Д.Бүтээлч: Дэлхийн бүх яруу найрагчийн мөн чанар ижил

37meq035kkh4q9heladsaaeg4j_bБ.ЭНХЖИН, Ч.ЗОТОЛ

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Д.Бүтээлчтэй ярилцлаа.

-Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал манай оронд болж өнгөрлөө. Хөдөө нутагт ажиллаж, амьдарч уран бүтээлээ туурвидаг ч их хуралд амжиж ирж оролцсон танд баяр хүргэе. Хурлын сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Хөдөөгөөр гэр хийж, шүлгийн дэвтрээр нөхөр хийж ирсэн намайг ойшоож урьсан, уншигчидтайгаа уулзуулан санаа бодлыг минь хуваалцсан танай сонины хамт олонд юуны өмнө талархаж байгаагаа хэлье. Эгэл хүмүүсийг олж харж, бодол санааг нь хуваалцана гэдэг сэтгүүлч та бүхний ажил, бас мэдрэмж байх.

Дэлхийн яруу найрагчдын их хурал эх оронд минь болсонд, түүнд оролцсондоо их баяртай байна. Хурлыг зохион байгуулсан МЗЭ, гүйцэтгэх захирал М.Саруулдалай, Бодлого, зохицуулалтын албаны дарга Н.Пүрэв, Монголын Соёл, Яруу найргийн Академи болон холбогдох бусад байгууллагуудад баярласнаа илэрхийлье. Дэлхийн найрагчдын их чуулган Монголын зохиолчдын их хурлын өмнө болсноороо онцлог. Монголын зохиолчдын байгууллага, түүний удирдлагууд олон зүйлийг хийж, бүтээж байгаагаа орон орны үзэг, сэтгэл нэгтнүүддээ харууллаа. Цаашид ч ихийг хийж, бүтээх итгэл дүүрэн байгаагаа бас ярилцлаа.

Зохиолч, яруу найрагчид гэдэг ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхан, саар муухайг дотроо тунгааж, тэр бүхнийг бясалгаж бусдад гэгээн болоод гэгээн бусаар, эмзэглэл талаас нь хүргэж байдаг байгалийн бүтээл. Энэ ч үүднээс дэлхийн яруу найрагчид энэ удаа “Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль” сэдвээр хуралдлаа. Хурлын сэдэв, зохион байгуулалт, хот, хөдөөд гаргасан маршрут гээд бүх зүйл өндөр түвшинд сайхан болсон. Олон орны найрагчдад Монгол орон яруу найраг шиг сайхан нутаг, монголчууд яруу найрагч ард түмэн гэдгийг мэдрүүлж чадсан байх гэж бодож байна. Харин нэг л зүйл сэтгэлд хүрсэнгүй.

-Тэр нь юу билээ?

-Хурлын хөтөч-орчуулагчдын ур чадвар тааруу байлаа, шударга хэлэхэд. Магадгүй хэл бүр дээр орчуулахад учир дутагдалтай байсан байж болох юм. Гэхдээ л олон орны найрагчдын хэлсэн, ярьсан бүхнийг нэг ч үг гээлгүй орчуулж хүмүүсийн сэтгэлд хүргэсэн бол гэж бодогдож байлаа. Энэ гэвч, зөвхөн миний л бодол шүү. Бас надад гайхсан зүйл ч бий. Тэр нь юу вэ гэвэл, Монголын утга зохиолын томчууд хуралдаа ирсэнгүй. Яагаад Дэлхийн яруу найрагчдын их хурал Монголд болж байхад ирээд суучихаж болсонгүй вэ гэж бодож байлаа.

-Олон орны найрагчид чуулахад тэндээс юу олж анзаарав?

-Зохиолч, найрагч хүмүүсийн мөн чанар нэг байдаг юм байна гэдгийг олж харлаа. Аливаа зүйлийг хэрхэн тусгаж авч, сэтгэлийнхээ гэрэл гэгээгээр сүлэн бусдад хэрхэн хүргэдэг юм бэ гэдгийн хариулт нэг юм. Монгол орон өөрөө яруу найргийн орон гэдгийг ирсэн бүх зочид, төлөөлөгчид дуу алдан биширч байсан. Бүгд харсан агшин, таарсан бүхнийхээ зургийг авч, нүд, сэтгэл, оюун санаандаа шингээхийг хичээж, тэр бяцхан зүйлд баярлан баясч байхыг харлаа. Говь нутагт хуй босох нь, зэргэлээ наадах нь тэдэнд сонин, сайхан зүйл, сонгодог агшин байлаа. Зохиолч, найрагчид ийм л соргог, гүн мэдрэмжийн хүмүүс байдаг даа.

-Дэлхийн яруу найрагчдын их хуралд зориулж гаргасан ном их таалагдлаа. Яруу найрагчдынхаа бүтээлийг орчуулж, олон орны найрагчдад хүргэсэн байна шүү дээ?

-Монгол яруу найргийг орчуулахад бэрх гэж ярьдаг. Бүх уран бүтээлчдийн хоёр бүтээлийг орчуулж, ном хэвлүүлсэн нь сайхан. Түүнд хоёр бүтээл минь орсон байгаа. Миний хувьд заалгаж сурсан номгүй, амьдралаас авсан ухаан, өөрт заяасан жаахан авьяасаа зүлгэн хөдөө ажиллаж, амьдрахын зэрэгцээ бичиж, туурвиж яваа жирийн нэгэн. Ганц, хоёр ном хэвлүүлсэн. Ном минь гараад дуусчихдаг ч хүмүүс намайг тэр бүр таньдаггүй. Өөрийгөө таниулах, сурталчлах боломж ч хомс юм даа. Уул уурхайн салбарт ажилладаг болохоор хөдөө голдуу явчихдаг. Бараг гэрийнхээ халуун ам бүлд ховорхон очих юм байна шүү дээ. Гэхдээ бүхнийг цаг хугацаа шийдэж, гаргаж ирэхээ гаргаж ирж, орхиж мартуулахаа ч мартуулдаг биз ээ. Ер нь хүний шагнал, шийтгэл хоёр хойноо явдаг байх гэж би боддог. Гэхдээ энгэрт зүүж буй одон нэг агшинд л урам өгөхөөс миний мөн чанар, хийж бүтээж буйн ноён оргил биш байх.

-Хааяахан болдог яруу найргийн наадамд нарийн мэдрэмж гэрэлтэй мөрүүд хэлчихээд алга болчихдог гэж таны тухай зохиолч, найрагч нөхөд чинь ярилцдаг. Уул уурхайн салбарт хүнд машин механизмын жолооч, тээврийн жолоочоор ажиллаж байсан санагдана. Одоо хаана ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиж байна?

-Дорноговь аймаг дахь МАК-ийн цементийн үйлдвэрт ажиллаж байгаа. Хөдөө байгаа болохоор тэр болгон найргийн наадам, найрагчдын хурал, чуулганд оролцох боломжгүй юм. Энэ дашрамд, намайг хуралдаа очмоор байна гэхэд чөлөө олгож, оролцуулсан Монголын Алт корпораци, одоо хамтарч ажиллаж буй Хөх цавын, 25-ын, Элдэвийн уурхайн нийт хамт олон, уурхайн удирдлагууддаа талархаж байгаагаа танай сониноор дамжуулан хэлье. Яруу найрагчийг тэр бүр ойлгох, үнэн зөвөөр хэлэх нь ховор шүү дээ. Зарим нь “Солиотой хүн” гэж бодно, “Хэнээтэй нөхөр” гэх нь ч таарна. Зохиолч, найрагч хүн баяр, гунигийн алинд ч мөнгөн ус шиг хаашаа л бол хаашаа хэлбэлзэж байдаг сонин ертөнц. Иймд намайг ойлгож, дэмждэг хамт олондоо баярлалаа гэж дахин давтан хэлэх байна даа.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Уншигчиддаа, яруу найраг сонирхогч олон түмэндээ зориулж нэг шүлэг дуудах уу?

-Тэгье л дээ. Намар болж байгаа болохоор “Намар” гэж шүлэг хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих