МАН-ын шинэ байранд мах зарахаар болжээ

МАН шинэ байрныхаа нээлтийг энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны баяраар хийхээр болжээ. Барилгын ажлыг “Өндөр буянт” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 21-ний өдөр улсын комисст хүлээлгэж өгөх аж. Удахгүй нээлтээ хийх “Тусгаар тогтнолын ордон”-оор орж үзлээ. Ордны урдах талбайд усан оргилуур ажиллуулахаар бэлтгэж янзалсан байна. Барилгын доод хонгилд 92 машины багтаамжтай зогсоол ашиглалтанд орох гэнэ. Зогсоол руу барилгын баруун, зүүн талаас доош уруудан орох бөгөөд гаднах талбайд ч машинаа тавьж болохоор аж. Төв хаалганаас гадна ар талаар орж болох хоёр том хаалгатай юм.  Ордны дотор засал чимэглэлийн ажилчид ид бужигнаж байна. Хоймроо хэн нэгний томоос том хөшөөг залжээ. Даавуун материалаар битүү бүтээсэн байсан учир хэний хөшөө болох нь мэдэгдсэнгүй. МАН шинэ барилгынхаа баруун жигүүрийн таваас есөн давхарт ажлаа явуулах бол бусад бүх өрөө, талбайг түрээслэх ажээ. Одоогийн байдлаар “Оргил” худалдааны төвийн салбар сүпермаркет тус байрны хөлөмжийн 1000 м/кв талбайд үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна. Нийслэлд одоогоор долоон салбартай “Оргил” төв буюу “СЭЭКЛ” ХХК-ийн эзэн нь Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Ганбаатар гэдэг хүн ажилладаг. МАН-ын Бага хурлын гишүүн энэ хүн намын байрандаа шинэ салбараа нээж байгаа аж. “Оргил”-ын салбар “Тусгаар тогтнолын ордон”-д 12 дугаар сарын сүүлээр нээгдэнэ гэнэ. Тус худалдааны төвийн ажилчид “Зах зээлийн судалгаан дээр үндэслэн намын байранд салбараа нээхээр болсон. Ингэснээр хэрэглэгчдэд илүү ойр, хүртээмжтэй үйлчилж чадна. Хотын төвд ажилтай хүмүүс ажлаа таруутаа хүнсээ аваад харьж болно. Түүнээс биш МАН-тай  ямар нэгэн холбоо байхгүй” гэж ярьж байна. Намын шинэ байранд хүнсний дэлгүүр ажиллуулах болсоноо МАН-ын ажилтнууд “Барилга барихад зарцуулсан хөрөнгөө түрээсийн мөнгөөр нөхөх зорилготой” гэж тайлбарласан юм. МАН шатсан байшингаа босгоход төрөөс 11 тэрбум төгрөгийн нөхөн олговор авч, үлдсэн санхүүжилтийг намын гишүүд, дэмжигчдийн хандиваар бүрдүүлэхээ зарлаж байсан. Тус ордон хэдий хэр хөрөнгөөр боссон талаар “Өндөр буянт” компанийн инженер Мираамаас асуусан юм.

– Энэ барилга хэдий хэр хэмжээний хөрөнгөөр босч байгаа вэ?

- Мэдэхгүй. Би барих ажлаа л мэднэ. Энэ талаар ашиглалтын инженер Баттулга  мэднэ.

– Тэгвэл танай компани барилгын ажлыг гүйцэтгэснийхээ хөлсөнд хэдийг  авсан бэ?

- Ер нь барилга барихад нийтдээ 14.6 тэрбум төгрөг орсон.

Мираам инженертэй уулзсаны дараа МАН дээр очиж шинэ байрны ашиглалтын  инженер Баттулгатай уулзсан юм.

– “Тусгаар тогтнолын ордон” энэ сарын 26-нд албан ёсоор нээлтээ хийх  үү?

- Хийх байх. Энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй. Нээлт хэзээ болох талаар  У.Хүрэлсүх дарга л ярих байх.

– Ордонд МАН-аас гадна түрээсийн байгууллагууд үйл ажиллагаагаа  явуулах уу?

- Янз бүрийн газрууд үйл ажиллагаагаа явуулна. Ямар ч байсан эхлээд ашиглалтанд оруулаадахъя.

- Түрээсийн төлбөр м/кв нь хэд вэ?

- Энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй.

24tssag


URL:

Сэтгэгдэл бичих