Парист П.Орхон төрийнхөө далбааг мандуулж, дэлхийн аварга боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урьд шөнө буюу 2017 оны наймдугаар сарын 23-нд Парис хотноо чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн “Алдар” спорт хороо, “Аваргууд“ академийн тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхон дэлхийн аваргын төлөөх шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткач Остаркыг 6:3 ялж Дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо.
Тэрбээр энэ тэмцээний хагас шигшээд Колумбийн алдарт бөх, олимпийн хошой хүрэл медальт Жаклин Кастильог 13:0 гэсэн оноогоор цэвэр ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон П.Орхон Парисын дэвжээнд эхлээд Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0-ээр, дараа нь Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээ барилдаанд Нигерийн Блессинг Оборудудуг даралтаар цэвэр ялж эмэгтэйчүүдийн 63 кг-д Монголын эмэгтэй бөхчүүдийн амжилтын буухиаг үргэлжлүүлэн, дэлхийд данстай шилдэг тамирчин болсноо батлан харууллаа.
Ийнхүү эмэгтэй чөлөөт бөхийн хамгийн өрсөлдөөнтэй жинд Дэлхийн аварга хэмээх цолыг хүртсэн ОУХМ П.Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ий 56 дахь медалийн эзэн болсон бол манай эмэгтэй бөхчүүдийн 23 дахь, харин Дэлхийн аваргын долоо дахь алтан медалийн эзнээр тодорч, бөхөд хайртай монгол түмнээ баярлууллаа.
Түүний багш гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, Цэрэнбаатарын Цогтбаяр нарын уйгагүй хөдөлмөрийн үр дүн ийнхүү Дэлхийн дэвжээнд алтан медаль болж гялалзан мөнхөрч байна.
Дашрамд сонирхуулахад, П.Орхон 1993 оны 12 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Багын сэргэлэн, цовоо, аливаад дүйтэй, адтай тэрбээр тэшүүр, шатар гээд спортын олон төрлөөр хичээллэж байсан юм.
Д.Өлзий
URL: