Бүртгэлийн хураамж нэрээр боловсролын салбараас мөнгө унагадаг уу

8085c3ba73bd301boriginalБоловсролын салбарыг мөнгө олох хамгийн сайн арга гэж харсаар бид 20 оныг үдэв. Өнгөрсөн хугацаанд өөрийн байр, хичээллэх танхимгүй хувийн сургуулиуд ч цөөнгүй байв. 20 гаруйхан оюутантай 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан хувийн хэвшлийн дээд сургууль ч байсан гэвэл та итгэхгүй л дээ. Үнэндээ манай боловсролын салбарын нөхцөл байдал ийм л байв. Харин саяхнаас төрийн бодлогоор хувийн их, дээд сургуулийг цэгцлэх шийдвэр гарч, өөрийн байр, савгүй атлаа төлбөр авч оюутан элсүүлдэг шударга бус аргыг таслан зогсоосон гэдэг.

Мэдээж сайн хэрэг. Гэвч энэ бол ердөө л цаг үеийн шаардлага юм. Харин энэ цаг үеэс хойш буюу төрөөс бага хэмжээгээр ч болов хяналт твьж эхэлснээс хойш хувийн болон төрийн өмчийн оролцоотой их, дунд сургуулиудын “мөнгө угаах” арга улам нарийн хэлбэрт шилжжээ. Тухайлбал, бага ангийн хүүхдүүдийн дунд улсын дүүрэг, бүсийн хэмжээний уралдаанд шалгалт зарлаж хүүхэд тус бүрээс 15-20 мянган төгрөгийн хураамж авдаг атлаа шагналт байр эзэлсэн хүүхдүүдэд медаль, өргөмжлөл өгчихдөг байна. Зөвхөн энэ байдлыг санаачлагчид их хэмжээний мөнгө унагадаг нь ойлгомжтой. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан их, дээд болон ерөнхий боловсролын зарим сургууль “Бүртгэлийн хураамж” нэрээр бизнес хийдэг болов. Тодруулбал, төрийн өмчийн томоохон их, дээд сургуулиуд хүүхэд бүрээс 3000-5000 төгрөг авдаг ч тvvнийгээ юунд зарцуулахаа хэзээ ч тайлагнаж байгаагүй нь уг бизнесийн онцлог. Хүмүүнлэгийн ухааны их сургууль 4000, МУИС 3000, “Шихихутаг” хууль зүйн сурууль 5000 төгрөг гэх мэтээр бүртгэлийн хураамжийн ханш үргэлжилдэг байж. Нэг хүний халааснаас цөөхөн хэдэн төгрөг гарч байгаа гэж санаа амарч болох ч сургуулийн дансанд нэгдэхээрээ хэдэн мянга дахин өсөх нь гарцаагүй. Хамгийн багадаа МУИС, ШУТИС зэрэг сургуульд дунджаар 3000 хүүхэд бүртгүүлдэг гэж үзвэл зөвхөн бүртгэлийн хураамжаас 15 сая төгрөг сул ордог байх нь. Мэдээж тодорхой хувийг бүртгэгчийн цалин, өдрийн хоолонд зарцуулдаг байх. Гэвч гуравхан өдрийн дотор 15 сая төгрөг “идэж” амжмааргүй дээ…

Харин салбарын сайдын захирамж гарч сүүлийн жилүүдэд бүртгэлийн хураамж авахаа больсон гэх боловч зарим эх сурвалжийн хэлж буйгаар энэ байдал хэвээрээ байгаа аж. Тэгвэл МУБИС-ийн оюутан дөрвөн жил оюутны вэб ашиглахын тулд 19200 төгрөг төлдөг байна. Энэ бол манай улсын боловсролын салбарын бизнесийн ердөө эхлэл нь. Цаашдаа төрийн өмчийн оролцоотой болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд элсэхийг хүссэн хүүхэд бүр бүртгэлийн хураамж төлдөг болов. Тодруулбал, өнгөрсөн баасан гараг хүртэл бүртгэл нь үргэлжилсэн “Шинэ эрин” дунд сургууль гэхэд нэг хүүхдээс 25 мянган төгрөг авч бүртгэв. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар 600 гаруй хүүхэд бүртгүүлсэн аж. Гэвч тэднээс шалгалт авч, ердөө 80 гаруй сурагч л тэнцүүлэх босго оноотой гэнэ. Хэрэв энэ тоогоор бодож үзвэл тус сургууль зөвхөн бүртгэлийн хурамжаас 150 сая төгрөг олдог болж таарах нь. Мөн Орос сургууль нэг хүүхдээс 20 мянган төгрөг авч бүртгэдэг бол, “Шинэ монгол” бүрэн бус дунд сургууль нэгдүгээр ангид элсэх шалтгалтад орох хүүхэд тус бүрээс 33 мянган төгрөгийн бүртгэлийн хураамж авчээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар 200 орчим хүүхэд бүртгүүлснээс 62 сурагч сонгож авсан байна. Үлдсэн хүүхдүүд нь орчин цагийн хэллэгээр хохь болох нь. Ингэхээр тус сургууль бүртгэлийн хураамжаас 6.6 сая төгрөг олсон хэрэг. Үүнийгээ тус сургууль “Шалгалтын үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, боловсон хүчний зардалд зарцуулна” гэж тусгажээ. Энэ жил 40 орчим мянган сурагч шинээр оюутан болно. Тэд нэр хүндтэй, сайн сургуульд суралцахыг хүсч буй. Мөн 30 гаруй мянган хүүхэд шинээр ерөнхий боловсролын сургуульд суралцана. Мөн тэдний эцэг, эхүүд чанартай, орчин сайтай сургуульд хүүхдээ элсүүлэхийг хичээх нь мэдээж. Өөрөөр хэлбэл, энэ салбарт хангалттай эрэлт бий болсон гэсэн үг.

Харин энэ эрэлтийг далимдуулж манай улсын нэр хүндтэй гэгддэг их, дээд, дунд сургуулиуд “Бүртгэлийн хураамж” нэрээр сурагчдаас мөнгө босгож байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Угтаа сургууль тус бүр босго оноотой. Мөн яамнаас тогтоосон оюутан элсүүлэх журамтай. Гэтэл их, дээд сургуулиуд зориуд босго оноогоо доогуур тавьж, олон мянган оюутан бүртгүүлэх боломж олгодог болжээ.

Албан ёсны судалгаанаас үзвэл нэг хүүхэд дунджаар дөрвөн сургуульд бүртгүүлдэг байна. Харин манай дээд сургуулиудын бүртгэлийн хураамж 4-10 мянган төгрөг байгаа. Нэг сурагч долоон мянган төгрөгөөр таван сургуульд бүртгүүллээ гэж бодоход 35 мянган төгрөг болж байна. Энэ судалгаанд суурилан бодвол 40 мянган хүний 40 мянган төгрөг нийлээд 1.6 тэрбум зөвхөн бүртгэлийн хураамжаас орж ирэх боломжтой гэсэн үг. Уг нь бүхий л зүйл цахим хэлбэрт шилжсэн энэ үед бүртгэлийг цахимаар явуулж болох л учиртай. Гэвч тэдний бизнес зогсох учраас сургуулиуд бүртгэлийн шинэ хэлбэрийг илэрхийлдэггүй бололтой юм.

Д.БУЛГАН

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих