Монгол адууны тамга “Toyota”, “Lexus”-ийн логогоор солигджээ

2n38bkee0kjohg9uh8flrjeu39_bМонголчууд намрын улиралд адуугаа тамгалдаг уламжлалт зан үйлтэй. Одоо ч хөдөөгүүр тамганы найр ид болж буй. Монгол адуу, адууны тамга хоёр нүүдэлчин монголчуудын амьдралд, уламжлалд, зан заншилд маш том байр суурь эзэлдэг. Чингисийн эзэнт гүрнээс эдүгээ хүртэлх монгол үндэстэнд монгол адуу ямар үүрэг гүйцэтгэснийг эртний сурвалжит ном зохиолд тэмдэглэснээс эхлээд бидний аж амьдрал ч бэлэхнээ харуулна. Тэгвэл Монгол төрийн сүлдэндээ залсан морь тамгалах ёсон үүнээс ч дутахгүй үнэ цэнэ, гээж болохгүй уламжлалтай байдаг. Ингэж хэлэхийн учир дэлхийг туурайгаараа тамгалсан монгол адууг автомашины логогоор тамгалдаг адуучидтай болсныг саяхан олж харлаа. Бүр азарга, азарга адуугаа “тоёото”, “лексус”-ын логогоор сольчихоод таахалзаж байгаа адуучид байна, хөдөө талд. Нүүдэлчин монголчууд үе удмаараа уламжилж ирсэн тамгыг хэн дуртай нь унадаг машиныхаа логогоор сольж болдог болжээ?

МАЛЫН ТАМГА МЭӨ 1000 ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭХТЭЙ

Мал тамгалах ёсон монгол үндэстний хувьд их эртний уламжлал аж. Бүр тодруулбал, МЭӨ 1000 жилийн өмнөөс мал сүргээ тамгалж ирсэн гэж МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Батсуурийн судалгаанд дурджээ. Түүний судалгаанд “Монголын олон ястан өөр, өөрсдийн тамга хэрэглэж иржээ. Тухайлбал, өөлдүүд гал тамга, Алтайн урианхайчууд нуман тамга, захчингууд дэгрээ тамга, дөрвөдүүд саран тамгаараа бусдаас ялгарч байж. Олон үндэстнийг тамгаар нь ялгаж, Гал тамгатай өөлдүүд, Ганзага имтэй өөлдүүд, Галдан бошготын өөлдүүд гэх мэтээр хэлдэг байж” гэсэн нь анхаарал татаж байв. Бусдын мал сүргээс өөрийнхийгөө ялгах таних тэмдэг нь тамга, им болох учиртай ч энэ нь зөвхөн өнгөц ойлголт юмсанж. Монгол үндэстэн дотроо ястан, угсаатнаар ялгарах гол эх сурвалж нь малын тамга ажээ. Тийм ч учраас адуучид унага тамгалах найр хийдэг, тамгатай холбоотой ёс цээр ч олон байдаг юм байна.

ЯПОН МАШИНЫ ЛОГОГООР “ГАНГАРСАН” БАЯН, ЭРДЭНЭЧҮҮД

Харамсалтай нь сүүлийн үед бусдаас ялгарах, онцгойрох шинэ тамгатай болох хүсэлтээр тамга урлаач нарт хандах хүмүүс олшрох болжээ. Энэ нь тэдний мал тамгалах ёсны талаарх ойлголт муу байгаатай холбоотой. Дээрээс нь энэ талаарх ном зохиол, судалгааны материал ч хомс байдаг аж. Тамгатай холбоотой сүүлийн үеийнх битгий хэл гарын арван хуруунд багтах төдий судалгааны ном зохиол байдаг юм байна. Тэдгээр нь 10, 20 жилийн өмнөх. Хөдөөд ч адил.

Үе уламжлалаа сахидаг өвгө­чүүл л өөрсдийн овог аймгийн тамгыг хэрэглэсээр, түүнийгээ үр хүүхдүүддээ үлдээж байна. Тэд голдуу холын аймгийн малчид байгаа юм. Харин хот хүрээ тойр­сон адуу сонирхдог залуус голдуу өнгө үзэмж, хэлбэр хөөн монгол адуу, адуу тамгалах ёсыг умартаж байгаа жишээ хотоос гараад л байна. Төв аймгийн Баян, Эрдэнэ сумын малчдын адуу “мер­седес”, “лексус”, “тоёото” машины логогоор ингэж “гангарчихаад” байна.

ОЛИМПИЙН МЕДАЛЬТАЙ ГЭЭД УЛАМЖЛАЛАА УМАРТАЖ БОЛОХ УУ?

Зөвхөн машины логогоор ч бус өөр бусад дүрс, дүрсэлгээгээр дур мэдэн адуу тамгалдаг тохиолдол ч байна. Олимпийн медальтан, Хөдөл­мөрийн баатар Н.Түвшинбаяр өөрийн нэрийн адуундаа спортын таван цагирагаар хийсэн тамга тавьдаг юм байна. Тэрээр монголчуудын хайрлаж, хүндэлдэг бөх. Хүндлэх ч учиртай аварга. Гэхдээ олимпоос медаль авлаа гээд уламжлалаараа оролдуулж, шинэ тамга зохиох нь яавч байж боломгүй үйлдэл. Учир нь эрт дээр үеэс овог аймгаараа ялгарах тамга зохиогоод хэрэглэж ирсэн ард түмэн. Одоо хэн дуртай нь нэмж зохиогоод байвал адуу тамгалах ёс гэж уландаа гишгэсэн үйл болж хоцрохоор байна.

“ДҮРСИЙН БЭЛГЭДЛИЙН ГАЙХАМШИГТ ЖИШЭЭ НЬ МОНГОЛ МАЛ, АМЬТНЫ ИМ, ТАМГАДЫН ДҮРСҮҮД”

Түүний хэлснээр малын тамгаар монгол хүний дүр төрхийг, тухайн үндэстэн угсаатан, овог аймгийн угсаа гарлыг олж тогтоох хамгийн гол түлхүүр, оньсого болдгийг тамганы талаарх хамгийн анхны судалгааны бүтээл туурвисан Х.Пэрлээ гуайн “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” номонд онцолжээ. Тодруулбал, “Дүрсийн бэлгэдлийн гайхамшигт жишээ нь монгол мал, амьтны им, тамгадын үндсэн болон хувилбар дүрсүүд болно. Хадны сүг зурагт цавчигдан үлдсэн мөр улбаанаас нь үндэслээд тэдний эртний угшилтай болох хийгээд овог аймгийн ялгац тэмдэг болох учир жанцантайг нь түүхч-хууч судлаач мэргэд нэгэнт шинжлэн тогтоожээ” хэмээсэн байна. Малын тамга мал сүрэг, овог аймгийг хооронд нь ялгаад зогсохгүй дүрсийн гайхамшигт бэлгэдэл болдгоороо ач холбогдлоороо тодорсоор байна. Түүгээр ч зогсохгүй малын тамганаас монгол бүжгийн хөдөлгөөнийг ч гаргах болжээ. СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, уран сайхны удирдаач, Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг малын тамгыг судалж, тамганы дүрс дүрсэлгээг монгол бүжгийн хөдөлгөөнд нэвтрүүлсэн нэгэн. Тэрээр малын тамганаас гарын хөдөлгөөнд гэхэд 40 гаруй хөдөлгөөнийг гаргажээ. М.Мөнгөнцэцэг багш судалгааныхаа талаар “Малын тамгаар монгол хүний дүр төрхийг, тухайн үндэстэн угсаатан, овог аймгийн угсаа гарлыг олж тогтоох хамгийн гол түлхүүр, оньсого юм. Үүнийг манжууд ч, оросууд ч тэр устгаагүй. Коммунист, социалист нийгэм ч малын тамгыг устгаж чадаагүй. Бидэнд үлдсэн ганцхан том өв энэ” хэмээн онцолж байна. Монгол үндэстэнд тамганы 3000 гаруй дүрс дүрсэлгээ байдаг гэсэн ерөнхий тойм мэдээ байна. Мэргэжлийн хүмүүсийн ярьж буйгаар нарийн судалж тогтоовол үүнээс ч олон байх магадлалтай.

Мэдээж тамга бүр өөр, өөрийн онцлог, бэлгэ­дэлтэй. Хайруулган тамга гэхэд дотроо олон төрөл. Босоо, жишүү, босоо хос, босоо гурамсан, хөнд­лөн, жишүү хос, ташуу хос хайруулган тамга гэх мэт. Энэ тамга нь монголчуудын эртний сурвалжит овог хиадын тамга юм байна. Тэгвэл дан гурвалжин тамгыг Сэцэн хан аймгийн Да сэцэн ханы хошуу, Боржигон сэцэн вангийн хошуу, Сан бэйсийн хошуу, То вангийн хошуу, Гүн намжилын хошуу, барга, дарьганга, захчин, казах, мажар нар хэрэглэж байжээ. Үүнээс үзвэл дан гурвалжин тамга Монгол хошуу нутагт нэн тархмал, тэр дундаа голдуу Сэцэн хан аймагт байсан аж. Энэ тамганы бэлгэдэл нь тэнгэр, газар, хүмүүн гурав. Түүнчлэн адуучдын дунд түгээмэл хэрэглэгддэг хас тамгыг эзэн Чингисийн үед ч хэрэглэж байж. Энэ тамганы бэлгэдэл нь хатуу бат бэх гэсэн үнд­сэн утгатай. Энэ утга нь монгол төрт ёсноо шингэн уламжилсны жишээ нь Чингис хааны тамгыг хасбуу тамга гэх, хааны ордны хас ордон, хааны угсаа үеийг тэмдэглэсэн бичмэлийг хас дэвтэр, өнөд бат орших гэсэн утгаар хас их төр гэх нэрийдлүүд гэр­чилнэ хэмээн С.Дуламын Монгол бэлгэдэл зүй номын III дэвтэрт тэмдэглэжээ.

С.Дулам: МАЛЫН ТАМГА ӨӨРИЙНХӨӨ ОВГИЙГ ОЛДОГ ГОЛ ҮЗҮҮР

Үүнээс үзэхэд тамганы бэлгэдэл, уламжлалыг хэн дуртай нь өөрчилж, хэлбэр үзэмж хөөсөн орчин үетэй хутгаж болохгүй аж. Үүнийг судлаач, мэргэжлийн хүмүүс эрс эсэргүүцэж байна. “Монгол адууны тамганы ойллого” номын зохиогч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян “Монгол адууг гадаад машины логогоор тамгална гэдэг байж болохгүй ойлголт. Үүнд нэртэй, төртэй адуу­чид оролцоогүй гэдэгт найдъя” гэж байв. Түүнчлэн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор доктор, профессор С.Дулам “Монгол адуунд гадаадын машины логогоор тамга тавьдаг болсон нь үнэндээ завхарсан зүйл. Сүүлдээ юу ч болж завхарч мэдэх нь. Ер нь тамгыг тавихдаа хүртэл зөвшөөрөл авдаг уламж­лалтай байсан. Хэн нэгэн дур зоргоороо тамга зохиож, эсвэл гадаадын машины логог тамгалчихдаг зүйл ерөөс биш. Тамгын гол бэлгэдэл, ач холбогдол бол монгол угсаатнуудын овгийг илэрхийлдэг уламжлал юм. Нэг үгээр хэлбэл, тухайн малын тамгаар өөрийнхөө овгийг олдог гол үзүүр. Ер нь 3000-аас хол давсан тамга бий” гэсэн бол СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, М.Мөнгөнцэцэг “Энэ бол маш том алдаа. Бид хэзээ ч үүнийг өөгшүүлж болохгүй. Яахав, дэлхий даяаршиж байна, монголчууд даган дууриаж болно. Харин гол ноён нурууг нь хугалж болохгүй. Энэ нуруу нь малын тамга. Малын тамгаас гарсан соёмбо, төрөл бүрийн монгол брэндийн нэрс, тотем, лого, тэмдгүүд байна. Энэ бидний өөртөө байлгах том оньсого” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Дэлхийг морин туу­рай­гаараа эзэлсэн монголчууд хэмээн аархдаг бид эрдэнэт хүлгээ унадаг машинаасаа дор үнэлж, уламж­лалаа умартаж болохгүй. Морины хорхойтнууд, алдарт уяачид, олон арван холбоод нь найр наадам хэсч баяр цэнгэл болоод суух зуур нэг хэсэг нь монгол адууг нь “тоёото”, “лексус”-ын логогоор тамгалчихаад, монгол уламжлалыг үгүй хийж явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ЭНХЗАЯА


URL:

Сэтгэгдэл бичих