МАН У.Хүрэлсүхийн хөлд гурав дахиа хагарах уу

4bc56rep9irbb5kkme9pl4mvok_bЕрөнхий сайдыг огцруулах саналыг УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо дэмж­сэн­гүй. Хэдийгээр цөөнх У.Хүрэлсүх тэргүү­тэй урвагч нарт хүч нэмсэн ч гишүүдийн олонх Засгийн газраа тогтвортой ажиллуулахын талд зогслоо. Үүнд Т.Аюурсайхан нарын хоёрдугаар ээлжинд хоолонд орохыг хүсэгчид их л зэвүүцэж, суух байхаа олж ядаж байгаа нь олны нүдэнд ил байлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрыг цөөнх биш олонх өөрөө огцруулдаг юм шүү, Та нар хоорондоо учраа ол хэмээн сануулав. Хатуу ч гэсэн үнэн л үг. Тавлаж хэлсэн энэ үгийг эрх баригчид чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөж хэрхэвч боломгүй. УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа МАН Засгийн газраа түлхэн унагах хуйвалдаанаас болоод үндсэндээ хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь монголчуудын олонхийн өгсөн итгэлийг зүтгэлээр хариулж, амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орныхоо эдийн засгийг өөд татах зорилгодоо үнэнч зогссоор. Харин нөгөө хэсэг нь өөрсдийнхөө байгуулсан Засгийн газраар туг тахиж, өөрсдийнхөө шуналыг барьж дийлэхгүй албан тушаалын бялуу хуваахаар улайрч байна. Монголын улс төрийн өнөөдрийн дүр зураг ийм л байна.

Засгийн эрх барьж байгаа МАН-ын хуваагдал эхнийх биш. Өмнө нь бас л өнөө У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс МАН-ын удирдлагад ажиллаж байхдаа Н.Энхбаяртай зарлаагүй дайн өдөөж МАН-ыг хоёр хуваасан. Дотоод эв нэгдлээрээ бусдаасаа хол тасарсан МАН У.Хүрэлсүхийг намын удирдлагад байх тэр цаг мөчид МАХН хэмээх хүсээгүй “хүү” төрүүлж, түүний дараахан болсон УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж цөөнх болсон. Энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эгэл жирийн мянга мянган гишүүд энэхүү хуваагдлаас болоод гудамжинд лааз өшиглөсөн дөө. Энэ гунигтай хагарлын буруутнууд хариуцлага хүлээгээгүй, гадаад руу гарч биеийн жаргалаа хөөсөн. Одоогийн МАН-д үүсээд байгаа бодит нөхцөл байдал, засгаа унагах гэсэн У.Хүрэлсүхийн бослого, намынхаа нэр хүндийг шороотой хутгаж орхиод албан тушаалд очихыг хүссэн хүмүүсийг харахад МАН гурав дахь удаагаа хуваагдал, хагарал, бутралын ирмэг дээр зогсож байна. Хэрэв МАН гурав дахь удаагаа хагарвал Монголын улс төрд баттай эзэлсэн байр сууриа алдана. Цаашлаад 2020 оны болох бүх шатны сонгуульд өмнөх гашуун түүхээ давтаж ялагдал хүлээж, лааз өшиглөх зам руугаа шуударна.

МАН-ын хэсэг ахмад гишүүн санаачлаад хоёр хуваагдсан намаа бүтэн болгочих гээд зүтгээд байгаа. МАН, МАХН гэх хоёр нам бол нэг түүх, нэг амь. Гэтэл У.Хүрэлсүх, Т.Аюурсайхан нарын эсэргүү явдалтнууд МАН-ыг гурав дахиа хуваахаар улайран зүтгэсээр байгаа нь жирийн гишүүдэд нь таалагдахгүй байгаа нь лавтай. Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн, бондын өрөнд идэгдсэн, монголчуудын амьдрал нийтээрээ дордсон энэ цөвүүн цагт улс төрийн хамгийн тулхтай гэгддэг МАН-д хуваагдах эрх байхгүй. Хэрэв унасан эдийн засгаа маш богино хугацаанд татаж босгож чадсан одоогийн Засгийн газрыг огцруулбал, засгийн эрхийг бүх шатанд барьж байгаа МАН-ыг гурав дахиа хагалбал Монгол Улс орших уу, эс орших уу дээрээ тулж туйлдана. МАН-д алдаа оноо аль аль нь байвч Монголынхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалсаар ирсэн улс төрийн хүчин гэдгийг мартаж болохгүй. Албан тушаалын төлөө хоёр нүдээ ухахаас ч сийхгүй яваа У.Хүрэлсүхтэнгүүд лав л Монголоо тэврэхгүй. Хамгийн хэцүү цаг үе тулж ирэхэд урьдын адил сурсан зангаараа гадаад руу нисээд амиа хоохойлно. Урвагчдын бусдаас ондоошдог зан төлөв бол нөхдөө хаяад амиа боддог араншин юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Р.ОЮУН


URL:

Нэр: Anonymous Огноо: 4 September 2017

үнэн үг шар тос

Нэр: Anonymous Огноо: 4 September 2017

Хүрэлсүх 60 тэрбумаас урваж байгаа юм биш үү. Маш зөв шүү

Нэр: Анхаа Огноо: 4 September 2017

Хүрэлсүх 60 тэрбумаас урваж байгаа юм биш үү. Маш зөв шүү

Нэр: Анхаа Огноо: 4 September 2017

Хүрэлсүх 60 тэрбумаас урваэ байгаа юм биш үү. Маш өв. Дэмжиж байна

Сэтгэгдэл бичих