“Мими”-г замын цайны газар, буудлуудад борлуулдаг байжээ
Цагдаагийн байгууллагын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Тавантолгойн уурхай хүртэлх зам дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэр гуанз, буудлуудад “Мими” хэмээх бодисыг худалдан борлуулж байсан таван гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Ц, Н, Х, Цогтцэций сумын иргэн Т, Ц болон Ханбогд сумын Э нарыг энэ төрлийн бодисыг худалдсан хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдол байхгүйг албаны эх сурвалж хэлэв. Тиймээс Эрүүгийн хуулийн 20.14.2-т Эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан нэгжээс хорин дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан. Ингэснээр “мими” гэх бодисын хууль бус эргэлтийг хязгаарлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрджээ.
Т.САЙХАН
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: