Дэлхийн аварга, ээлжит бус чуулган, мөнгөн хонхны дуутай долоо хоног
Улирч буй долоо хоног монголчуудын хувьд аль ч талалараа гал цахьсан цаг хугацаа байлаа. Будапешт хотноо болж байгаа жудо бөхийн дэлхийн аваргаас монголчууд медалийг багцаар нь авч, энэ дэвжээнээс эмэгтэйчүүдийн дэлхийн аварга бөхийг өлгийдөн авлаа. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг жинд зодоглосон гавьяат тамирчин Д.Сумъяа өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялж, дэлхийн аварга болов. Дэлхийн аваргын энэ тэмцээнд Монгол Улс Японы дараа хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Энэ бол хамгийн сайхан мэдээ байлаа.
-Хичээлийн шинэ жил эхэлж хожим хойно улсынхаа нэр сүрийг дэлхийд цуурайтуулах хувьтай олон мянган охид хөвгүүд эрдмийн алтан босгоор итгэл төгс алхаж оров. Хүүхдийн инээд хөөр, мөнгөн хонхны дуугаар Монгол маань гоёж, эрдмийн баяр тохиолоо. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 252753 хүүхэд цэцэрлэгт, 73545 зургаан настан нэгдүгээр ангид орсон байна. Бас нэг сайхан мэдээ гэвэл ийм.
-Улирч буй долоо хоног улстөрийн амьдрал тун халуухан өрнөв. МАН-ын дотор үүсээд байгаа зөрчилдөөн, Засгийн газрыг огцруулахаар өргөн барьсан саналын асуудлаар МАН-ын бүлэг даваа гарагт хуралдсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй маргааш нь үргэлжлүүлэн хуралдсан. Бүлгийн хуралд оролцсон гишүүдийн дийлэнхи нь Засгийн газраа тогтвортой ажиллуулъя гэсэн бодолтой байгаагаа энэ үеэр илэрхийлжээ
-Мягмар гарагт УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргав. Чуулганыг наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд хуралдуулж Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр тогтсон.
Энэ дагуу тухайн асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 52,9 хувийн саналаар Засгийн газрыг огцруулах шаардлаггүй гэж үзжээ. Байнгын хорооны 19 гишүүнээс 16 нь хуралд оролцжээ. Харин Засгийн газрыг огцруулах асуудлаар саналаа хараахан нэгтгэж амжаагүй байсан АН-ын Улстөрийн зөвлөл “Хариуцлага тооцох нь зөв” гэдэгт байр сууриа нэгтгэсэн гэх мэдээлэл байна. Ардчилсан намын Улстөрийн зөвлөлд аймаг, нийслэлийн намын дарга болон Үндэсний бодлогын хорооноос бүрдсэн 30 гаруй гишүүнтэй юм.
-Унгарын Будапешт хотноо олж байгаа жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны тэргүүний хувиар оролцох үеэрээ мөн тэмцээний хүндэт зочин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав. Энэ үеэр В.Путин: “Хоёр орны харилцааны талаар удахгүй Владивостокт илүү дэлгэрэнгүй ярилцах боломж бидэнд байна… Гэхдээ түүнээс өмнө хуваалцах сайхан мэдээ байна. Хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж байгаа нааштай үзүүлэлт байна. Өнгөрсөн 2016 онд худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өсчээ. Ер нь Владивостокод бидэнд ярих зүйл их байна даа” хэмээн хэлжээ.
-Бүлгийн болон Байнгын хорооны хурлаас шалтгаалан Засгийн газрын хуралдаан хойшилж наймдугаар сарын 31-нд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд:
Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтааж батлав. Ингэснээр төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.
Мөн хуралдаанаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгахаар шийдвэрлэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөрийг батлав.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх зорилтын хүрээнд нийлүүлэх 10 сая ам.долларын техник, тоног төхөөрөмжид ногдох гаалийн албан татварыг энэ оны төсвийн тодотголд тусгахаар болов.
-Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалт (2017.08.30) Улаанбаатар хотноо болж, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов.
- Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө дүрэв гарагт өглөө. Тэрбээр НИТХ-ын даргын суудлаасаа татгалзаад зогсохгүй, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны сонгуульд долоон дүүрэгт ялагдсан шалтгаанаар нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан байна.
-Олны дунд шүүмжлэл дагуулаад байсан Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл зүүн гар тийшээ эргэхийг хориглосон шийдвэрийг энэ сарын 1–ээс эхлэн цуцаллаа.
- Монголын радиогийн нэвтрүүлэгч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Гаваагийн Отгоны хоолойгоор 9-р сарын 1-ний өглөөнөөс эхэлж Сүхбаатарын талбайн урд байрлах ЛЕД дэлгэцээс Улаанбаатар хотын цагийг зарлаж эхэллээ.
URL: