Зэвсэгт хүчний байлдагч нар осолдсон хэрэг дахин гарлаа
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид усанд осолдсон хэрэг гарчээ. Тус ангийн алба хаагчид энэ сарын 27-ны өдөр өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой” гэдэг газар усанд осолдсон нас барсан аж.
Усанд осолдсон байлдагч Б, Е, С нарыг эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Мянгад сумын нутагт явуулж байгаа ажээ. ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт ажиллаж байгаа гэнэ.
Ер нь энэ мэт Цэргийн байгууллагатай холбоотой осол сүүлийн үед маш их гарах боллоо
§ Тухайлбал, 2017.01.17
Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид байлдагч Ж.Баярцогт харуулын ахлагчийнхаа дэглэлтээс болж хөлийнхөө есөн хурууг тайруулсан. Ахлагч Э-г хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон.
§ 2017.02.17 Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн.
§ 2017.04.11 Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Дадлагыг ахмад Н явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна” гэсэн тайлбар өгсөн.
§ 2017.05.11 Төв аймгийн Алтанбулаг сум Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд сургалтад гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 машинтай явж байгаад осолдож бэртэл авсан.
§ 2017.06.13 Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан. Түүнийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээлэл гарч байв.
§ 2017.08.04 Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж нэг нь нас барсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа.
Г.Наран
zaluu.mn
URL: