тал, холбогдох албаныхан ийм зүйл байхгүй гэж байгаа ч цөмийн асуудлаарх хэлэлцээр нууцаар явагддаг нь дэлхийн жишиг. Тиймдээ ч Цөмийн энерийн газрын дарга мэдээлэл өгөх гэхээр ухаан алдчихаад байгаа юм гээд хэлчихэж болох байх. Тэр хүн нэг үеэрээ эдлээд барахааргүй гэм нүглийн гэрч болохоос айсан хэрэг. Яг энэ үед С.Энхбат даргыг огцруулж, А.Ундрааг томилох гэж байгаа гэнэ гэх шум түгж эхэллээ. А.Ундраа нь Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажилладаг. Эх сурвалжийн өгүлснээр энэ чиглэлийн хувийн компанитай ч гэж дуулдсан.

Ташрамд өгүүлэхэд мэргэжилтнүүдийн хэлснээр цөмийн салбарыг хөгжүүлэхгүй байх ёстой улс гэж байдаг агаад тэдгээрийн тоонд Монгол байдаг юм гэсэн. Яагаад гэвэл авлига ихтэй, улс төр нь ил тод биш, ард түмэн нь ядуу, цөмийн мэргэжилтэн байдаггүй гэх зэрэг бүх нөхцөл нь Монголд бүрдчихсэн гээд ойлгочиход болно. Ийм улсад цөмийн салбар нээвэл сүйрэл ирнэ гэж хэлдэг юм билээ. Тэр ч утгаараа Монголд Цөмийн энергийн газар гэж тодорхой байгууллага огт хэрэггүй. Замаа олигтой хийчихэж чадахгүй байж юун цөмийн энерги…


URL:

Сэтгэгдэл бичих