Боксын ДАШТ ба Монгол тамирчид
Өнөөдөр Герман улсын Хамбург хотноо эхэлж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлж дөрвөн тамирчин оролцоно. 49 кг-д ОУХМ Г. Ган-Эрдэнэ, 60 кг-д МУГТ Д. Отгондалай, 64 кг-д ОУХМ Б. Чинзориг, 69 кг-д ОУХМ Б. Түвшинбат нар авхаалж самбаа, хурд хүчээ сорих юм.
ОУХМ Г. Ган-Эрдэнэ эхний тойргоо өнжиж хоёрдугаар тойрогтоо Гондурасын тамирчин Байрон Молина, Туркийн Мухаммед Унлу нарын хэн ялсантай нь тулалдахаар оноолт таараад байгаа юм. МУГТ Д. Отгондалай өөрийн жиндээ гуравдугаарт эрэмбэлэгдсэн тул мөн л эхний шатыг гоц мөргөж байгаа юм. Хоёрдугаар тойрогтоо харин Израйлийн боскчин Павел Ишенко, БНХАУ-ын боксер Шань Жунь нарын ялсантай тулна. Тэгвэл 64 кг-д хүчээ үзэх ОУХМ Б. Чинзориг дээрх хоёрын адил эхний тойргийг өнжиж, хоёрдугаар тойрогт Науру улсын тамирчин Колан Калеб, Унгарын Ричард Ковач нарын ялсантай тулалдана. Мөн ОУХМ Б. Түвшинбат эхний тойрогт Польшийн боксчин Дамиан Кивиортой тулалдана.
Тулаан болох цагийн тухайд Б. Түвшинбат эхлээд тулалдана. Тэрээр 26-27-нд шилжих шөнө рингэнд гарах бол, үлдсэн тамирчид 27-28, 29-ий шөнө тулалдах хуваарьтай байгаа юм.
Б. Энх-Амгалан
URL: