ШТС-ийн түгээгч залуугийн хоолойд хутга тулган дээрэмджээ

150397663059a4dcb6c5ed5Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хоёр шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэргийг илрүүлж, гэмт этгээдүүдийг баривчилсан тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдлээ.

Тодруулбал, энэ сарын 7-ны шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Айдсын даваанаас Өлзийт хороолол орох зам дагуу байрлах ШТС-ийн түгээгч залуугийн хоолойд хутга тулган бэлэн мөнгө, камерын бичлэг хадгалдаг компьютерийн процессорыг дээрэмдсэн хэрэг гарсан байна.

Мөн энэ сарын 15-ны үүрийн 05:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн постны замын хойно байрлах ШТС-ын түгээгч Д, С нарт хүч хэрэглэн айлган сүрдүүлж 1.5 сая орчим төгрөгийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтарсан ажлын  хэсэг байгуулан шуурхай ажилласны дүнд гэмт этгээдүүдийг цаг алдалгүй баривчилсан байна. ШТС-уудыг дээрэмдсэн хэргүүдийг үйлдсэн этгээдүүд нь Чингэлтэй дүүрэгт оршин суух 23 настай, эрэгтэй Ө, 20 настай эрэгтэй Б, 23 настай, эрэгтэй Х нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогджээ.

Т.Гэрэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих