Хятад, Монгол “хоригдлуудтай” Оюутолгой дахь хуарангийн амьдрал

Дээдсийн тансаглал, мөнгөний шунал Монголыг мөхөл рүү нь илгээж  байна. Оюутолгойн гэрээг байгуулахын тулд үе үеийн парламентаар хэлэлцэж, усыг нь шахсан гэж ард түмэн ойлгодог. Харамсалтай зургаан жилийн хугацаанд эрх баригчид өөр өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн засч байсан бололтой юм. Анхны хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь 2007 оны долоодугаар сарын 10-ны 14.00 цагт УИХ-д орж ирэв. Тухайн үед Оюутолгойн гэрээг  үзэглэвэл монголчууд баяжих мэтээр цагаан захтнууд ярьж, иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцэж, дөн өвлөөр гудамжинд жагсав. Цагаан захтнууд санаандаа нийцүүлэн гэрээг үзэглэхийн тулд олон хуулийг “засаж, залруулсан”. Харин үр дүнд нь Монгол өөрийн эзэмшлийн 34 хувиа 800 сая ам.доллараар худалдаж авав. Одоогийн байдлаар гэрээнд зааснаар 11-12 хувийн хүүтэй. Хүү нь жилдээ 90 гаруй сая ам.доллар. Энэ мөнгийг Оюутолгой төслөөс ирээдүйд Монголын талд орох орлогоосоо төлөх өр юм. Гэвч гэрээг үзэглэсэн сайд нь манай улс ганц ч зоосны өргүй талаар ярьдаг. Харин олон улсын хөрөнгийн биржид хувьцаа үнэлэгдэж “Айвенхоу майнз” компанийн үнэлгээ гэрээ байгуулснаас хойш 10 гаруй дахин өсч 14 тэрбум болсон.

Оюутолгой 2007 оны гэрээний төслөөр анхны хөрөнгө оруулалт 2.7 тэрбум ам.доллар байсан бол 2009 оны хямралын жилийн төслөөр таван тэрбум ам.доллар болж өссөн. Энэ төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэхийн өмнөхөн 2009 оны гуравдугаар сарын 9-нд “The Sydney Morning herald” сонинд “Рио тинто” группын захирал Tom Albanese Монголын Оюутолгойн ордын бүтээн байгуулалтын ажилд гурван тэрбум ам.доллар шаардагдана гэсэн ярилцлага өгч байжээ. Өөрөөр хэлбэл, анхны хөрөнгө оруулалтын талаарх эдгээр мэдээллүүдийн аль нь үнэн болох нь өнөөг хүртэл оньсого хэвээр.

Монголын эдийн засагчдын хийсэн тооцоогоор ордын нөөц гэрээ байгуулагдах үеэс одоогийн байдлаар 25 орчим хувиар өсчээ. Гэтэл энэ төрлийн ашгийг багаар харагдуулахын тулд гэрээг байгуулах үед Эрдэнэтийн ордыг ашиглаж эхэлсэн анхны үеийн зэсийн агууламжтай хүдэртэй адил түвшиний нөөцийг ашиглалтын нөөцөд тооцоогүй үлдээсэн байх жишээтэй. Тус ордоос олборлох зөвхөн зэс, алтыг өнөөгийн зах зээлийн үнээр тооцоход нийт борлуулалт нь 400 орчим ам.доллароор тооцогдох аж. Улмаар анхны хөрөнгө оруулалтаа орд ашиглаж эхэлснээс хойш 2-3 жилийн дотор нөхөх боломжтой. Харин гэрээг 30 жилээр байгуулсан нь нийт борлуулалтаас хамгийн багаар тооцон 50 хувь нь татвар төлөхийн өмнө ашиг  гэж үзвэл хөрөнгө оруулагч анхны хөрөнгө оруулалтаа доод тал нь 20 дахин нугалж ашиг авах боломжтой гэнэ. Энэ мэтчилэн Оюутолгойн гэрээг сайтар ухвал Монголын талд ашигтай заалт тун ховор. Харин хөрөнгө оруулагч талдаа найр тавьсан, тэдний өмнө бөхийсөн заалтууд их бий. Өөрөөр хэлбэл, эрх баригчид Фрийдланд гэх нөхөрт хайр зарлаж, далдагасны гор нь энэ. Дэлхийд томд тооцогдох Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хөрөнгө оруулалтын гэрээг хийж чадсан гэж энэ Засгийн газар сайрхдаг. Гэвч хийсэн гэрээ нь Монгол үндэстний эрх ашгийг уландаа гишгэсэн урвалтын гэрээ болсоныг батлах олон баримт бий.

Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэгчээр хорт БОБ хочит Роберт Фрийдланд гэх нөхөр ямар шидтэй болоод манай улсын эрх баригчдыг гарынхаа аясаар хөдөлгөх болов. Эдийн засгийн алуурчин хэмээн дэлхийн нийтээрээ ярьдаг эл хэллэгт мань эрийг ч холбох нь бий. Иймдээ ч Оюутолгойн гэрээг үзэглэхийн тулд нэрд гараад байгаа гурван сайдын амыг мөнгөөр таглаж, гарыг нь алтаар бүрсэн гэх яриа гарсан биз. Сайд нар ч харийн нөхөрт ховстуулж, зүүндэндээ ч харж байгаагүй тэр их дэвсгэртийг гартаа атгасаар гишүүдийн саналыг өөрт ашигтайгаар урвуулан тулд сая саяар нь доллар цацаж, худалдаж авсан гэх яриа байдаг. Мөн Фрийдланд хайгуулын 28 лиценз эзэмшдэг бөгөөд тус лиценз нь гурван жил хүчин төгөлдөр байдаг аж. Хуулиараа бол хайгуулын лицезийн хугацаа хоёр жил байдаг. Тэрбээр энэ лицензээ авахдаа Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад 100 сая ам.долларын авлига өгсөн гэх мэдээлэл ч бий гэнэ.  Юутай ч харийн эрийн гарт боол болсон сайд нарын буянаар Монгол Улс Өмнийн говиосоо мөхөлд нэрвэгдэх боллоо.

Хүүхнүүд нь бэлгийн замын халдварт өвчтэй, эрчүүд нь эх нутагтаа боолчлогдож, үр хүүхэд нь гэмт хэргийн золиос болох болсон талаар эрх баригчид мэдэж байвч хэн ч дуугарсангүй. Оюутолгойн гэрээг үзэглэж, ордоо эдийн засгийн эргэлтэд оруулснаар монголчууд юу хожив. Өрөнд баригдаж, өтөнд идэгдэж, иргэд нь амьдрах газаргүй, мал нь хамар хатгах өвсгүй болж эрх баригчдад “талархаж” сууна. Уул уурхай Монголд хэрхэн мөхөл дагуулдгийг хүн бүр мэднэ. Түүний ээлжит золиос нь Өмнийн говийнхон. Говь нутагтаа сэтгэл амгалан байсан монголчууд үнсэн саарал шороонд дарагдаж, шинээр төрж байгаа хүүхдүүд нь төрөлхийн астамтай, өвдөж байгаа иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл зонхилох амьдралыг Оюутолгойн ачаар мэдэрч эхэллээ. Хэзээний усны гажуудалтай говь нутгийн усыг өнөөх Оюутолгой цөлмөж байна. Усны тухай хуульдаа өөрчлөлт оруулан байж эрх баригчид ард түмнээ “цусаар уйлуулж” байна. Говийн гүний усыг орд газарт хэрэглэсээр говь нутаг усгүйдэхийн харанга дэлдэхэд ойр болоод байна. Учир нь говийн гүний усыг үхмэл ус буюу бараг нөхөн сэргээгддэггүй ус гэж нэрлэдэг. Энэ байдлаар говь нутагт усгүй болох аюул ойрхон гэсэн үг. Гэвч бараг нөхөн сэргээгддэггүй энэ усыг уул уурхайд ашигласныхаа төлөө “Оюутолгой” ХХК нэг литр усанд дөнгөж 15 мөнгө төлдөг. Харин иргэд нэг литр усаа 1-20 төгрөгөөр худалдаж авдаг.

Гадаадын өндөр хөгжилтэй оронд ашигт малтмалын орд газруудыг бусдад зарж борлуулахдаа тухайн орны засгийн газрын зөвшөөрлийн дагуу худалдаалдаг энэ нөхөр Өмнөговь аймгийн гурван сумыг вант улсаа болгоод байна. Улмаар үүнийгээ хятадуудаа зарахаар зэхэж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлжээ. Мөн гадаадын томоохон сонигуудад Монголын газар нутгийн 100-ний нэг хувийг буюу гурван сумын нутгийг бүхэлд нь зэмшдэг Канадын иргэн Роберт Фрийдланд нүүрс зэсийн томоохон ордуудаа Хятадын компаниудад зарахаар хэлэлцээр хийж байгаа тухай бичигдэх болжээ.

Түүнчлэн Оюутолгойд Хятадын хоригдлууд ажилладаг. Өөрөөр хэлбэл, Фрийдланд Хятадын шоронгийн хоригдлуудыг “импортоор” оруулж ирэн ажилуулах болсон байна. Ингэхдээ ямар ч цалин хөлс өгдөггүй. Харин Монголын ажилчдыг гар хөлийн үзүүрт зарахын зэрэгцээ хуарнгийн дэглэмээр ажилуулдаг. Товчхондоо, мөн л хоригдол шиг ажилладаг талаар иргэд ярьж байлаа. Цалин хөлс нь мөн л тэр хэмжээгээр бага. Оюутолгойн гэрээг үзэглэхийн тулд Монгол Улсын 23 хуулийг зөрчсөн. Хариуд нь Өмнийн говь шаахайтай хоригдлуудын өлгий нутаг болжээ.

Б.Жамц


URL:

Сэтгэгдэл бичих