“Хандгайт дахь хүүхдийн зуслан”-гийн газраас өөрийнхөө хүмүүст өгөх гэсэн Л.Пүрэвбаатарын хүсэл юу болов!
Хариуцлага, хяналт гэдэг ойлголт манай улсад жинхэнэ утгаараа хэрэгжиж чаддаггүй нь үнэн. Тиймдээ ч салбар бүрт тулгамдсан асуудлууд ужигран өдийг хүрсэн гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх болов уу. Нэгэнтээ хяналтгүй, хариуцлага тооцдоггүй орчинд хууль бус зүйл цэцэглэсээр байдаг. Уг нь хууль журам зөрчсөн нөхдүүдийн үйлдлийг хуулийн хүрээнд таслан зогсоож, хариуцлагыг тооцсон шиг тооцож чаддаг бол хуудуутай үйл ажиллагаанууд багасах магадлалтай. Гэсэн ч хариуцлага алдсан нөхдүүдийн тухай албан тушаалтай байхад нь баахан ярьж бичиж байгаад, суудлаасаа буучихаар нь таг дуугай болчихдог жишиг нийгэмд тогтчихсон. Уг нь бол түрүүн хэлсэнчлэн хуулийн хүрээнд хариуцлага тооцох учиртай болов уу.
Тухайлбал, УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатартай холбоотой анхаарал татсан мэдээллүүд олонтаа бий. Хоёр улсын хоорондох харилцааг самрахаа дөхсөн хүн гэгддэг түүний талаар Зам тээврийн сайдаар тухайн үед ажиллаж байсан М.Зоригт хэлэхдээ “Л.Пүрэвбаатар нь өөрийн дураар ийм ташаа зүйл ярьж, хувийн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийсэн нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын улстөр, эдийн засгийн харилцаанд үл ойлголцлыг үүсгэсэн хариуцлагагүй үйлдэл гэдэгтэй санал нэгтэй байна.” гэж байсан удаатай.
За тэгээд Л.Пүрэвбаатар гэж нөхөр хувь талын эрх ашгаа бодсон шийдвэрүүд гаргадаг байсныг илтгэх баримт бүхий мэдээллүүд их байдаг. Тодруулбал, Л.Пүрэвбаатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын ашиглаж буй “Хандгайт дахь хүүхдийн зуслан”-гийн эдэлбэр газраас нэр бүхий хумүүст газар хуваарилан шилжүүлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүсэлт гаргасан байдаг.
Ингэхдээ тэрбээр Хандгайт дахь хүүхдийн зусланг шинэчлэх төсөл боловсруулж “Хандгайт хүүхэд залуучуудын спорт-амралтын цогцолбор” өргөжүүлэхээр төлөвлөж байна гэсэн байдаг. Харамсалтай нь үндсэн зорилго нь Хандгайтын зуслангийн эдэлбэр газраас байгууллагын өндөр настан, албан хаагчдад зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа бичсэн байдаг. Гол нь тэдгээр хүмүүс нь Л.Пүрэвбаатартай ойр дотно харилцаатай хүмүүс байв. Л.Пүрэвбаатартай хэд хэдэн гэрээ байгуулсан “Монголын төмөр замын нэгдсэн холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо болон С.Ням, Б.Цолмон, Д.Цэнд-Очир, С.Энхбаатар, Ч.Ганбаатар, З.Наранчимэг, С.Наранцацралт, Ш.Өнөр, Б.Нарантуяа, Н.Хуяг-Эрдэнэ нарын хүмүүст газар олгох зорилгыг урьтал болгосон байдаг аж. Гол нь эдгээр ажилтнуудад олгосон газрын хэмжээг хасч, шинэчилсэн кадастрын зураглалыг үндэслэн газар эзэмших гэрчилгээг сунгаж өгнө үү гэсэн байгаа юм. Л.Пүрэвбаатарын энэхүү шийдвэр хийгээд хүсэлт нь УБТЗ-ын нийт ажилтан албан хаагчдын эрх ашигт харшилсан үйлдэл гэдгийг эх сурвалжууд хэлдэг.
Зуслангийн эдэлбэр газраас нэр бүхий 11 хүнд газар тасдаж өгчихөөд, үлдсэн газар дээрээ төмөр замын 15 мянган хүнд ноогдуулж байна гэдэг бол тун болчимгүй хэрэг юм л даа.
Тиймээс ч түүний энэхүү хүсэлтийг эргүүлэн татах асуудлыг УБТЗ-ын удирдлага Д.Жигжиднямаа Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан байдаг. Улмаар Нийслэлийн газрын албанаас Сүхбаатар дүүргийн газрын алба руу албан бичиг илгээсэн байна. Ингэхдээ УБТЗ-аас Хандгайт дахь хүүхдийн зуслангийн ашиглаж байсан эдэлбэр газраас нэр бүхий хумүүст хуваарилан шилжүүлэх хүсэлтийг буцаан татах тухай асуудлыг шийдэж, хариу өгнө үү гэсэн байдаг юм.
Тэгэхээр Л.Пүрэвбаатар даргын анхаарал татсан үйлдлүүд энэ мэтээр холбогдох газруудын анхааралд орж, өдийг хүрч байгаа юм.
Эх сурвалж: Hunnu.mn
URL: