Германы сувилагч 86 өвчтөнийг хөнөөсөн нь тогтоогдоод байна
БЕРЛИН. /AFP/. Хоёр өвчтөнийг хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж буй сувилагч наад зах нь 86 хүний аминд хүрсэн нь одоогоор тогтоогдоод байна гэж Германы цагдаа нар мэдэгдлээ.
Германы хойд нутгийн Дельменхорст хотын нэгэн эмнэлгийн хоёр өвчтөнд зүрхний тариаг тун хэтрүүлэн хийж, амь насыг нь хөнөөсөн хэргээр 40 настай сувилагч Нильс Хёгельд 2015 онд бүх насаар нь хорих ял оноож байсан юм.
Гэмт этгээд өөр олон өвчтөнийг ийм маягаар хөнөөснөө шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрснөөр цагдаа нар хэргийг нарийн шалгаж эхэлсэн байна.
Тэд мөрдөн шалгалтын дүнгээ өчигдөр танилцуулжээ.
Тэдний хэлснээр, энэ сувилагч залуу 2002-2004 онд Дельменхорстын эмнэлэгт ажиллаж байхдаа 50 өвчтөнийг, 1999-2001 онд Ольденбург хотын эмнэлэгт ажиллаж байхдаа 36 хүнийг хөөсөн аж.
“Хэрвээ энэ хоёр эмнэлгийн ажилтнууд удирдах албан тушаалтнууддаа цаг тухайд нь нуулгүй мэдэгдэж байсан бол олон хүнийг үхлээс аварч болох байсан. Бидэнд хэлэх үг алга. Мөрдөн шалгалтыг үргэлжлүүлсээр байна. Хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүй” гэж Германы цагдаагийн офицер хэлэв.
Германы эх сурвалжууд түүнийг “Дайнаас хойш хамгийн олон хүнийг хөнөөсөн цуврал алуурчин” гэж нэрлэж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: