Хариуцлага нэхсэн цас
Улаанбаатарт их цас лавсайн унажээ. Өглөө сэрэнгүүтээ ажил, хичээл, сургуульдаа яарцгаан хүн бүр л цас руу буруугаа чихнэ.
Ажлаасаа хоцорсон зарим нь даргадаа албатай юм шиг л “Энэ их цаснаас болоод цагтаа амжсангүй” гэж сэвсгэр цасыг буруутган шилбэлзэв. Нөгөө хэсэг нь “Цаснаас болоод нийтийн тээвэр мөлхөж байхад юун ажилдаа эрт очих манатай. Тэгж байгаад очно шүү дээ” гэж утас цохин анх удаа цас үзэж байгаа улс шиг сүр бадруулж буруу бүхэн түүний нэр дээр хаяглагдлаа.
Өвөл болдгоороо болж, цас унадгаараа унахыг манайхан мартчихдаг гэмтэй. Аягүй бол өнөөх хот тохижилтынхон хүрздэн шидэх жаахан давсаа аваагүй л гараа унжуулаад суугаа байх. Ямартай ч хотын гудамжинд цас “гамшиг” тарьжээ. Энэ өдрийн гол буруутан нь шөнөжин орсон цас болов. Цас бидэнд гомдож, элдэв тайлан тавихгүй чимээгүйхэн дохио өгч, хариуцлага нэхсээр бударсан нь яамай даа.
Улаанбаатарын гудамжаар дүүрэн бөөвийсөн явдалтай хүмүүс. Хальтирч унаад эмнэлэгт оччихгүйн тулд хичээж байгаа нь тэр. Явган хүний замыг өнгөт хавтангаар бүрсэн нь дулааны улиралд таатай байдаг. Харин манайх шиг хүйтэрдэг улсад зохимжгүйг хальтирч чөмгөө ташчих гээд хэцүү гэж шогширцгоодог.
Хэчнээн загнаад, заамдаад ч цас өөрөө өөрийгөө арилгах биш. Өнгөт хавтан дээр унасан цас удалгүй гулсуур болон хувирч дахиад л буруутан болно. Уг нь байгууллага бүр ойр орчмынхоо 50 орчим метр газрын цасыг цэвэрлэж, хоггүй байлган гэрэлтүүлэг тавьж иргэдийн аюулгүй орчныг хангах үүрэгтэй гэж эрх бүхий байгууллагаас гаргасан журамд тусгасан байдаг юм билээ. Хэрэгжүүлдэг байгууллага ховор.
Үйлчилгээний хөлс төлсөн иргэн үүдээр нь гарахдаа бэртвэл эмчилгээний зардлаас эхлээд их хэмжээний мөнгө төлдөг ёс хүнээ дээдэлдэг орнуудад хэрэгждэг юм гэсэн. Бид хэзээ тэр жишгийг тогтоох юм бол.
Орон сууцны хонгилд амьдарч, орцны жижүүр хийгсэд 6.00 цагтай уралдан босч цас цэвэрлэх шүүр, хүрзний дуугаараа хүмүүсийг сэрүүлэгдлээ. Хариуцлага нэхсэн цасанд тэд л захирагдлаа. Харин бусад нь цасыг буруутган, өөрсдийгөө зөвтгөлөө. Монголчуудаа гэж…
О.Чулуут
URL: