Богдын дараа хэн Монголын хаан болох байв?
1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж Монгол улсын шинэ эзэн хаанаар халхын шарын шашны тэргүүн VIII богд Жибзундамба хутагтыг өргөмжилсөн билээ. Жибзундамба хутагтыг хаан ширээнд залсан нь тухайн цаг үедээ ард олныг араасаа дагуулж чадах нөлөө бүхий хүн байсанд оршиж байгаа юм. Гэвч Жибзундамба хутагтын дараагаар монгол улсын хаан ширээнд хэн залрах байсан нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Төрт ёсны уламжлалын дагуу Чингис хааны алтан ургийн хүн хаан ширээнд суух ёстой. Гэвч Богдыг алтан урагт тооцон шашны мухар сүсгээр итгэн бишэрсэн тал ч бий. Энэхүү үзлийн дагуу Жибзундамба хутагтыг Чингис хааны алтан урагт оруулан тооцож болох ч түүнд угсаа залгамжлах төрсөн хүү үгүй.
Тэгвэл энэ тохиолдолд хэнийг хаан ширээнд суулгах вэ?
Богдын өргөмөл хөвгүүдийн нэгийг нь үү эсвэл дараагийн шинээр тодрох IX дүгээр богдыг уу? Бүр жинхэнэ алтан ургийн хүнийг үү гэсэн асуултууд урган гарч ирж байна.
Хэдий Богд хааныг алтан ургийн Дондовдорж вангийн хөвгүүн Лувсандамбийдонмэн хойд дүр хэмээн үзэж болох ч түүний өргөмөл хөвгүүд нь алтан урагт хамаарахгүй юм. Мөн шинэ тодрох IX дүгээр богд мэдлэг чадвар, нэр хүндийн хувьд ард олныг дагуулж чадах эсэх нь тодорхойгүй. Шинэ богдыг хаан ширээнд залсан ч балчир настай хүүхэд байх тул нэг хэсэгтээ төр барих боломжгүй юм. Энэ хугацаанд төрийн эрх мэдэл ноёдын гарт шилжиж улс орны тулгуур ганхахад хүрэх нь лавтай.
Чухам алтан ургийн ноёдоос хэнийг нь хаан ширээнд залах тухай асуудал нь нилээд маргаан дэгдээх төдийгүй магадгүй цуст аллагад ч хүрч болох юм.
Тухайн цаг үед тусгаар тогтнолоо хамгаалан үлдсэн ноёд яагаад ийм болчимгүй гоомой шийдвэр гаргав. Эсвэл Богд хаан ноёдын хувьд ард олныг дагуулахад ашиглах зэвсэг болж, алтан ургийн ноёд алс хэтдээ өөр бодолтой байсан уу? Бас л сонирхолтой асуудал…
Түүхэнд хэрвээ гэж байдаггүй билээ…
С.Ууганбаяр
http://kok-tolboton.blogspot.com
URL: