Ө.Энхтүвшин, М.Билэгт нарын биеэ үнэлэгчдийн пирамид Монголыг дарж аллаа

11337

Ахмад настнууд тэтгэврийн зээл авахаар тэвчээр заан банкинд дугаарлаж, залуус орон сууцны зээлдээ баригдан шар махтайгаа хатаж, ард түмэн ургамлын тос, ууттай гурилаа 100 гр-аар нь чадан ядан залгуулж байхад Монголын төрд шигдсэн наймаачид сандал ширээнийхээ ханшийг саваагаар ганц дохиод л өсгөж байна. Анхнаасаа Эрдэнэбат ч наймааны хүн байсан. Энхболдын гэмгүй царайтай энхрий хөөрхөн дүү гэнэт л Ерөнхий сайд болж өндрөө авсны цаана төрийн гурван өндөрлөгийг ганц гараар атгах гэсэн дотор санаа дотроос нь зараа мэт хатган, замаа зассан нь тэр байв. УИХ-ын дарга Энхболд, Ерөнхий сайд Эрдэнэбат гэдэг багтай Энхболд байх нь багадсан юм байж.

Тиймээс ч Ерөнхийлөгчийн тамга атгаж, ер бусын их эрх мэдэлд хүрэх гэж ийнхүү шунасны цаана хувь хүний гэхээсээ илүү улаан хувьсгалын тохироо хүлээсэн урд хөршийн алсын хараа нуугдаж байсан гэж хардах хүн олон. Үүнээс ч илүүтэй төрийг цөлмөж, түмний татварын мөнгийг хувийн бизнестээ хуу хамах гэж улайран шунасан луйварчдын бүлэглэлийн эрх ашиг хүчтэй үйлчилж ирлээ. Сайдын сандлаар сүрдүүлэн ах дүүсийнхээ компанид 77-170 тэрбум төгрөгийн тендэр авчихаад сууж буй Бямбацогт, Мөнхбат нарын хүнд гаруудыг төрийн хүн гэвэл төөхөн чулуунд тээглээд үхчихье зүгээр яршиг. Сангийн сайд Чойжоогийн эзэмшдэг орд газруудаас эхлээд ашигт малтмал тойрсон аймшигт сүлжээ Монголыг аалзны шүлс мэт хэрчихээд байна. Нутгаа хөгжүүлэх гэж биш, нутгаа ухан цөлмөж, нуур голоо ширгээх гэж сайд болцгоодог гэж ойлговол үнэнд илүү дөхнө. Тэгэхдээ бүр ашигт малтмалаа зөөх замаа татвар төлөгчдийн мөнгөөр тавина.

Ашиглах тог цахилгааны шонгоо хүртэл ард түмний татвараар босгоно. Тэгээд хэдэн ажлын байр, цалин төдийгөөр ядарсан түмнээ хуураад, ашгийг нь бол амаа ангайсан бирд шиг өөрсдөө хүртэж, өрөөлийн нутагт мөнгөө офшорлоно. Яг ийм сүлжээний бизнес төгс төгөлдөр болтлоо хөгжиж, Энхболдын луйварчдын пирамид сэрвийтэл босов. Сэвхийтэл өндийв. Энэ пирамидын хамгийн жижиг хувалзаас эхлээд хамгийн том хувалз хүртлээ бүх шат дамжлагадаа авлига, албан тушаал, ашигт малтмалын орд, хотын газрын наймаагаар хөлжиж, аван идэхийн шуналд автан улайрч байна. Сундуй наймаалцаж авсан албаа өгөхдөө ч бас наймаалцаж буйн цаана пирамид буюу сүлжээний бизнесийн дүрэм үйлчилж буй нь энэ. МАН тэдэнд хамаагүй. Унана уу, ухарна уу ерөөс падлийгүй. Монголын төр бүр ч хамаагүй. Мохно уу, модоо барина уу падлийгүй. 2020 он хүртэл гурван жилдээ амжаад 300 жил идээд ч барахгүй их хөрөнгө хураачихвал болж байгаа нь тэр.

Хөөрхий муу Стив Жобсын олж чадаагүй мөнхийн усыг мөнгөөр цохиод өөрийн болгочихно гэх орк мөрөөдөл…За нэг иймэрхүү шуналын тойрог хариугүй нурчих гээд, барьцаалагдаагүй сүүлчийн могикан болох Хүрэлсүх болон түүний нөхөд тууштай тэмцээд эхэллээ. Гэтэл юу болов? Луйврын пирамидаа авч үлдэхийн тулд хар захын наймааг хачин хурдтай өрнүүлэв. Баянхонгороос Түвшинбаярыг шороодуулан байж сонгогдсон Билэгт гишүүн хувийн эмнэлгийнхээ барилгад Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар авч байж Засаг огцруулах бичигт зурна гэж байсан гарын үсгээ үнэ хүргэн Эрдэнэбат Энхболд хоёрт худалдав. Цагтаа МАН-д жигүүр байгуулж явсан Ө.Энхтүвшин Боловсролын сайд Чулуунбаатарын оронд сайдын суудалд залрах тохироо хийснээр мөн л биеэ үнэлж амжлаа.

Улс орон ард түмний эрх ашиг түүний хувьд ганц сандлын үнэтэй байж. Оюундарь хэмээх олзноос буцдаггүй гишүүн эмэгтэй дүүгээ Канадад элчингээр томилуулснаар Энхболдын луйврын пирамидын бас нэг наймаачин болж нам гүмхэн налайв. Иймэрхүү л наймаа өрнөж, МАН-ын биеэ үнэлэгчид Хүрэлсүхийн ардуур хүүхдээ наймаалахаас бусдыг хийж байна. Амжиж идэх гэсэн адгийн шунал, атгаг санаа гэдэг л энэ байх. Энэ луйврын пирамид нэгэн цагт нурлаа гэхэд Монголыг дарж алах вий дээ. Хэт томрохоос нь өмнө хийморьтой эрчүүд нь хэмх өшиглөөд хог дээр хаяна л гэж найдъя. Монголыг төр удирдаж байна гэж бодож, итгэж байна уу? Тийм биш. Дээр дээрээсээ давхралдсан дэндүү муухай хувалзнууд, ар араасаа сүлжилдсэн аймшигт шимэгчүүд Монголын шүүсийг шахаж, цусыг ханаж байна.

Р.Эмүжин


URL:

Сэтгэгдэл бичих