ТӨРД МАРТАГДСАН тээврийн жолооч нар
Тавантолгойн ордоос нүүрс ачиж Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ руу гаргаж байгаа жолооч нарыг төр засаг мартаад удлаа. Сүүлдээ нүүрсний тээвэр байгаль орчин бохирдуулж, хил гаалиар хориотой зүйлс нэвтрүүлж байна гэх нэрийдлээр Цагаан хад гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргав.
Гэтэл тэнд ар гэрээ хоосон хонуулахгүй гэсэндээ амьдралын хором мөч бүртээ хүнд хэцүү бүхэнтэй шүд зуун тэмцэж байгаа арван мянган хүний ажил амьдрал “арчигдахад” хүрч байгаа аж. Тиймээс нүүрсний жолооч нар тэмцэл өрнүүлж сүүлийн өдрүүдэд байсхийгээд л хэвлэлийнхэнд хандах болсон.
Бид энэ удаа Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах эсэхийг зөв буруу гэхээсээ илүү тэнд амьдрал хэрхэн буцалж байгааг хүргэхээр сурвалжилгаа бэлдлээ.
Тавантолгойн ордоос нүүрс ачиж Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ руу гаргаж байгаа бүх машиныг нэг бүрчлэн шалгаж хил нэвтрүүлдэг болсноор нүүрсний машины цуваа 240 километрт хүрчээ.
Өнгөрсөн сарын 2-ноос эхлэн Монголын 12 штамб нээгдсэн. Гэхдээ Хятадын хил хэвийн үедээ өдөрт 1,500 машин нэвтрүүлдэг байсан бол одоо 500 машин л хилээр гарч байгаа юм. Яагаад ийм удаан нэвтрүүлж байгааг жолооч нар хэлэхдээ “Цэнэг гаргаснаас болж нэг, нэгэнгүй шалгаад байгаа гэсэн. Цэнэг гэдэг нь хөлдөөсөн чоно, буу, аккумлятор зэргийг машиндаа нууж хилээр гаргахыг хэлдэг.
Нэг чоно гарах нь гарсан гэсэн, тэрний маргаашаас хил маш муу нэвтрүүлж эхэлсэн” гэцгээсэн юм. Харин “Монгол тээвэр нэгтгэл” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Урд хөршид “Хятадын Ардын Чөлөөлөх Арми” байгуулагдсаны 90 жилийн ойн баяр нь наймдугаар сарын 1-нд болдог. Тэр баяртай холбогдуулан хилээ хаасан байх. Дараалал үүссэн нь маш олон шалтгаантай. Манай компани бүх төрлийн тээвэр хийдэг, 400 орчим нүүрс тээврийн машинтай, бүх ажилчид маань нийгмийн даатгал төлдөг” гэдгийг хэлэв.
ЭНЭ УРТ ЦУВААНД 7-10 ХОНОГИЙГ ЖОЛООЧ НАР ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА ВЭ?
Урт дугаарлалтын дундуур хүмүүс машинтай явж хоол зардаг. Тэр хоол нь 6,000-10,000 төгрөгийн үнэтэй. Төвлөрсөн тог цахилгаан байхгүй учир хийсэн хоол нь мууддаг. Үнэр орсон, эсвэл зарж чадаагүй хоносон хоолоо ч зарна. Түүнийг нь авч идсэн жолооч нарын ходоод, гэдэс нь өвдөнө. Нэгдсэн бие засах газаргүй, байгальдаа зохицуулж биеэ сулладаг тэдэнд энэ их том асуудал. Хил дээр нэг банк, нэг эмийн сантай.
Дараалал дунд хүний бие гэнэт муудлаа гэж бодоход анхны тусламж үзүүлэх эмнэлэг байхгүй. Цуваанд орсон л бол унтана гэсэн ойлголт байхгүй. Үүрээр хоёроос гурван цаг л нүдний хор тайлдаг гэв. Сөөм сөөмхөнөөр урагшлах говийн урт зам хорогдохыг хүлээн тамхиа баагиулах жолооч нарыг харахад хэний ч сэтгэл өвдөнө. Дайны хажуугаар дажин гэгчээр зарим жолооч нар архи ууж, хоорондоо муудалцан нэгийгээ гэмтээх нь ч бий.
Нүүрсээ ачаад нэг талдаа 249 километр замыг туулж, хил давах гэж 7-10 хоногийг зарцуулна.Тээвэрт явдаг жолооч нарын 80 хувь нь хятад эзний машин барьдаг ба ямар ч гэрээ хийдэггүй, харьяалагдах компанигүй, нийгмийн даатгал төлдөггүй хувиараа явдаг. Гэмтэж бэртэж, осол аваар гарлаа гэхэд хэн ч хариуцахгүй, харин ч машин техник эвдсэн өрөнд орно. Ингэж явсны нэг рейс нь 1,000-1,500 юанийн хөлс авна. Ажилдаа гарахаасаа өмнө талыг нь, явж ирээд үлдсэн хөлсөө авах, нэг мөсөн бөөнд нь авах эсэхээ эзэнтэйгээ тохирдог байна.
ЭНЭ ЗАМЫН НҮХ БОЛГОН ХҮНИЙ АМИНЫ ҮНЭТЭЙ
Урт цуваанд орсон жолооч нар дарааллаа алдахгүйн тулд нар салхи, бороо шороо, халуун хүйтнийг ажралгүй машины бүхээгтээ өдөр хоногийг өнгөрөөдөг. Яг одоо бодит байдал ямар байгаа талаар жолооч Н.Баасансүрэн “Монголын хилээр гарахад асуудалгүй болсон. Хятадад таван штамб байгаагаас нэг, хоёр нь л ажиллаж байна. Нэвтрүүлэх байдал муу байгаа учраас ес хонож байж нэг рейс хийж байна. Энд инженерээс бусад хүнд амралт, эрүүл мэнд, хоол унд гэх зүйл мартагдсан. Энд ирээд гэр рүүгээ харьтлаа машиндаа хононо. Зуны халуун өдөр машиндаа өнжинө гэдэг чанга шүү дээ.
Өндөр хэмтэй халсан өдөр хөгшин настай ах нар харвадаг. Миний мэдэхийн наадмын өмнө гурван өвгөн харвасан. Мань мэтийн бөөр, нуруу л бага зэрэг өвдөнө үү гэхээс бусад нь гайгүй. Сүүлийн үед оюутнууд их явах болсон. Олон залуу тахир дутуу болж байгаа. Олон аваар осол болдог ч болоогүй юм шиг л дарагддаг. Өвөл нэг хятад машинд дайруулаад дөрөв хоног хил хаасан. Тэр хооронд гурван монгол хүн осолдож амиа алдсан.
Осол аваар гарах бол энд хэвийн үзэгдэл. Шороон замаар дайрч орж ирж байгаад нэгнийхээ араас орно, машин унана, хоорондоо мөргөлдөнө. Том машин мөргөлдөхөд хоёр жолооч нь хоёулаа бурхан болно. Машин унахгүй өдөр гэж бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Энэ замын нүх болгон хүний амины үнэтэй. Өнгөрсөн өвөл нэгдүгээр сарын 1-нд цагдаагийн тасаг байгуулагдсан. Гэхдээ зохицуулж, өмөөрч хамгаалаад байгаа юм байхгүй. Бид нар хятадуудтай муудахгүйнхэн шиг л хил давахыг бодож явна даа” гэж ярьсан юм. 2005 оноос хойш энэ зам дээр 3,000 хүний амь эрсэдсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээ байна.
Наймдугаар сарын 8-9-нийг шилжих шөнийн гурван цагт Тавантолгойгоос Гашуун сухайт орох замд, дарааллын төгсгөлийн 115 километр орчимд “North Benz” маркийн том оврын хоёр ачааны машин хоорондоо мөргөлдсөн осол гарчээ. Тавантолгойгоос нүүрс тээвэрлэн явж байсан автомашины жолооч нь эсрэг урсгалд зогсож байсан ачааны машиныг мөргөснөөр машин нь шатаж, жолооч суудлынхаа дунд хавчуулагдан гарч чадалгүй шатаж нас баржээ.
Ослын талаар жолооч Д-гийн мэдээлснээр “Хилийн цаана нүүрсээ буулгаад буцаж явсан жолоочийн ачааны машин эвдэрснээс замаа чөлөөлж чадалгүй зогсолт хийсэн байсныг Тавантолгойгоос нүүрс зөөж явсан автомашины жолооч очиж мөргөсөн. Гүйцэж түрүүлэх юм уу, хурдтай явснаас үүдэн машинаа зогсоож чадаагүй бололтой. 100 орчим тоннын даацтай автомашиныг огцом тоормосолж зогсоох боломжгүй. Тийм учраас машинаа зогсоож дийлээгүй байх” гэсэн юм.
Харин эвдэрсэн автомашинд хүн байгаагүй бөгөөд талийгаач нь хятад эзэнтэй машин барьдаг, 30 гаруй настай залуу байжээ. Өдөрт энэ мэтчилэн осол тасрахгүй. Хятадын цагдаа нар ирдэг ч юу болсон нь тодорхойгүй байсаар өнгөрдөг гэнэ. Хүний амь нас ямар ч баталгаагүй, хүн байтугай мал амьтан ч тэсэхээргүй энэ газарт монгол залуус хэдэн төгрөгийн төлөө амь насаа алдсаар байна.
Тэнд машин барьдаг, жолоочийн эхнэр С.Мөнхжаргалтай ярилцахад “Би жирийн нэг жолоочийн эхнэр. Саяхан Гашуунсухайтын боомт дээр очиж үзлээ. Тэр хүнд нөхцөл байдалд жолооч нарын амь нас үнэгүй байна. Ажиллах орчин нөхцөлийг нь бүрэн хангахаа байг гэхэд хилийн дугаарлалтыг 100 километр давж байгаа нь арай дэндэнэ. Үүнийг зохицуулж өгөхийг гуйж байна.
Багадаа дөрвөөс тав хоног говийн халуун наранд ар гэрээ тэжээж, үр хүүхдээ хоолтой хонуулах гэж халахдаа халж, амь хайргүй зүтгэж байгаа жолооч нар олон байна. Зах зээлээ дагаад бүх зүйл нь үнэтэй. Жишээ нь, гүний худгийн усыг тэмээтэй хүн таван литрийг нь мянган төгрөгөөр зарж байна. Бодит байдлыг харсан хэний ч сэтгэл сэмэрнэ” гэсэн юм.
2016 онд 73 км цувааг дэлхийн хамгийн урт дараалал гэж Гиннест бүртгэж авсан бол манай нүүрс тээврийн машины цувааны урт Гиннесийн дээд амжилтыг эвдээд байгаа юм байна. Гашуунсухайтын боомтоор өнгөрсөн онд 13 сая тонн нүүрс тээвэрлэн экспортолсон. Харин энэ онд 24.2 сая тонн нүүрс экспортлох зорилгыг тавьжээ. Энэ их ажлыг нугалж буй жолооч нарын эрх ашгийг хамгаалах төр, албан тушаалтан алга. Олох ашиг, гаргах нүүрсээ тооцохоос хэн энэ их ажлыг яаж нугалж байгааг хариуцсан албан тушаалтнууд нь мэддэг ч болоосой.
Ийнхүү хэдэн төгрөгийн хойноос амь насаа эрсдэлд оруулж, хэдэн арваараа амиа алдаж байгаа залуустаа төр засаг анхаарал хандуулаасай. Монгол хүний амь нас үнэгүйдэж байгаа нь Монгол төрийн эмгэнэл юм.
Эх сурвалж:
URL: