Хамгийн эрэлттэй нь худалдагч, эрэлт багатай нь хуульч мэргэжил байв

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол сургалтын газар, Монголын сургалт үйлчилгээний төвүүдтэй хамтран долоо хоногийн аян зохион байгуулахаар болжээ.

Оюутолгойн санхүүжилтээр мэргэжлийн боловсролын сургуулийн хоёр дахь удаагийн төгсөгчдийг хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд зуучлах сэдэвт аян энэ сарын 16-23-ны хооронд үргэлжлэх юм байна.

Энэ хүрээнд мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах гэнэ. Ажил олгогч байгууллагууд, мэргэжлийн боловсрол сургалтын газар, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагатай хамтран ажиллах аж.

Аяны хүрээнд одоогийн байдлаар 60 гаруй суралцагч, төгсөгчдөд зөвлөгөө өгөөд байгаа гэсэн. Энэ талаар Монгол Улсын хөдөлмөрийн төв биржийн бүртгэл, зуучлал үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Ж.Алтанцэцэгээс тодруулсан юм.

-Одоогоор хамгийн эрэлттэй байгаа ажлын санал юу байна?
-Үйлчилгээний газруудын ажлууд байна. Худалдагч, зөөгч, бармен, хамгаалагч зэрэг үйлчилгээний ажлын саналууд манайд их ирдэг. Мөн сантехникч, уул уурхайд том оврын машины жолооч, цахилгааны инженер, барилгын инженерийн ажлын санал ч ирж байна.

-Тэгвэл эрэлт багатайд нь ямар мэргэжилтнүүд ороод байгаа бол?

-Тиймэрхүү ажлууд байгаа. Үүнд хуульч, эрх зүйч, эмч, аялал жуулчлалын менежер, багш, нягтлан бодогч, нярав, эдийн засагч, орчуулагч зэрэг мэргэжлүүд ордог. Тэгээд ч доод тал нь гурваас дээш жил ажилласан байх ёстой гээд хугацаа заасан байдаг болохоор шинэ төгсөгч нарыг туршлагагүй гээд ажилд аваад байдаггүй.

Э.Оюунцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих