Хаагдсан 60 тэрбумын араас Ерөнхийлөгч юу хэлэх бол?

11310

Шалгалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн хэмээн нийслэлийн ерөнхий прокурорын орлогч  Ж.Ариунаа албан ёсоор мэдэгдээд буй.

Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэх мэдээллийг өгч байгаа. Тэгэхээр бүх л хуулийн байгууллага хамтаараа шалгаад, 60 тэрбумын асуудалд цэг тавьчихжээ.

Сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, Ц.Нямдорж нартай уулзах үедээ: “Энхжаргал аа, одоо мөрдөн байцаах үйл ажиллагааны зааварчилгаа өгмөөргүй байна. Өөрөө их бүрхэг юм ярьж байна. Улс төрийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн. Монголын төрийг гаднынхантай нийлж ийм хэмжээнд хүрэх хүртэл бүтэц явсан байна. Би хоёр зүйл ярих гээд байна.

Монгол Ардын нам сонгуульд ялсан уу, ялсан. Тэр Ц.Сандуй гэж гол илтгэлийг яриад байгаа нөхөр албан тушаалд очсон уу, очсон. Тэр үйл ажиллагааг илчилсэн залууг баривчлах үйл ажиллагаа хийгдсэн үү, хийгдсэн. Г.Доржзодов гэх залууг байцаасан уу?  Тодорхой гэрч байж байна. Энэ хүн гэрч. Материалыг задалсан хүн. Ц.Сандуй гэж албан тушаалын гол илтгэл хийгээд байгаа хүнийг байцаасан уу? хэмээн асуухад АТГ-ын дарга Х.Энхжаргал “ Байцаасан” гэх хариултыг өгч байсан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “Хэзээ байцаасан, хэд байцаасан бэ? Мэдээж тэр хүн албан тушаалдаа очсон. Хорьж цагдахгүйгээр тэр хүн мэдүүлгээ өгөхгүй.

Яагаад гэвэл гэр нь төрийн хамгаалалтад, албан тушаалаар хамгаалж байгаа хүмүүс нь байж байгаа. Би энэ тухай л яриад байна. Одоо цаашдаа ямар үр дүнтэй, ямар хугацаанд эргэж уулзах вэ. Төрд байгаа энэ эмгэнэлт асуудлыг л яриад байна. Авлигатай тэмцэх газрын даргатайгаа Төрийн тэргүүн нь энэ асуудлыг хэрхэн илчлэх вэ. Энэ төрийн эсрэг хийсэн гэмт хэрэг. Хүмүүс нь бүгдээрээ хүлээчихсэн.

Гарсан даруйдаа ярилцлага өгчихсөн байсан. Шинжээчийн дүгнэлт гэдэг зүйл гарсан уу. Тэр та нар дээр байна уу, үгүй юу. Ямар хугацаанд тохирох вэ. Би үүнийг ил хэрэг гэж бодож байгаа” хэмээн хэлсэн байдаг. Ерөнхийлөгч ийм маягаар АТГ-т чиглэл маягийн шахалт үзүүлсэн.

Гэвч прокурор 60 тэрбумын хэргийг хаачихлаа. Владивостокт яваа Ерөнхийлөгчийн байр суурь мэдээж сонин байна. Тэрбээр 60 тэрбумын асуудлаар хатуу байр суурьтай байгаагаа удаа дараа илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: Hunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих