Л.Гантөмөр: Одоо аль ч намаас лидер төрөхгүй
УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг “Ярилцах танхим”-ынхаа зочноор урилаа.
-Танай нам дотор даргаа “унагах” хөдөлгөөн өрнөөд байгаа бололтой. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Бодитой хөдөлгөөн байна гэж харахгүй байгаа. Ер нь бидний ажиллаж, амьдарч буй энэ цаг үе шуурга шиг л байна шүү дээ. Өөрөөр хэлбэл өчигдөр гаргасан төлөвлөгөө, уржигдар хийсэн хөтөлбөр өнөөдөртэй бараг нийцэхгүй болчихож. Тавантолгойн орд дээр жишээ авахад өнөөдөр тендер зарлачихаад маргааш хүчингүй болгож, аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн хувьцаа олгоно гэсэн бол одоо иргэдэд 20 хувийн хувьцаа олгох талаар ярьж байна. Энэ нь бидний амьдарч буй цаг үе асар хурдтай байгааг харуулж буй. Тиймээс ийм шуурга шиг орчинд Ардчилсан нам өөрөө хурдтай байж, цаг үетэйгээ нийцэхийг намын гишүүд сануулж байх шиг байна. Хүмүүсийн санаа бодол, улс төрийн намаас хүсэн хүлээдэг зүйл өдрөөс өдөрт өөрчлөгддөг. Тэгэхээр энэ өөрчлөлттэй хөл нийлүүлэх шаардлага бий. Ингэхийн тулд улс төрийн нам ажиллах ёстой гэж гишүүд хэлж байгаа болов уу.
-“Намын даргаа солих хэрэгтэй” гэх санал гарвал таны хувьд хэрхэн хүлээж авах вэ?
-Асуудал өөрөө үндэслэлтэй байх хэрэгтэй. Зүгээр солъё гээд л солих гэж байна уу. Эсвэл үнэхээр томъёолол нь зөв байна уу гэдэг нь хамгийн гол юм. Хэрэв намын даргатай холбоотой асуудал гарвал Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар намын Их хурлыг хуралдуулах асуудлыг ярих учиртай. Ингэхээр намын их хурлыг хуралдуулж амжих уу, хуралдуулснаар намын үйл ажиллагаа, явуулж буй зорилго зэргийг өөрчлөх шинэ түвшний бодлогыг гаргаж чадах уу гэдэг нь чухал. Манай намын хувьд нэг хэсэг лидерүүдийнхээ сүүдэрт явж байлаа. Харин одоо нам бүхэлдээ ард түмний өмнө гарах болсон. Нэг үгээр хэлбэл лидерүүдийнхээ сүүдрээс гарлаа. Тиймээс ийм улс төрийн нам залуу үетэйгээ хэрхэн хамт байх вэ гэдэг томъёоллыг одоо ярилцах хэрэгтэй. Хэрэв Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр энэ талаар яривал би мэдээж өөрчлөлт, шинэчлэлтийн талд байх болно. Харин хуучин шигээ хүн солихын төлөө явахын бол улс төрийн намын хувьд том алдаа болно. Сонгууль дөхөж байгаа ийм үед талцах, хоорондоо зодолдох, муудалцах, маргах нь яагаад ч сайн үр дүн авчрахгүй. Миний хувьд нийгмийг ямар өөрчлөлт рүү дагуулж болох вэ гэдэг асуудал нь анхаарлын төвд байх ёстой гэж үздэг. Түүнээс биш гишүүдийн дунд Н.Алтанхуягийг солино, солихгүй гэж талцах нь цөөхөн байгаа байх. Солих л байсан бол нэг жилийн өмнө солих боломж байсан.
-Тэгвэл таныхаар хүнээс нь хамаарахгүй байна гэсэн үг үү?
-Харин хүнээсээ хамаарах зүйл хэр их байгаа юм бол доо. Минийхээр нам өөрөө институцийн хувьд өөрчлөх, арай илүү уян хатан болгох шаардлага бий. Тухайлбал, намын Удирдах зөвлөл нь хуралддаггүй, намын аппарат нь ямар түвшинд ажиллаад байгаа нь санаа зовоож байна.
-Ардчилсан намын зарим гишүүн “Сонгууль дөхчихөөд байхад манай нам юу ч хийхгүй байна. Ийм байж болохгүй” гэсэн. Ер нь танай намын нэр хүнд ямар түвшинд байгаа бол?
-Манай нам улс төрийн намуудын дунд хамгийн өндөр рейтингтэй байгаа. Гэхдээ нийгмийн дийлэнх хүмүүс “Аль нэг намыг зөвшөөрөхгүй байна” гэдэг. Эдгээр хүмүүс яагаад намыг зөвшөөрөхгүй байна вэ, тэднийг яавал өөртөө татах вэ гэдэг нь хамгийн чухал юм. Намынхаа үйл ажиллагааг хурдтай болгох үүднээс манай Ардчилсан залуучуудын холбоо “Facebook” форум хийлээ. Энэ форум богино хугацааных байсан. Харин одоо урт хугацааны онлайн хэлэлцүүлэг хийх гэж байгаа. Интернэттэй ойрхон байгаа Монголын залуу үе, сэхээтнүүд ямар салбарт ямар өөрчлөлт, хувьсгал хийх хэрэгтэй гэж хүсээд байна вэ гэдгийг сонсох шаардлагатай. Харин миний хувьд боловсролын хувьсгалыг хүсэж байна.
-Энэ салбарт хувьсгал хийхийн тулд яах ёстой гэж?
-Боловсролын салбарыг эвдэж, өөрчлөх хэрэгтэй. Хувьсгал хийнэ гэдэг нь цоо шинэ нүдээр харна гэсэн үг. Хувь хүнийхээ үүднээс хэлбэл боловсролын салбарт үнэхээр хувьсгал хийж чадахгүй юм бол аль ч намын засгийг дэмжмээргүй байна. Надтай адил ингэж бодож байгаа олон хүн бий. Бас өөрөөр бодож буй хүмүүс ч байгаа. Хүмүүс янз бүрийн бодолтой байдаг. Тэдний бодлыг сонсох хамгийн зөв арга талбар бол онлайн хэлэлцүүлэг. Ийм байдлаар цаг үеэсээ арай түрүүлж буй хэсэгтэйгээ холбогдох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид Ардын нам болон бусад улс төрийн хүчнээс илүү байгаа нь сонгуулийн урьдчилсан прогноз болж чадах уу гэдэг нь сонин юм. Мөн зөвхөн Монгол бус дэлхий даяараа салхи шуурга шиг хурдацтай цаг үед амьдарч байна. Тиймээс бид хоцрохгүй байх хэрэгтэй гэж хүсээд байгаа юм. Миний хэлсэнчлэн цаг үеэсээ хоцрохгүй эсвэл арай түрүүлж алхвал манай нам ялна. Одоо байгаа рейтингээ цааш нь яаж өсгөх, сонгуульд хэрхэн оролцох нь тайлагдашгүй оньсого юм. Харин үүнийг тайлж чадах улс төрийн хүчин өнөөдөр хэрэгтэй байна. Тийм учраас намын гишүүд удирдлагаа “Намд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн бүтэц, зохион байгуулалт, уур амьсгалыг бий болгож чадахгүй байна” гэж шүүмжилж байгаа хэрэг.
-Гэхдээ нөгөө талаас танай намын дарга хүчирхэг байж чадахгүй байна гэж үзэж байгаа шүү дээ?
-Намын дарга нийгмийнхээ урд гарсан үед л хүчирхэг харагдана. Манай намын лидерүүд намынхаа туг болж, нам ард нь явж байсан үе бий. Харин одоо намынхаа өмнө алхах лидер алга байна. Өмнө нь Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Р.Гончигдорж, Б.Баабар, М.Энхсайхан, Э.Бат-Үүл гэх мэт лидерүүд байлаа. Ийнхүү хувьсгалын хүлээлтийн үед гарч ирсэн энэ хүмүүсийн энерциэр лидерүүд намаа авч явж байв. Харин одоо тэдэн шиг улс төрийн лидер төрөхгүй.
-Зөвхөн Ардчилсан намд уу?
-Аль ч намаас төрөхгүй. Ялангуяа эрх барьж буй намаас гарахад хэцүү. Миний харж, мэдэрч буй энэ цаг үед. Гэхдээ би худлаа мэдэрч байж болно. Юун түрүүнд хүн солихоос илүү намынхаа тавьж буй зорилго, систем, байгаа байдал, өнгө төрх зэргийг сонгуулиас өмнө заавал засах хэрэгтэй.
-УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй нь олны анхаарлыг татаж байгаа. Уг төсөлд “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн гүтгэсэн, худал мэдээлэл цацсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлж торгоно” гэх заалт орсон. Харин үүнд Ерөнхийлөгч хориг тавилаа. Таны хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Хэвлэл мэдээллийнхэн нэг зүйлээс болгоомжлоод байна. Тэд “Нэр дэвшигчийн захиалгатай мэдээлэл бэлтгэснийг хэвлэлийнхэн олон нийтэд хүргэснийхээ төлөө яагаад хариуцлага хүлээдэг юм бэ” гэж байгаа. Тэгвэл хэвлэлийнхэн торгуулиа хоёр нугалаад л захиалгатай нэвтрүүлэг, нийтлэлээ гаргаж болно шүү дээ. Би хэрэв танай сонины эрхлэгч байгаад аль нэг намаас “Энэ материалыг тавиад өгөөч” гэвэл “Болж байна. Гэхдээ энэ материал чинь хүн гүтгэсэн байвал би 10 сая төгрөгөөр торгуулна. Тиймээс 20 сая төгрөг өгвөл тавьж болно” гэнэ. Хүн гүтгэх үнэтэй байх ёстой. Би энэ талаас нь л асуудлыг харж байгаа. Түүнээс биш манай сэтгүүлчид зохиогоод хүн гүтгэнэ гэж бараг байхгүй. Мөн сэтгүүлчид мэдээллийг тал бүрээс нь гаргах хэрэгтэй. Ерөнхий сайд Тавантолгойгоор мэдээлэл хийлээ гэхэд нөгөө талынх нь байр суурийг авбал уншигчид өөрсдөө аль нь зөв болохыг мэдэх боломжтой юм.
-МАХН-ынхан УИХ-ын гишүүн З.Алтайгаар дамжуулж Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өөрсдийн саналаа хүргүүлсэн. Харин тэдний саналыг хэлэлцэж, шаардлагатай гэвэл оруулах боломж, цаг хугацаа бий юү?
-Байлгаж болно. Гэхдээ тэдний санал дотор Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж чадаагүй санал юу байгаа юм. Тэд системийн хувьд хүнд санал өгөх байдлаар хийе гэсэн байна лээ. Үүнийг УИХ дээр ярьж, холимог тогтолцоогоор явуулах шийдвэр гаргачихсан. Нэгэнт УИХ шийдвэр гаргасны дараа холимог тогтолцоог болиод тэдний саналаар явуулъя гэхгүй байх. Ямар ч байсан тавьсан саналууд нь УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэрээ ярилцсан санал байна билээ. Тэгэхээр үүнийг бараг хэлэлцэхгүй байх гэж бодож байна. З.Алтай гишүүн энэ асуудлыг УИХ хэлэлцсэнийг мэдэж байгаа байлгүй дээ. Харин огт хэлэлцээгүй, санал хураагаагүй асуудлыг ярьж буй бол хэлэлцэж амжих эсэхийг ярьж болох юм.
-Тэдний санал дотор сонгуулийг ажлын өдөр явуулах гэж байгаа нь хардлага үүсгэж байна гэсэн байна лээ. Ер нь яагаад заавал ажлын өдөр явуулах гээд байгаа юм бэ?
-Яагаад гэвэл цөөн олддог амралтын өдөр сонгууль өгөх хүмүүсийн ирц буурах тохиолдол байдаг. Тиймээс хариуцлагатайгаар сонгууль өгөх бололцоог нь хангах үүднээс ажлын өдөр хүмүүсийг амрааж байгаад сонгууль явуулах юм.
-Танай намын бүлгээс санал болгосон хүн амын тоог мандатын тоонд харьцуулах асуудлыг Ардын намынхан хүлээж аваагүй. Харин үүнийг танай намынхан цаашид хэрхэн шийдвэрлэх вэ?
-Ардын намынхан сонгуулийн өмнөх тойргийг жишиг болгож байгаа юм. Бидний зүгээс хүн амынх нь тооны ялгааг багасгая л гэсэн. Огт ялгаагүй болгоё гэж хэлээгүй шүү дээ. Хэрэв ингэвэл Ардын намынхан зөвшөөрөхгүй. Хамгийн их хүн амтай тойрог, бага хүн амтай тойрог хоёрын ялгаа нь 20 хувь байхаар тохиролцъё гэж буй шүү дээ. Үүнээс их ялгаатай болбол шударга бус байдал бий болно.
-Тойрогт өрсөлдөж ялагдсан нэр дэвшигч намынхаа жагсаалтаар УИХ-д сонгогдох бололцоотой байгаад хуулийн төслийн “но” байна гэж хардах хүмүүс бий. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Энд ямар ч “но” байхгүй. Намууд 76 нэр дэвшигчийнхээ жагсаалтыг гаргана. Жагсаалтын хэддүгээрт эрэмблэгдсэнээс үл хамааран улс төрийн нам тухайн тойрогт ялж болох нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Тэгэхээр нэр дэвшигч тойрогт ялагдлаа гэхэд намынхаа жагсаалтын хэддүгээрт байв гэдгээс шалтгаалан УИХ-д орох боломж нь хадгалагдаж үлдэнэ гэсэн үг.
-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ долоо хоногт батлагдах болов уу?
-Сонгуулийн үйл явцын талаар санал хурааж байгаа зүйл их бий. Эдгээр асуудлыг шахаж л байна. Одоогоор зөрчилдөөд байгаа юм алга.
-Хэрэв энэ чигээр нь баталбал Үндсэн хуулийн Цэцэд очоод “унана” хэмээж байгаа?
-“Унагах” сонирхолтой хүмүүс л ингэж яриад байгаа гэж бодож байна. Учир нь бүх аймаг, тойрог дээр суудлын тоо цөөрсөн. Үүнээс шалтгаалж өөрийнх нь тойрог багтахгүй байгаа хүмүүс гомдолтой байгаа байх. Энэ хүмүүс л Цэцэд хандах яриа гаргасан болов уу. Би ингэж л харж байна. Үндсэн хуулийн Цэц өөрөө хуулийг бүтэн тайлбарладаг, итгэл хүлээхээр байгууллага бас биш шүү дээ. Тиймээс уг хууль дээр муйхарлан, тойроггүй болсон хүмүүсийн эрх ашгийг хамгаалаад буруу шийдвэр гаргачих вий гэсэн болгоомжлол байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Энхцэцэг
URL: