Өртөг (Өгүүллэг)
Нарийхан хатавчнаас өөр гэгээ нэвтрэх нүх сүвгүй дарханы газар ганцаар өдөр, шөнөгүй гал, ус харшуулан дарх үйлдэх Кожа Али яг л ангаа гэтэн алдалгүй барьдаг арсланг санагдуулна. Өндөр нуруу, хүнд гар, бүдүүн шуу, өргөн мөртэй эр. Арван жилийн турш энэ харанхуй нүхэнд түүхий төмөр давтсаны хүчинд түүний дархалсан бууны гол төмөр болон сэлэм нь Анадолу, түүгээр ч тогтохгүй Рүмийн бүх хилээр хэдийнэ алдартай болжээ. Тэр байтугай Истанбул дахь явган цэргүүд өөртөө зориулж авах илд сэлэм тэргүүтэн дээр дархан Алигийн тамгыг хайцгаана. Дархан хүн бурхан ухаантай. Урт сэлэм байтугай жижигхэн тонгорог нь хүртэл хоёр дахин үнэ хүрдэг. Түүнд бурханаас энэ эрдмийг харамгүй заяажээ. Дэргэдээ туслах авахгүй, хэнтэй ч яриа хөөрөө дэлгээд байхгүй, дарханы газраасаа барагтай бол цухуйхгүй агаад зогсолтгүй махран зүтгэнэ. Ганц бие. Хол, ойрын хамаатан гэж үгүй. Энэ хотынхны хэн нь ч түүнийг хэн болох, хаанаас ирснийг нь үл мэднэ.
Гал, уснаас өөр хэл мэдэхгүй мэт бөгөөд ингэж хүч хөдөлмөрөө шингээн байж дархалсан зүйлээ үнэ хүргэж зарах гэхгүй худалдан авагсад хэдийг л өгнө, түүнийг нь авна. Самуун цаг ирвэл л галаа унтрааж орхиод дарханы газраа цоожлон алга болно. Тайван цаг тогтсоны дараа гарч ирнэ. Хотод түүний тухай олон яриа амнаас ам дамжих бөгөөд нэг нь тамын тогооноос үхэлгүй зугтааж ирсэн юм гэх бол өөр нэг нь хайртай бүсгүй нь бие барснаас хойш хорвоогоос уйдаж ингэж амьдрах болсон гэлцэнэ. Цоргих мэт эрэмгий хар нүд, барагтай бол дуугараад байхгүй зантай ч хааяа нэг жинтэй үг хэлэх нь түүнийг энгийн хэн нэгэн биш гэдгийг батлах мэт. Гэхдээ хэн болох, хаанаас ирсэн, аль нутаг усных гэдгийг нь мэддэг хүн нэгээхэн ч үгүй. Ард олон түүнийг хүндэтгэдэг байв. Хотод ингэж олонд танигдан, нэр хүндлэл хүлээсэн дархан байх нь бүгдийн хувьд баяр бахдал байв.
- Манай Али…
- Манай агуу дархан…
- Энэ хорвоод түүнээс өөр мундаг дархан лав үгүй…
- Зүлфиквр -ын ид шид тэрэнд лав бий гэх мэтээр шуугилдана…
Манай Али хамгийн зузаан бат бөх төмрийг хонины нэхий мэт нимгэлж, хурганы унгас мэт зөөллөх ухааныг хэнээр ч заалгаагүй ажээ. Өөрөө, өөрөө мэдсэн хэрэг. Арванхоёр настай байхад нь сайн эр явсан эцэг нь хорвоогоос хальж, мань хүн өнчин хоцорсон бөгөөд авга ах нь баян авч хорголоо тоолсон хүн байв. Хүүг өөр дээрээ авч сургуульд сургахыг ятгасан аж. Магадгүй, дээдсийн газар өсгөж, ирээдүйд нөлөө бүхий ажилд оруулж дөнгөх байсан биз. Гэтэл Али бусдын тус дэмийн хүчинд бор ходоодоо тэжээх хүсэлгүй, ялангуяа хүн царайчилж амьдрахгүй гэж нэгэнт шийдсэн байлаа. Тэр орой авгынхаа гэрээс өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй дутааж одов. Бадарчин мэт уул тал, говь цөл хийгээд алийг нь мэдэхгүй газар орноор олон жил тэнүүчилсний эцэст Эрзурум дахь дархан өвгөнд туслахаар оров. Гуч хүртлээ Анадолуд яваагүй газар, үзээгүй зүйл нэгээхэн ч үлдээгүй бөгөөд тэрбээр хэний ч өмнө толгой бөхийж, өвдөг сөхөрч явсангүй. Хоногийн хоолоо өөрийн хөлс хүчээр залгуулдаг байв. Ариун хүч хөдөлмөрийнхөө үр дүнд олж авсан бүх зүйлээ хэдэн халтар төгрөг олохын тулд бус харин дархан хүний нарийн ур ухаанд улам гүн шимтэн төгс суралцахыг хичээж иржээ. Өдөр, шөнөгүй дарх үйлдэх нь түүний хийдэг цор ганц зүйл байлаа. Цэрэг дайнаас эргэж ирсэн морьт болон явган цэргүүдийн амнаас хөдөлмөрийнхөө үр дүнг нааштайгаар сонсох бүртээ туйлын их аз жаргалаар бялхана. Үхтлээ ингээд олигтойхон шиг зүтгэвэл дахиад хэдэн зуун цэргүүдэд мохошгүй илд сэлэм, хуяг дуулга хийнэ дээ. Ийн бодох бүртээ дотроо инээмсэглэж, улаан зүрх нь хүчтэй лүг лүг цохилох адил хүнд алхаараа ган төмрийн дээр оч үсчүүлэн махрана.
Өнөөдөр ч мөн өглөөний мөргөлийн дараагаас зогсолтгүй арвандөрвөн цаг ажиллажээ. Өдөржин нүдсэн галт бууны гол төмрийг дөшний хажуу дахь устай торхонд хийж орхив. Зуухны унтарч буй улалзах дөл рүү нэг харангаа татуургаа тавиад хөлсөө арчин зогсоно. Хаалга руу эргэв. Зэргэлдээх сүмд мөргөл унших нь тодхон. Нар орохын өмнөх бичин цагийн мөргөл дөхсөн учир хүмүүс угаал үйлдэцгээнэ. Али зөвхөн гараа угааж, нимгэн цамцныхаа ханцуйг доош буулгаад гадагш гарахдаа хаалгаа сайтар хаав. Түгжих хэрэг огт гарахгүй. Өргөн гудамжаар сүмийн зүг алхлаа. Хотын захад орших энэ жирийн сүм гуйлгачид, ядуус байнга цуглардаг газар болжээ. Сүмийн өндөр цамхаг гудам руу харсан жижигхэн ганц цонхтой бөгөөд түүгээр тод нарийн хоолойтой хэн нэгэн толгойгоо цухуйлгаад мөргөл уншина.
Али сүм рүү оруутаа л урьд урдныхаасаа илүү их хүнтэй байгааг анзаарав. Дандаа гурван дэнлүү асаадаг байтал энэ орой Рамадан-ы үе шиг бүгд бадамлажээ. Мөргөл хараахан эхлээгүй тул хаалганы хажуу дахь булан руу жигдэв. Дэргэдэх хүмүүсийн явган яриаг сонсохыг хүсэхгүй ч аргагүйн эрхэнд чих тавин зогсохдоо Коняагаас хоёр даяанч ирсэн бөгөөд тэд өнөө оройн мөргөлийн дараачаар үдшийн мөргөлийн цаг хүртэл ном хаялцах гэж буйг мэдэв.
Мөргөлийн дараа хүмүүсийн ихэнх нь сүмээс гарч одлоо. Кожа Али суусан газраасаа огт хөдөлсөнгүй. Өглөөнөөс хойш толгой нь өвдсөн бөгөөд ном хаялцахыг үзээд дотор уужирна хэмээн бодож суулаа. Тэгээд үдшийн мөргөлийн дараа сүмээс гараад шууд гэр рүүгээ явсангүй. Алхав. Нойр нь хулжжээ. Тэнгэрт одод гялалзсан зуны шөнө аж. Сүүн зам тэнгэрийн баруун хаяанаас зүүн хаяа хүртэл сунайн цайрч үзэгдэх нь нэн үзэсгэлэнтэй. Алхсаар хотоос ферм хүрдэг замын дундах модон гүүрэнд хүрэв. Тунгалаг өдөр усан доторх чулуу тод харагддаг шиг толио дээр нь одод буучихсан, гол шаагин шуугин урсана. Хөвөө дагуух өтгөн уд модод дунд алтан гургалдай дуулалдана. Даянч нарын ном хаялцахыг үзээд ухаанаа алдан сууснаа эргэцүүлэн зогстол гэнэт ард нь дуу хадав.
- Тэнд хэн байна? гэж хашгирах сонсдов.
Сайхан зүүднээс нь сэрээчих мэт боллоо. Эргэж харвал гүүрний нөгөө талаас хоёр бараан зүйл бүртэлзэн наашилна. Юу гэхээ мэдэлгүй хэсэг балмагдсанаа,
- Би л байна гэв.
- Хэн бэ?
- Али.
Нөгөөдүүл наашилсаар тулж ирүүтээ түүнийг өмсгөлөөр нь таницгаав.
- Аан, манай Али байх шив дээ.
- Чи байсан хэрэг үү, дархан Али?
- Тийм ээ.
- Энэ харанхуй шөнө энд юу хийж зогсоо юм бэ?
- Юу ч хийгээгүй.
- Юу юу ч хийгээгүй гэж? Эсвэл голд дархны багажаа унагаачихаа юу?
Хотын харуул цэргүүд ажээ. Сэлгүүцэж яваа хэрэг. Юу гэхээ ч мэдэхгүй гайхширч зогсов. Оройн хамаг амгалан тайван байдлыг сүйд хийж байгаа энэ тэнүүлч харуулууд түүний нүдэнд хулгай дээрэм хийгчдээс ч хүйтэн үзэгдэнэ. Өөрсдөөс нь өөр хүнтэй дайралдах юм бол үйл тамыг нь үздэг дамшигууд. Гэхдээ түүнд ямар нэг юм хэлсэнгүй. Тэдний ахлагч нь:
- Али, чи арай солио тусаагүй биз? гэв.
- Үгүй.
- Ингэж шөнө дундын алдад байтугай үдшийн мөргөлийн дараа ч хотын захаар сэлгүүцэхийг захирагч зөвшөөрөөгүй гэдгийг мэдэх үү?
- Мэднэ.
- Тэгээд энд юу хийж яваа юм бэ?
- Юу ч хийгээгүй.
- Юу юу ч хийгээгүй гэж…
Кожа Али дахин дуугарсангүй. Харуулууд түүнийг хорхойд хоргүй амьтан гэдгийг мэдэх тул занчиж, зандрах ч гэсэнгүй. Зөвхөн,
- Алив, даруй гэртээ харь гэцгээв.
Ирсэн замаараа буцаж явахдаа Кожа Али түрүүн бодож байсан зүйлээ эргэцүүлэн явлаа. Алтан гургалдай жиргэх нь яруу агаад тэртээх фермийн ноход хөв хөв хуцах нь сонсдоно. Гудамжинд хэнтэй ч таарсангүй. Дарханы газартаа хүрэв. Яндан дээр нь үүрлэсэн өрөвтас унтаагүй бөгөөд өөр хүн бол сүнс сүүдэр хэмээн айж, цочмоор амьтан харагдана. Хаалга ангайжээ. Гарахдаа сайтар хааснаа санаад:
- Энэ салхи уу… хэмээв.
Хаалгаа дотроос нь түгжээд, харуулуудаас болоод нэг л тайван биш болсноо мэдрэв. Хотод амьдрах нь нэгэн бодлын шорон мэт. Нөгөө талаас, хөдөө бөглүү нэг тосгонд бол ингэтлээ олонд танигдана гэж байхгүй. Энэ тэр мэт элдвийг эргэцүүлж байснаа гэнэт туйлын их ядарснаа ойлгов. Бамбараа асаах гэснээ болиод зуухны зүүнтээх шатаар өгсөж, баавгайн арьсаар бүтээсэн орон дээрээ лугхийв.
Гэнэт сэртэл хаалга балбах нь сонсогдлоо. Нойрмогоор,
- Хэн бэ? гэж асуув.
- Түргэн нээ.
Хэдийнэ өглөө болжээ. Хаалганы завсраар нарны хурц туяа тусна. Урьд нь хэзээ ч ингэж үд болсон хойно сэрж байсангүй, харин ч нарнаас урьтаж босдог байлаа. Хэсэг чимээгүй хэвтсэнээ орноосоо огол харайн гутлаа ч өмсөлгүй хөл нүцгэн явсаар хаалгаа түргэхэн нээв. Хурц наранд нүд нь гялбахад аяар дасгаж харахуйд түүнийг өтгөн живэр сахалтай харуулын ахмад угтав. Ард нь торгон цэргүүд жагсчээ.
Харуулын ахмад:
- Али, дархны газрыг чинь нэгжихээр ирлээ. Али гайхаж:
- Юуны учир?
- Өнгөрсөн шөнө Будак ноёны гэрт нь хулгай орсон.
- Тэгээд… Тэр надад ямар хамаа байна аа?
- Ийм болохоор дархны газрыг чинь нэгжиж байна.
- Тэр хулгайч надад ямар хамаатай хэрэг вэ?
- Хулгайчид буруу гараар оруулсан хургаа гүүрний дор төхөөрсөн байна. Тэгээд хурганы арьсыг зүсэж, мөнгийг хүүдийлэхдээ тэнд нэгийг орхиод явж.
- Тэгээд энэ надад ямар хамаатай вэ?
- Тэр хүүдийтэй мөнгөнүүдийн нэг танай үүднээс өнөө өглөө олдсон… Дараа нь… Тэр хаалганы доодхыг хар. Цус дусласан байна.
Кожа Али гайхшран шал руу харвал үнэхээр савирсан цус байхыг үзэв. Түүнийг тэрхүү цусны толбо руу тун гайхшрангүй харж зогсоход харуулын ахмад:
- Мөн өнгөрсөн шөнө цаг орой болсон үед чамайг гүүрэн дээр харсан гэнэ. Тэнд юу хийж явсан хэрэг вэ?
Кожа Али юу гэхээ мэдэхгүй мэгдчин түүн рүү харж зогсов.
- Нэгжицгээ.
Цэргүүд дотогш орцгоов. Дөшний дэргэдүүр өнгөрч явсан нэгэн цэрэг,
- За, энэ харцгаа гэв.
Кожа Али нүд нь орой дээрээ гарч, торгон цэрэг рүү харав. Шинэхэн хуулсан хурганы арьс гартаа барьжээ. Мэл гайхав. Тэрхүү хурганы арьсыг дэлгэхэд нойтноороо байх аж. Цэргүүд түүн рүү хулгайч гэсэн нүдээр ширтэн зогсоцгоож байв. Харуулын дарга зандрангуй:
- Хулгайлсан мөнгөө хаана нуусан бэ?
- Би мөнгө хулгайлаагүй.
- Битгий булзааруулах гээд бай. Харав уу? Хурганы арьс дархны газраас чинь гарч байна. Эсвэл хэн үүнийг ийш авчирсан байх нь уу?
- Мэдэхгүй.
Кожа Али угаас өөрийгөө өмгөөлөх гэдэггүй хүн. Хотын шүүхийн өмнө ч гэсэн шөнө дунд гүүрэн дээр юу хийж явсан тухайгаа ганц үг гав хийсэнгүй. Цэргүүдийн олсон баримтууд түүнийг хэрэгтэн болгоход хангалттай байлаа. Будак ноёны таван зуун хонио зарж олсон мөнгө тэр шөнөө хулгайд алдагджээ. Хоёр хулгайч малчныг хөдлөхгүй болтол нь хүлж улмаар хэвтэрт ортол нь зодоод, бүр түүгээр ч тогтохгүй явахдаа нэг гарыг нь хугалжээ. Дараа өдөр нь шүүхэд тэр малчин хулгайч нарын нэг нь Кожа Алитай төстэй хүн байсныг өчжээ. Цаг орой болтол дархны газар нь эзэнгүй байсан, хурганы арьс гэрээс нь олдсон, мөн хүүдийтэй мөнгөнүүдийн нэг үүднээс нь олдсон зэрэг баримтууд түүнийг энэ хэргийг үйлдсэн гэдгийг хангалттай батлах болов. Яаж ч тангараглаад энэ бүхний хариуд юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Дээр нь хаанаас ирсэн, хэн болох нь ч тодорхойгүй байдаг.
Шүүх зүүн гарыг нь тасдах шийдвэрийг гаргажээ. Кожа Али үүнийг сонсоод амьдралдаа анх удаа толгой гудайлгаж, уруулаа хэмлэн хазлаж байлаа. Ийм шийдвэрийн дараа толгой бөхийлгөхөөс өөр сонголт түүнд байсангүй. Гэнэт тэр заргачид хандан тод дуугаар:
- Гарыг минь орхи. Түүний оронд толгойг минь ав.
Энэ түүний амьдрал дахь анхны гуйлт байв.
- Үгүй дээ, хүү минь. Чи хүн хөнөөсөнгүй. Хэрэв чи малчныг үгүй хийсэн бол толгой чинь өнхөрөх байлаа. Ял гэмийнхээ дагуу байх ёстой. Чи зөвхөн хулгай хийсэн. Гарыг чинь тасдахад л хангалттай гэв.
Кожа Алигийн гар толгойноос нь илүү үнэтэй. Ган төмрөөр гайхамшигтай бат бөх илдийг түүний хоёр гар урлана. Хил дагуух зөрчил тэмцлийн үеэр бөх хуяг дуулгыг нэвт хатгаж, төмөр сэлмийг нугалах өд шиг хөнгөн атлаа туйлын бөх илдийг түүний хоёр гар л урлаж чаддаг. Түүнийг шүүх ордоны доорх шоронд хорив. Ял гүйцэлдүүлэх өдрийг тэнд хүлээхдээ чив чимээгүй үхсэн мэт байх нь хэдийнэ сүнс нь нөгөө ерөнцөд оччихсон, энд гагцхүү үхмэл хүүр нь л орших мэт ажгуу. Гараа аварч үлдэх хөрөнгө түүнд байсангүй. Өнөөдрийг хүртэл ингэж их зүтгэхдээ мөнгөний төлөө яваагүй билээ.
Хямд өртгөөр сэлэм хийж өгдөг байсных нь төлөө морин цэргүүд түүнд туслахаар шийдэцгээн хотын хамгийн чинээлэг эр болох Хажы Мэхмэтийнд очив. Энэ эр идэж барахгүй хөрөнгөтэй ч хорголоо тоолсон хүн. Аль эртнээс л хотын худалдааны захад жижигхэн мухлаг ажилуулж ирсэн нэгэн. Ихэмсэг, дээгүүр зангаар хямсаганаж, нүдээ хялмалзуулан нэгийг бодож, нөгөөг тунгаан, өөртөө ашиг хонжоо хайсан мэт толгой дохихдоо,
- Та нар гуйж байгаа учир би түүний гарын төлөөсийг төлнө. Гэхдээ нэг болзол бий.
- Юу хүсэх билээ?
- Очоод өөрт нь хэл. Үхтэлээ миний туслах болж, надад үнэ төлбөргүй ажиллахаа зөвшөөрөх хэрэгтэй.
- Даруй түүнд очиж хэлье.
Морьт цэргүүд шүүхийн ордоны зүг одов. Хажы Мэхмэтийн өгүүлснийг түүнд уламжлахад тэрбээр бичиг цаас, данс тооцоо мэдэхгүй хэмээн үл зөвшөөрөв. Морьт цэргүүд:
- Алив ээ! Жижигхэн мухлагийг харж цөхөөд байх юу байх вэ дээ. Чи үүнээс хүндийг үүрч өнөөг хүрсэн биш билүү? Алигийн хувьд хэн нэгэнд насаараа төлж барахгүй өрөнд орно гэдэг нь туйлын их доромжлол мэт байлаа. Өмнө нь сайд авга ахынхаа хэлснийг тоолгүй гэрээс нь дутааж одоод хүч чадалдаа эрдэн явж, эрийн сайндаа өдий зэрэгт хүрсэн. Тэгтэл одоо унгасанд орооцолдсон шалз мэт болоод хүний боол болох гэж үү? Морьт цэргүүд дахин түүнд:
- Хажи Мэхмэт нэгэнт нас өндөр гарч. Дахиад хэд наславал л гэж. Түүнийг өнхрөөд өгөхөд чи ахиад эрх чөлөөтэй үлдэх бус уу? Харин тэр үед бидэндээ ахиад сайн илд, бамбай хийж өгнө биз. Алив ээ, бодоод байх юу байхав. Түргэхэн зөвшөөрч орхи гэцгээнэ.
Хажи Мэхмэт түүнийг гаргасан өдрөө л мухлагтаа дагуулж ирэв. Энэ эр туйлын нягт нямбай, хянуур няхуур нэгэн аж. Байнга л үүрэг даалгавардана. Гар чангаасаа болж өдийг хүртэл нэг ч туслах аваагүй. Кожа Алиг зарцаа болгонгуутаа мухлагийнхаа нэг буланг зайчлан хэвтэх газар гаргаад ноорхой дэвсгэр өгчээ. Али тийш нүүж очсоны дараагаас л түүнд ноход барьдаг мод адил авирлаж эхлэв. Бүх зүйлийг түүгээр хийлгэнэ. Бүхий л зүйлийг. Өглөөний мөргөлөөс таван цагийн өмнө босгож, хотоос хоёр цагийн зайд орших фермээс тэр өдөр зарах хонийг туулгаж авчруулаад гаргуулж, эвдүүлээд түүгээр заруулна. Яг оройн мөргөлийн цаг хүртэл илжиг адил зарцална. Харин хөөрхий Алид зөвхөн эрдэнэшиштэй зутан өгдөг байв. Заримдаа өөрийн хоолны үлдэгдлээсээ өгнө. Түлэх түлээ, уух усаа хүртэл зөөлгөхийн зэрэгцээ бүр гэрийнхээ бохирыг хүртэл цэвэрлүүлдэг байлаа.
Кожа Али зөвхөн эрдэнэшишийн зутангаар хооллоод, түүнд нохой мэт үнэнч зүтгэж чадахаар нэгэн. Гэвч Хажи Мэхмэт туйлын яншаа хүн тул:
- Хөөе, муу Али. Наад хоёр сарвууг чинь би бүтэн байлгасан байх шүү. Тэгээгүй бол мухар үлдэх байсан бий вий гэж хэлэх тоолонд түүний тэвчээр алдардаг байв. Өдөр, шөнөгүй илжиг мэт зүтгэж, эзнийхээ өмнө хонины морь мэт номхон байх авч …
- Миний хүчинд хоёр гартайгаа сажилж яваа шүү.
…
- Тэгээгүй бол өдийд тахир дутуу зовж үхэх байсан гэж мэдээрэй.
…
- Миний ачаар хоёр гартайгаа үлдсэн биз дээ?
Хажи Мэхмэт энэ мэтчилэн улиг болтол үглэж, дуулна. Түмэн үүрэг даалгавраа тушааж дууссаныхаа дараагаар буурал сахлаа дээш имэрч, хатингар царайгаа барайлгаад, онигор нүднийхээ увайгүй харцаар ширтэхдээ “Сайн санаж яв. Чи миний боол болсон гэдгээ” хэмээн хэлж байгаа юм шиг санагдана. Кожа Али дотроо багтарсан уур хилэнгээ барьж ядна. Шөнө огт унтаж чадахгүй агаад өдөржин чөдрийн морь мэт шогшихдоо, ферм рүү явж ирэх тоолондоо, тууж авчирсан хонио төхөөрч байхдаа, махаа зарж зогсохдоо хүртэл “Одоо яах билээ? Юу хийж чадах вэ?” гэсэн бодолд дарагдах авч нэгэнт юу ч хийж чадахгүй болохоо ухаарна. Өдгөөг хүртэл амь зуухдаа хэнд ч ингэж морь, мал мэт зүтгэж байсангүй. Мөрөөрөө амьдарч явахад энэ саад тотгор сайны хажуугаар саар гэгчээр хаанаас гараад ирдэг хэрэг вэ?
Оргон зугтах талаар огт бодсонгүй. Ингэвэл жинхэнээсээ хулгай хийсэн болох мэт. Энэ өөдгүй амьтны даалгасан болгоныг түвэггүй хийж чадах ч хэлсэн бүхнийг нь тэвчинэ гэдэг ёстой л алганы хонхор хазахтай адил аж.
Хажи Мэхмэтийн зарц болоод яг долоо хонож байв. Баасан гариг. Мөн л нар мандахаас өмнө ферм рүү явж хонь тууж ирээд төхөөрч, эвдээд тавиур дээр дэлгэн, хаа, гуя, хавиргыг нь дээрээс гогцоолдож өлгөжээ. Вандан сандалны хажуу дахь тосон том хар билүүнд хутгаа билүүдэхдээ “Одоо юу хийдэг хэрэг вэ? Яах ёстой вэ?” хэмээн үглэж байв. Эзэн нь хараахан ирээгүй ажээ. Хутгануудыг билүүдэж дуусгаад том чинжаалуудыг ирлэж эхлэв.
Цаашид юу болох, яах тухай гүн бодолд дарагдан байхдаа түүний ирсэнийг ч анзаарсангүй. Гэнэт бархирах дуунаар золтой л зүрх нь хаагдчихсангүй.
- Юу хийгээд хоосон гиюүрээд байгаа юм бэ?
Эргэв. Хажи Мэхмэт явган сандал дээр суучихсан, таягаараа түүн рүү чичилж харагдав.
- Хутга ирлэж байна гэв.
- Хөөе, унхиагүй амьтан минь… Өглөөнөөс хойш юу хийв?
Огт дуугарсангүй. Өдөр, шөнөгүй морь, мал мэт зүтгэж буйг нь харсаар байж унхиагүй, залхуу хойргоор нь дуудах тэр увайгүй амьтныг Кожа Али хилэнт харцаараа төөнөн ширтэв. Зүрх нь түргэн түргэн цохилж, уур нь хүрч, царай нь хувьсхийгээд хөмсөг зангидан зогсож байлаа. Кожа Али гэнэт сэхээрч, долоо хоног яаж үүнийг тэвчиж чадсанаа гайхшрав. Хажи Мэхмэт зарцынхаа эрээ цээргүй омголон харцнаас аврагдсан мэт таягаа түүн рүү чулуудаж орхиод дуугаа өндөрсгөн:
- Наад сарвууны чинь үнийг намайг төлсөн гэдгийг мартчихсан юм шив дээ. Би чамд гар сунгаагүй бол өдийд чи тахир дутуу сажлах байсан гэдгээ эрхгүй мэдэх байлтай…
Кожа Али юм хэлэлгүйгээр түүн рүү эргэж, хүйтнээр инээмсэглэв. Гэнэт царай нь хүйт даан, билүүдсэн чинжаал хутгануудаасаа хамгийн томыг нь шүүрч аваад гараа шамлан тавиур дээр тавив. Чижаалаа дээш далайн хамаг хүчээрээ буулгахад гар нь тас үсэрчээ. Газар гулдайн хэвтэх гараа шүүрч аваад нүүр буруулан, итгэж ядан зогсох Хажи Мэхмэт рүү:
- Май, наад төлөөсийг нь төлсөн юмаа авч үз хэмээн өөдөөс нь чулуудчихав. Улмаар цамцаа авч гараа сайтар боогоод мухлагаас гарчээ.
Түүнийг гэв гэнэт энэ хотод хүрээд ирсэн шиг, одоо хааш одсоныг нь хотынхноос хэн гуай нь ч мэдэж чадаагүй билээ.
Өмөр Сэефэттин
Эх сурвалж www.wikimon.mn
URL: