Монгол төрийн дээр Монгол ардын нам гарав уу?
Энэ бол ёгт юм уу, аль эсвэл хардсан үг огтоос биш.
МАН-ын Удирдах зөвлөл уржигдар хуралджээ. Энэ хурлаас нэгэн хачирхалтай тогтоол гаргасан байна. Тогтоолын утга нь “…Засгийн газрыг огцруулах асуудлыг эхлээд МАН-ын гишүүд шийдэх ёстой” гэжээ. Энэ нь ээлжит бус чуулганы дараа болох МАН-ын Бага хурал, Их хурлаар шийдэх ёстой гэсэн санаа юм.
Мөн үргэлжлүүлээд “…Хэрэв намынхаа Удирдах зөвлөлийн тогтоолыг зөрчиж Засгийн газрыг огцруулахыг дэмжиж санал өгөх аваас МАН-аас хөөнө” гэсэн байна. Ингэхээр МАН-ын Бага, Их хурал болтол одоогийн Засгийн газар хөдлөх ёсгүй. Огцруулах саналыг дэмжинэ гэдэг намаасаа урвасантай адил хэмээн гишүүдэд анхааруулсан байгаа юм.
УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны наймдугаар сарын 30-нд ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-ныг дуусталх хугацаанд нэр бүхий 30 гаруй гишүүний өргөн барьсан саналыг хэлэлцүүлэхээр зарласан тогтоол гаргасан. Үүгээр бол өнөөдөр, эсвэл маргааш ээлжит бус чуулган хуралдаж дуусах ёстой.
Нэгэнт ээлжит бус чуулган хуралдсан нөхцөлд Засгийн газрыг огцруулах эсэх талаар санал хурааж таарна. Хэрэв энэ хугацаандаа ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй бол УИХ-ын дарга М.Энхболд буруутна. Тэрээр Үндсэн хуулийг зөрчиж, Засгийн газрыг огцруулахаар санал өгсөн гишүүд УИХ-ын даргыг огцруулах саналыг нэмж өргөн барих ажил гарч мэднэ. Хэрэв ийм процесс явагдаж, УИХ-ын даргыг огцруулах болбол хуульд зааснаар олонхийн бүлгээс УИХ-ын дэд дарга болсон Ц.Нямдорж хуралдааныг удирдаж асуудлыг шийдэх болох юм.
Харин энэ удаад ээлжит бус чуулган хуралдаж, санал хураахад “…Огцруулъя” гэх “эсэргүү” 30 гаруй гишүүн хэрхэх вэ?
Энэ гишүүд МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр санал бодлоо хэлсэн байгаа юм. Дээрх тогтоолыг батлахад “…Ингэж байгаа бол эхлээд концессын гэрээ авсан гурван сайдаа намаас хөө” гэж хүртэл хэлсэн байна. Гэсэн ч нэмэр болоогүй аж.
Гэлээ гээд тэд үзэл бодлоосоо ухрахгүй гэдгээ өчигдөр мэдэгдэж байна лээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “…Бид шийдвэрээ гаргасан. Ингэлээ гэж МАН-аас хөөх үү” гэсэн.
Ер нь МАН-ын Удирдах зөвлөлийн энэ тогтоол хэдийгээр энэ намын гишүүдийн хүрээнд гарч байгаа хэдий ч Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд шууд халдсан үйлдэл болж байгаа юм.
УИХ бол МАН биш. УИХ бол Монгол төрийн эрхийг барих дээд байгууллага. Гэтэл УИХ-ын гишүүдэд намынх нь зүгээс тийм санал өг гэж хүчээр тулгажээ.
Хоёрхон жилийн өмнө МАН-ынхан АН-ыг яг ийм үгээр дүгнэж байв. Одоогийн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тэр үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байлаа. Тэрээр 2015 оны наймдугаар сарын 3-нд зарлагдсан ээлжит бус чуулганыг эсэргүүцэж “…Ээлжит бус чуулган хуралдахын өмнө МАН-ын бүлэгт АН-аас гэрээгээ цуцалж байгаа мэдэгдлийг ирүүлсэн. Мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын дарга Засгийн газрын зарим сайд нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан байна. Энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж, өргөн баригдаагүй байгаа төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусган хууль зөрчсөн үйлдэл боллоо. Төрийн дээр нам гарчихжээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргахдаа УИХ дахь АН-ын бүлэгт үүрэг өгч байна гэж хэлсэн. Манай намын Удирдах зөвлөл хуралдаад шийдвэр гаргахдаа УИХ дахь бүлэгтээ чиглэл өгдөг. Түүнчлэн Ерөнхий сайд АН-ынхаа ҮЗХ-г хуралдуулж, Намын дарга Ерөнхий сайд байх эсэх асуудлыг шийдүүлэх шаардлага хүргүүлэхдээ Засгийн газрын бланк дээр гарын үсэг зурж явуулсан нь хууль зөрчсөн асуудал. Ийм байдлаар нам, төр нь холилдож байна. Үүнийг цаашдаа ярих хэрэгтэй гэж бодож байна” гэж байсан юм.
Харамсалтай нь өнөөдөр эрх баригч МАН түүнээс ч дор үүргийг шууд өгсөн байна. Тиймээс Монгол төрийн дээр Монгол ардын нам гарчихжээ. С.Бямбацогт сайдын хэлж байснаар нам, төр хоёр хэтэрхий холилдсон байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: