Монголынхоо эрдэс баялгийг морин тэрэгний хурдаар зөөсөөр байх уу
Манай улсад до тоодын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, ха луухан байгаа ч гадаад зах зээл, экспортын үнэ ханшаас байнгын ха раат байдаг эдийн зас гийн амьдрал, төлөв нааштай дулаан байгаа нь баярлууштай явдал юм. Бидний худалдааны гол түнш орнуудын эдийн засаг өнгөрсөн жил бага зэрэг өсөлттэй гарсан бол энэ онд Хятадынх хэвээр хадгалагдаж, Евро бүс, Оросын эдийн засаг аажим өссөөр байгаа тухай Монголбанкнаас мэдээлсэн байна.
Өмнөд хөрш нүүрсний дотоодын олборлолтоо багасгаснаар экспортын эрдсийн бүтээгдэхүүний үнэ өссөн. Гэвч ирэх таван жилд байгалийн хий, нар салхины эр чим хүчийг түлхүү ашиг ласнаар коксжих болон түүхий нүүрсний үнэ унах магадлалтай гэж шинжээчид үзэж буй ч ашиглаж чадвал манайд боломж байна гэж үндэсний эдийн засагчид харж байгаа юм.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан уул уурхайн салбар, түүний дотор нүүрс манай улсын экспортын дийлэнхийг бүрдүүлж, ойрын хэдэн жилд түүчээ болсоор байхыг баталж, Тавантолгой болон өмнийн говийн эрдэс баялгийн ордоо аж үйлдвэрийн төв, хилийн боомтуудтай төмөр замаар холбохын чухлыг сануулсаар байна. Хятад улс агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсний олборлолтоо багасгаж, цаг агаарын таагүй байдлын улмаас Индонези хүрэн нүүрсний нийлүүлэлтээ хумьж, Хятадын талаас улс төрийн шалтгаанаар Хойд Солонгосын нүүрсний тээвэрлэлтэд хориг тавьсан зэрэг нь эрэлт нэмэгдэж, үнэ өсөхөд нөлөөлжээ. Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 61 ам.долларт хүрч байсан хүрэн нүүрсний үнэ өсөлт, бууралттай явсаар одоо тонн нь 70 орчим ам.доллар болсон байна. Тухайн үед Австралийн сайн чанарын коксжих нүүрсний гэрээт үнэ 92-98 ам.долларт хүрч байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 158 ам.доллар болж, гайхамшгийг үзүүлж байлаа. Гэхдээ энэ нь оны эхэнтэй харьцуулбал бараг хоёр дахин унасан үнэ ханш юм.
Манай улс хэдийгээр уул уурхайн баялгийн асар арвин нөөцтэй боловч зах зээлийн хязгаарлагдмал орон зай, дэд бүтцийн хөгжил сул зэргээс шалтгаалан эрдэс баялгийн салбараасаа шууд хараат орон болчихоод байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал эрдсийн түүхий эд, тухайлбал нэг тонн зэсийн үнэ 10.000, нүүрс 300 орчим ам.долларт хүрч, эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй гарч, дэлхийн хамгийн өсөлттэй оронд тооцогдож, олон улсын “шүлсийг гоожуулж” байсан нь 2011 он байлаа. Түүнээс хойш эдийн засаг уруудсаар 2015 онд ДНБ 2.3 хувьд унаж, өнгөрсөн жил 1.3 хувийн өсөлт үзүүлэв.
Гэвч экспортын гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийнхээ олборлолт, тээвэрлэлтийг зөв удирдаж чадвал бидэнд боломж бий. Экспортын орлогыг голлон бүрдүүлдэг зэсийн үнэ тонн тутамдаа 6000 ам.доллараас даваад байгаа бол нүүрсний ханш бас ч гэж “Чалко”-д худалдаж байснаас дээгүүр, боломжийн үнэтэй болсон. Тийм ч учраас Монголбанк энэ онд 2.5, ойрын ирээдүй (2021 он)-д ДНБ 7.2 хувьд хүрч өсөх урьдчилсан төлөв гаргаад байна.
Манай улсын нүүрсний экспортын гол боомтууд нь Гашуунсухайт, Шивээхүрэн бөгөөд бусад боомтоор 2012-2016 онд нийт 14.4-25.8 сая тонн нүүрс гаргасан байдаг. Харин энэ онд урд хөршид нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлж, оны эхний долоон сарын байдлаар 20.5 сая тонныг гаргаад байгаа юм. Оны эцэс хүртэл 30 сая тоннд хүргэх зорилттой байгаагаа АМГТГ-аас мэдээлж байна.
Тун удахгүй, ирэх сарын эхээр Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coаl Mongolia” чуулган манай улсад болох гэж байгаа билээ. Аль 2008 онд олон улсын энэ чуулга уулзалтыг зохион байгуулах үед ярьж хэлэлцэж байсан нүүрсээ гуравдагч зах зээлд яаж хямд тарифаар хүргэх, өмнөд хөршийн төмөр замтай хэрхэн холбогдох тухай яриа одоо ч үргэлжлэх бололтой. Өнөөгийн манай улсын нүүрсний экспортын тээвэрлэлт Налайхын уурхайгаас морин тэргээр нийслэлийнхний хэрэгцээний нүүрсийг зөөдөг байсантай адил хурдаар явж байна гэвэл нэг их хилсдүүлсэн болохгүй байх. Хагас жилийн өмнө Гашуунсухайтын боомтод ажлаар очихдоо 30 орчим км үргэлжилсэн тээврийн цувааг нүдээр харж, зам сахисан жолооч нар хэдийд эргэж буцахыг гайхан санаа зовж явсан удаатай. Гэтэл ойрын хэдэн сар дээрх цуваа 150-160 км болж, “Гиннесийн ном”-д бүртгэгдэхээр хэмжээнд очсоныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэж сонсоод гайхах багадаж хоцров. Уг нь Монголынхоо тэр их баялгийг зүгээр аваачиж, хэдэн хоног дараалан зогсч байгаад Хятадын нутагт асгаж байхаар аль болох нэмүү өртөг шингээх талаар бодолцвол яасан юм бэ. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор Д.Дондовын бичсэн нэгэн өгүүллийг уншиж байснаа саналаа. Тэрбээр Нялга-Чойрын хүрэн нүүрсний сав газрыг түшиглэн эрчим хүчний том чадлын эх үүсвэр барьж, цахилгаан үйлдвэрлэн Хятадад экспортлох, нүүрсийг химийн үйлдвэрлэлээр гүнзгий боловсруулахдаа Тавантолгойн коксжих нүүрсийг ашиглах зэрэг бодлогын чанартай арваад саналыг дэвшүүлсэн байдаг. Ийм санаа бодолтой эрдэмтэн судлаачид цөөнгүй байдгийг манайхан мэддэг боловч тэдний шинэ, оновчтой санал санаачлагыг ашиглахгүй нүүрсийг түүхийгээр нь зөөж говийн эмзэг хөрсийг сүйтгэж, голио царцаа ч буух газаргүй болгож байгаа нь харамсалтай. Илжиг, морин тэрэгнээс ч удаан тээврээр илч багатай нүүрсээ зөөсөөр л байх уу.
Д.Мөнхжаргал
Unen.mn
URL: