Биеэ, гэрээ ч зассан хүнийг л төрд ойртуулдаг байя
МАН-ын 65-ын бүлгийн үед гишүүдтэй холбоотой янз бүрийн юм сонсож байна даа. Бүр УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт нэр холбогдохыг хүртэл сонсдог л юм байна. Дахиад ч нэг гишүүн ийн асуудалд орооцолдсон талаар жиг жуг гэлцээд байгаа. Удахгүй нэр нь тодорхой болох юм байлгүй дээ. Ер нь өмнө нь ч гэсэн УИХ-ын гишүүд мөрийтэй тоглосон, хэрэг төвөгт холбогдсон, цаашлаад охид хүүхнүүдийг татаж чангаасан хэрэгт үе үе холбогддог л байсан.
Гишүүний халдашгүй эрх энэ тэр гээд л тэгсгээд өнгөрдөг. Хохирсон хүмүүс нь хэдэн төгрөг аваад салдаг ч байсан байх. Харин энэ удаад бол УИХ-ын хамгийн залуу гишүүн гэх тодотголтой Д.Гантулгын холбогдсон хэрэг өндрөө авчихлаа. Түүнийг хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон. Хохирогч эмэгтэйн эгч өнөөдрийг хүртэл асуудлыг өөрийнхөө хэмжээнд, нотлох баримттайгаар дэлгэж, олон нийтэд харуулсаар байгаа. Мөн намынх нь нэр хүндийг унагасан хэмээн МАН-ын зарим гишүүд түүнийг нэр төртэйгээр шалгуулахыг ч шаардсан.
Ямар ч байсан түүний хэргийг шалгахаар болсон. Тэр ч битгий хэл УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх эмэгтэйн өргөдөл, гомдлыг анх хүлээн авч шалгасан Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч цацагдаад байгаа.
Энэ бүхнээс харахад, Д.Гантулга гишүүний хийсэн хэрэг бараг нэг талдаа гарчихаж байгаа юм биш үү. Одоо асуудал эцэслэн шийдэгдэхийг л хүлээх үлдэж байна. Ер нь бол мань хүн өөрийнхөө орооцолдсон асуудлыг яая даа гэж байж бас Засгийн газрыг унагахаар гарын үсэг цуглуулсан хэдтэй нийлчихсэн тууж явсан. Дотуур өмдөө хаана тайлахаа ч мэдэхгүй, хаана хамаагүй айлд хонож яваа хүн Засгийн газрыг унагах эсэхийг шийдэлцэх гэж байгаа нь харамсалтай биш үү. Угтаа бол одоо УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаад, мань хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд л хэргийг эцэслэн шалгаад, мөрдөн байцаагаад, буруутай эсэхийг нь нарийн шалгачихна.
Тэгээд ч Д.Гантулга буруутдаг ч байлаа, эсвэл зөвдсөн байсан ч гэсэн эцсийн эцэст Монголын төрийг самарчихлаа. УИХ-ын гишүүн юу дуртайгаа хийдэг төрд ийм л хүмүүс шургалдаг болж гэж ард түмэн бодож эхэлсэн. Юун төрийн сүлд өршөө гэж цай сүүнийхээ дээжийг өргөх. Төрийн ордонд “Би бандаашаа өмсөөд гарсан” гэж дотуур хувцасны хэрүүл хийж байгаа нөхдүүдийг үзэн ядаж, нийт гишүүдийг түүгээр төсөөлөх дээрээ тулчихлаа. Төрийн нэр хүнд унаж байсныг үгүйсгэхгүй. Одоо бол бүр шороотой хутгалдаад эхэллээ. Тэр хутгах ажлыг нь биеэ ч засч чадаагүй “шинэков”-ууд л хийж байна. Эхнэр хүүхэдтэй хүн байж хүүхэн дагуулж саун хэсээд л. Дараа нь өнөөх хүүхэнтэйгээ айлд очиж хоноод.
Тэгээд болоогүй бас гэрийн эзнийг нь хүчиндсэн хэрэг холбогдоод ч байх шиг. Чуулган тасалсан тоогоороо тэргүүлнэ. Хуралд суугаагүй шалтгаанаа тэнд байгаад хэрэггүй мэтээр тайлбарлана. Эмэгтэй сэтгүүлчтэй утсаар ярихдаа “Хүүхэд хийгээд өгье” энэ тэр гэж ангалзана. Тэр бичлэгээ эвлүүлэг гэж гүрийдэггүй л юм бол шүү дээ. МАН өнгөрсөн сонгуулиар 65 суудал авсны 40 гаруй нь шинэ гишүүн гээд байгаа. Яах вэ, шинэ гишүүд дунд мэдлэгтэй, чадвартай, өмнө нь төрийн байгууллагад ажилласан туршлагатай, эдийн засаг, хуулийн өндөр мэдлэгтэй нь бий. Харин төрийн нэр хүндийг унагаж гүйцэж байгаа нь ч цөөнгүй. Өмнөговь аймгаас сонгогдсон Н.Амарзаяа гэдэг гишүүн бий. Монголчууд бүгдээрээ түүнийг сайн таньдаг болсон байх. Учир нь эрхэм гишүүн хурал дээр хээвнэг бохь зажилна. Төрийн дуулал явж байхад утсаар яриад ярвайж зогсох.
…Ер нь бол мань хүн өөрийнхөө орооцолдсон асуудлыг яая даа гэж байж бас Засгийн газрыг унагахаар гарын үсэг цуглуулсан хэдтэй нийлчихсэн тууж явсан. Дотуур өмдөө хаана тайлахаа ч мэдэхгүй, хаана хамаагүй айлд хонож яваа хүн Засгийн газрыг унагах эсэхийг шийдэлцэх гэж байгаа нь харамсалтай биш үү…
Сонгогчидтойгоо уулзахаараа зад загнана. “Та нар одоохондоо миний ажлыг дүгнэх болоогүй байна” ч гэж байх шиг. Бүр “Та нараас гуйж сонгогдоогүй” гэж ч аархаж байсан. Тэгээд сүүлдээ “Би олны анхааралд өртдөг гэдгээ одоо л мэдэрлээ” гэх маягийн зүйл яриад сууж байсан. Гэх мэтээр “шинэков”-уудын талаар бичээд, жишээ татаад байвал дуусахгүй их. Ер нь 30 гаруй насны, 40 хүрээгүй залуучууд төрд орж ирээд яаж ажиллаж байна вэ гэдгийг МАН-ын шинэковууд хангалттай харуулж байна. МАН-ын түүхэнд анх удаа Засгийн газраа намынхан нь өөрсдөө унагах гэж байгаа тохиолдол одоо л гарч байна. Гэтэл Ерөнхий сайдыг унагах бичигт гарын үсэг зураад явж байгаа гишүүдийн ихэнх нь шинэ суралцагсад байгаа юм.
Тэд өөрсдөө толгой мэдсэн үү гэвэл бас эргэлзээтэй. Бусдын үгээр л амаа залуулж, толгойгоо мэдүүлж яваа шүү дээ. Тиймээс УИХ-ын гишүүн, цаашлаад Ерөнхийлөгчид өрсөлдөх хүний нас, шалгуурыг ч нэммээр байгаа юм. Эрх баригч намынхны одоо хийх гээд байгаа гол ажлын нэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Тэр дунд шүүгчийн насыг нэмэх гэж байгаа юм билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын гишүүний насыг нэммээр байна. Залуучууд орж ирээд Төрийн ордонд бандааш яриад зогсч байна шүү гэдгийг хэлсэн. Яах аргагүй үнэн. Одоо бол 25 нас хүрсэн хүн УИХ-ын гишүүн болох боломжтой. Ердөө л нас заасан. Өөр шалгуур байхгүй. Өөр шалгуур тавина гэхээр хүний сонгох, сонгогдох эрхийг арай хэтэрхий зөрчсөн болох байх л даа. Гэхдээ ядаж УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхтэй насыг нь 35 болгочихмоор байна шүү дээ.
Гэтэл одоо гэрээ битгий хэл биеэ ч засч чадаагүй нөхдүүд саарал ордонд бандааш яриад, бохь зажлаад сууж байна. Манайх л хүний эрх энэ тэр гэж сүржигнээд байгаа болохоос биш хуучин цагаас суралцах зүйлс их бий. Ядаж л гэр бүл нь тогтвортой, нас намбатай, боловсролтой хүмүүсийг даргын албанд томилдог байсан биз дээ, хуучин цагт. УИХ-ын гишүүн болох хүнд ядаж тийм ч болов шалгуур тавибал яадаг юм. Ёс зүйн доголдол гаргахааргүй, УИХ-ын гишүүн гэдэг бол өндөр ёс зүйтэй, алхам тутамдаа төрийн нэр хүндийг өндөрт өргөж, ард түмнийхээ төлөө зүтгэх алба ёстой гэсэн шалгуур ч тавих л ёстой. Түүнээс биш хүн л юм чинь тэгэх ч ёстой, ингэх ч эрхтэй гээд төрийн ордонд согтуу яваад, түүнийгээ даралтны эм гэж тайлбарлаад. Хаана хамаагүй боорцог идээд л, цайгаа ч уух завгүй байсан юм гээд байх ч шаардлагагүй.
Тэгээд ч 30 гаруйхан настай эрэгтэй гишүүд УИХ-д суухаар охид хүүхний асуудал нь ч дуусахгүй юм. Тийм болохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол үүнийг жаахан анхаарч үзмээр байна. Тэгээд намууд нэр дэвшигчээ сонгохдоо “бор халзан хонь” биш жаахан мэдлэгтэй, туршлагатай, хариуцлагатай хүнийг сонгомоор юм. Тэгэхгүй бол намынхаа, цаашлаад төрийн нэр хүндийг шавартай хутгаад дуусах нь байна.
mminfo.mn
URL: