Намрын синдром

b6f897f9e7a35a5ac8a84a1c9e700efa_1200Өнөөдөр хамгийн их үнэд орж байгаа хүмүүс бол бүх шатны сургуулийн захирал,  цэцэрлэгийн эрхлэгч нар байна. Таньдаг хүнээ ч танихгүй болтлоо хаданд гарчээ, тэд. Эмгэнэлтэй нь гэвэл сургууль, цэцэрлэгийн хашаа, байрны хаалга, бүр цаашлаад ажлын өрөөнийх нь хаалга дотроосоо дангинатал түгжээтэй.

Манаач нь хүртэл хамраа сөхчихсөн хүнтэй ямар ч харьцаагүй, юм асуухаар дуугарахгүй эсвэл эгээ л нэг оргодол хулгайчийг барьсан юм шиг хашгичиж загнаад жигтэйхэн. Үнэндээ энэ нь тийм ч шинэ дүр зураг биш.  Жилийн жилд наймдугаар сарын сүүлчээр буюу сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд бүртгүүлэх үетэй давхцан Монголд үүсдэг намрын синдром. Өөрөөр хэлбэл, Монголын  нийгэм эрүүл биш, өвчтэй байна.

Бүр нэг ч биш хэдэн хэдэн шинжээр хавсарсан өвчтэй байгаагийн нэг нь өнөөх сургууль, цэцэрлэгийн асуудал юм. Их, дээд сургууль нь болохоор төлбөрөө хийх чадвартай буюу аав ээж нь мөнгөтэй л байвал ямар ч хамаагүй хүүхдүүдийг алгаа тосоод л авна. Сурлагатай байсан уу, сонирхсон мэргэжлээрээ суралцах чадвартай юу, байгалиас өгөгдсөн авьяас нь ямар юм бэ гэдэг нь огтхон ч хамаагүй. Хүүхэд ирж л байвал элсүүлдэг гаж тогтолцоотой. Эцэст нь баахан А, В үнэлгээтэй чанаргүй мэргэжилтнүүдээр Монголын хөдөлмөрийн зах зээл хахаж байна. Тэгсэн хэр нь сургуулийн өмнөх боловсролын байгууллага, бага сургуулийн хүрэлцээ хангамж нь үнэхээр муу.

Азын сугалаагаар цэцэрлэгийн хаяа, арын хаалгаар аятайхан сургуулийн бараа харна. Тэгээд бөөн зардал чирэгдэл, хэл ам болж байж арай гэж бүртгүүлсэн сургууль, цэцэрлэгийн хичээл нь хугацаандаа эхлэхгүй. Тийм ч засвар дуусаагүй, ийм ч сандал ширээгүй гэсээр байгаад зарим нь 10, 11 дүгээр сард үүдээ нээх нь бий. Зарим нь өөрийн гэсэн байргүй хэдэн жилийн турш сургууль, сургууль дээр очиж гурван ээлжээр хичээллэж, олон дээр олон болж, ад үзэгддэг.

УИХ-ын гишүүд тэрбум, тэрбумаар нь эргээд үлдэх юу ч үгүй, ямар ч үр ашиггүй ажлуудыг бишгүй дээ л нэг санхүүжүүлдэг юм билээ. Уг нь энэ мөнгөөрөө тойрог тойрогтоо жилдээ ганц, хоёроор нь цэцэрлэг, сургууль бариулбал ирээдүй үеийнхээ өмнө байгуулж буй энх цагийн гавьяа гэж хэлэхээр нөхцөл байдал Монголд үүсээд байгааг мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

Хачирхалтай нь яагаад хийе гэж хичээдэггүй юм бол. Шалтгаан нь тодорхой. Цэцэрлэгийн жаалууд сонгуульд саналаа өгдөггүй учраас тэдэнд хэрэггүй хүмүүс. Харин аав ээж, өвөө эмээг нь аяга цайны сүү, арав, таван цаасаар хуурахад л хангалттай.

Сургууль, цэцэрлэгийн барилга бариулснаас хямд төсөр гэдэг тооцоог тэд битүүхэн хийчихээд энэ аргыг сонгодог юм. Харин өөрсдийнх нь хүүхдүүд төрийн зардлаар буюу Засгийн газрын тэтгэлэгээр гадаад, дотоодын нэр хүндтэй сургуулиудад сурах эрх нь нээлттэй. Ард түмэн төрийн албанд байгаа нөхдийг үр ачтай нь албан татвар болон албан бус татаасаар тэжээж тэтгэж ирлээ. Юманд хэмжээ хязгаар бий. Одоо болно. Боль.

Нийгмээ соён гэгээрүүлэх үүрэгтэй, хамгийн цэвэр ариун байх ёстой салбарын нэг нь боловсролын салбар буюу хүүхэд залуусыг хүмүүжүүлж, хөгжүүлж буй тэр талбар. Даанч энэ салбар одоо идээ бээр, хатиг буглаандаа баригдаж гүйцжээ. Нэгэнт энэ өвчин нь даамжирч хүндэрсэн учраас нийгмээрээ эсэргүүцэж, уурлаж бухимдцгааж байна. Өөрөөр хэлбэл, тэсэхийн аргагүй өвдөж эхэлжээ гэсэн үг. Харин үүнийг эмчлэх ёстой эмч буюу бодлогоор зохицуулдаг төр, Засгийн газар нь өөрөө ч бас “өвдчихсөн”, юун ажил үүрэг гүйцэтгэх вэ л гэж байна хөөрхий.

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих