“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Д.Ариунболд өргөдлөө өгөх үү?

11201

Д.Ариунболд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар одоогоос яг нэг жилийн өмнө томилогдож байсан юм.

Тэрээр ТИС, Удирдлагын академи, Австрали улсад Чөрл Стюрдын их сургуулийг тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр, техникийн ухааны магистр цолтой. Мөн Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар ажиллаж байсан. Бас бизнесийн салбарт хүч явсан нэгэн юм. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарт амжилттай ажиллаж ирсэн байна.

Тэрээр энэ хүндхэн албанд томилогдсоноосоо хойш шаргуу ажиллаж, хэдэн жил монголын эдийн засгийг дарамталж байсан Чалкогийн өрийг нэг тийш нь болгосон гавьяатай. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн олборлолт, менежмэнттэй холбоотой дориухан ажлыг эхлүүлээд байгаа юм.

Гэвч түүнийг энэ албанд тохоогдсон ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг тойрсон таагүй мэдээллүүд гадаа, гэртгүй дуулдаж л байдаг нь хэвээрээ.

Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  “Эрдэнэс Тавантолгой”, Жижиг “Тавантолгой” ХК-ийн дундын мөргөцгөөс 260 000 тонн нүүрсийг хулгайгаар олборлосон. энэ нүүрсний үнэ болох 18 960 000 ам.доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон гээд л хэвлэлүүд мэдээлж байна.

Мөн Тавантолгойн нүүрсийг борлуулахад дундаас нь “зуучлагч” нар ашиг хүртээд байгаа тухай яригддаг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч энэ талаар ярьсан байдаг.

Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “…”Эрдэнэс Тавантолгой”-н эзэн нь төрийн нэр барьсан хэдэн нөхөд болчихоод нүүрсийг хэнд, ямар үнээр өгөхийг шийддэг. Уурхайн аман дээрээс 71 ам.доллараар борлуулагдаж буй нүүрс маань 200 км тээвэрлэгдээд хилийн цаана 210 ам.доллар хүрч байгаа юм. Зах зээлийн үнээс гурав дахин хямд зарагдаж байна. Монголын, Хятадын зуучлагчид их байна. Үйлдвэрлэгч “Эрдэнэс Тавантолгой”-н 16 ам.доллараар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Бугатын гангийн үйлдвэрт очоод 220 ам.доллараар зарагддаг”  гэж ярьсан байна.

Түүнчлэн Д.Ариунболд захирал 2016 оны УИХ-ын сонгуулиар өөрийн найз, МАН-ын генсек Ж.Мөнхбатын Сонгуулийн штабыг амжилттай удирдсан юм. Ж.Мөнхбат өдгөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа.

Тэгвэл Д.Ариунболд тун саяхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Засгийн газарт өгнө гэдгээ холбогдох удирдлагууддаа мэдэгдсэн тухай улс төрийн хүрээнд одоо ид яригдаж байна. Харин Засгийн газрын удирдлагууд өргөдлийг нь хүлээж авахаас татгалзсан гэх мэдээлэл ч байна.

Д.Ариунболд ажлаа өгөх болсон нь эрүүл мэндийн шалтгаантай гэх тодотголтой байх бололтой.

Эх сурвалж: Зууны мэдээ

Б.ДАМДИН


URL:

Сэтгэгдэл бичих