“ХАЛААСНЫ ӨРӨӨ”-ГӨӨР ХӨЛЖӨГCДӨД ХЯНАЛТ ТАВИАЧ
“Халаас”-ны өрөө гэх энэхүү нэршил жил бүрийн намар хот суурин газар бараадан их, дээд сургуульд дээд боловсрол эзэмших гэсэн оюутан залуусын эрэлт, хэрэгцээнээс үүдэлтэй гэж хэлж болно. Хөдөө орон нутгаас ирсэн зарим оюутнууд хотод ах дүү, хамаатан садангүй аль эсвэл сургуулийнхаа дотуур байранд орж чадаагүйн улмаас гадаа хонох нь шахуу явсан цаг саяхан.
Тиймээс ч сүйхээтэй нэг нь хоёр давхар хүн хоноход тохиромжтой олон жижиг өрөөтэй байшин бариад түүнийгээ оюутан залууст хөлслөх болов. Зарим нэг нь хажуу өрөөгөө мөн л оюутан залууст хөлслүүлдэг жишиг аль хэдийнэ тогтсон.
Харин энэ жишиг сүүлийн үед буруу тийш эргэж байна. Зарим нь хэт мөнгөнд улайрч хүн амьдрахад хэцүүхэн өрөөг сарын 100-350 мянган төгрөгөөр хөлслүүлдгийг хүн бүр мэдэх биз. Чийгтэй, будаг нь халзарсан, хүйтэн, ариун цэврийн өрөө болон худаг нь гадна талдаа байрладаг гээд тоочоод байвал олон зүйл бий.
Зарим нийтийн байрны эзэд тог, хогны мөнгийг хүртэл тусад нь бодож авдаг. Их хотод зам дагуу байрлал сайтай нийтийн байр олж авна гэдэг тун хэцүү. Оллоо гэхэд оюутан хүнд арай л ахадсан тэнгэрт хадсан үнэтэй. Учир нь энэ бүх ачаалал эцэг, эхийн нуруун дээр хүндхэн буух нь бий. Энэ бүхнээс оюутнууд яагаад заавал өндөр үнэтэй нийтийн байр, хажуу өрөө хөлслөх болов гэдэг асуудал гарч ирнэ.
Магадгүй үүнийг хүн бүр хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Нөгөө л оюутны дотуур байр хүрэлцдэггүй гэх асуудал урган гарч ирнэ. Жил бүр олон мянган элсэлт авдаг томоохон сургуулийн оюутнууд ч “Халаасны өрөө” хөлслөгчдийн эгнээнд нэгдсэн байх нь энгийн үзэгдэл болжээ. Их, дээд сургуулиуд нийт элсэгчдийнхээ 70-80 хувийг дотуур байраар хангах нь дэлхийн жишиг гэлтэй.
Гэвч нэг сая 500 гаруй мянган хүн амтай мега хот гэгддэг Улаанбаатарын их, дээд сургуулиуд уг асуудлыг шийдэлгүйгээгээр дэлхий битгий хэл Азидаа шилдэгт багтана даа үлгэрийн далай. Үнэнийг хэлэхэд их, дээд сургуулиуд жил бүр дотуур байрандаа засвар хийнэ үү гэхээс нэмж, шинээр барих нь тун ховор. Шинэ дотуур байр барьж болдоггүй юм уу гэхэд “Улсаас орж ирсэн төсөв хүрэлцэхгүй байна” гэх хэдхэн үгээр эцэг, эхчүүд, оюутнуудынхаа амыг хаачихна. Ийм л бугласан тогтолцоо Монгол Улсын их, дээд сургуулиудад үйлчилж байна.
Нөгөөтэйгүүр “Халаасны өрөө” гэмт хэргийн үүр уурхай болдог. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хоорондоо зодолдсон, нэгнээ хүнд болон хөнгөн байдлаар гэмтээсэн гэх мэтчилэн олон хэрэг мэр сэр гарч л байсан. Ийм нөхцөл байдал цаашид давтагдахгүй гэх нөхцөлгүй. Тиймээс их, дээд сургуулийнхаа дотуур байрыг нэмэгдүүлэх, нийтийн байр, хажуу өрөө хөлслөгчдөд хяналт тавих шаардлагатай.
Оюутан, сурагчдын хичээлийн шинэ жил хаяанд ирсэн энэ цаг ёстой л нийтийн байр, хажуу өрөө хөлслүүлэгчдийн мөнгө олдог үе. Улирал нь эхлэхээр өрөө олддоггүй учраас хашир оюутнууд наймдугаар сарын эхээр хөлслөх байраа олж, бэлтгэх нь бий. Үүнийг дагаад хэт их үнийн хөөрөгдөл гарна. Ядаж дотуур байр барьж чадахгүй юм гэхэд нийтийн байр, хажуу өрөө хөлслөгчдөд тавих хяналтаа чангатгамаар юм даа.
Хэн дуртай нь хүссэн үнээрээ тохь муутайхан байраа хөлслүүлж байна. Нэгэнт оюутнуудад тийм их хэмжээний мөнгө байхгүй ч тохи муутайхан өрөө хөлслөөд ядаж л өвлийн хэдэн сарыг өнөтэй давах сонголтыг хийж байна. Хэн ч гэсэн жилд 650 мянган төгрөг төлөөд дулаахан тохитой сургуулийнхаа дотуур байранд орохыг л хүснэ шүү дээ. Хүсэхэд хясна гэгчээр тэр дотуур байранд нь өрөө ч алга. Тиймээс ядаж нийтийн байр, хажуу өрөө хөлсөлж, бизнес хийдэг иргэддээ хяналт тавьмаар юм даа. Тэгэхгүй бол амандаа багтсан үнээ хэлээд эцэг, эхчүүдийг чардайлгах нь байна шүү.
Монголын мэдээ
Н.Батзаяа
URL: